Бразилийн Ерөнхийлөгч Лондонд зочлов

Хуучирсан мэдээ: 2012.07.26-нд нийтлэгдсэн

Бразилийн Ерөнхийлөгч Лондонд зочлов

Бразилын Ерөнхийлөгч Дилма Русеф өчигдөр буюу пүрэв гаригт Англи улсад айлчилсан байна. Тэрбээр  2016 оны олимпийг Бразилын хоёр дахь том хот  Рио-де-Жанейро зохион байгуулах болсонтой холбогдуулан зохион байгуулалт болоод  зарим зүйлийн талаар Английн Ерөнхий сайд  Дэвид Кэмеронтой санал солилцжээ. Дилма Русефыг Английн засгийн газрын ордонд айлчлах үеэр Ерөнхий сайд Камерон олимпийн талаархи ололт амжилтаасаа хуваалцан, хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Дэлхийн 120 улсын удирдагч нар нээлтэд нь оролцох Лондонгийн олимпод Бразилийн Ерөнхийлөгч Русеф ч бас уригджээ. Түүнчлэн Камерон гадаад худалдааны тал дээр Англи улс болон Латин Америкийн орнуудтай тэр дундаа дэлхийн зургаа дахь том зах зээл гэгдээд байгаа Бразилтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа энэ үеэр мэдэгдсэн байна. Английн Засгийн газрын ордонд болсон дээрх уулзалтын үеэр Камерон дэлхийн эдийн засгийн хямралтай байгаа энэ үед ч Бразил болон Европын холбооны худалдааны чөлөөт ардчилсан байдал улам батжина гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгджээ. Харин Русеф “Энэ цаг үе бол Англи улс болон манай улсын хамтын ажиллагаанд маш онцгой цаг үе. Учир нь манай улс ирэх 2016 оны олимпийг зохион байгуулахаар болсон. Энэ тал дээр харилцан туршлага солилцон, Англиас суралцах зүйл их байгаа” хэмээн мэдэгдсэн байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж