Туслах замаар хөдөлгөөнд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2012.07.26-нд нийтлэгдсэн

Туслах замаар хөдөлгөөнд оролцож байна

Нийслэл хотод зам засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан Байгалийн түүхийн музей, Усны гудамж, 100 айлын гүүр гэхчлэн зарим замын хөдөлгөөнийг хааж эхлээд байна. Мөн долдугаар сарын 20-ноос эхлэн Сансарын тунелийн зүүн уулзварын хөдөлгөөнийг есдүгээр сар хүртэлх хугацаатай хаагаад байгаа. Үүнтэй холбоотойгоор Замын цагдаагийн газраас авто замын чиглэлд дараах өөрчлөлтийг оруулжээ. Энэхүү маршрутыг ирэх есдүгээр сарын 1-н хүртэл мөрдөх юм байна. Тодруулбал, сансрын тунелиэр дайрч өнгөрдөг нийтийн тээвэр болон автомашинууд Сансарын аюулгүйн тойргоор чигээр тойрч, Доржийн гудамж, МУИС-ийн уулзвараар Бага тойруу руу урагшаа эргэж, Энхтайвны өргөн чөлөөгөөр, мөн 11-р хорооллын хойд уулзвараар урагшаа эргэж хөдөлгөөнд оролцож байгаа ажээ.

Нүхэн гарцын засварын ажил 7 хувьтай байна

Сансарын тунелийн зүүн талд барьж буй нүхэн гарцын ажлын явц ямар байгаа талаар Нийслэлийн авто замын газрын Хяналтын инженер Ч.Батсайханаас тодрууллаа.

-Нүхэн гарц барих ажил хэзээ дуусах вэ?

-Одоогоор нүхэн гарц барих ажил 7 хувьтай явж байна.Есдүгээр сарын 1 гэхэд эхний байдлаар ашиглалтад оруулах ёстой. Харин нүхэн гарцны дотоод засал, гаднах фасадны ажлыг аравдугаар сарын 31-нийг хүртэл хийж гүйцэтгэх юм. Нүхэн гарц нь дөрвөн тал руугаа гарах гарцтай, 6.3 метр өргөн хонгилтой байна.

-Нүхэн гарц барих ажилд хэдэн төгрөг зарцуулах вэ?

-Нийт нэг тэрбум 321 сая төгрөгөөр энэ замыг засч байгаа юм. Энэ ажлыг “Хотын зам” ХХК гүйцэтгэнэ.

-Цаашид хаана, хаана нүхэн гарц барих вэ?

-Төлөвлөсөн долоон гарцаас эхний ээлжинд Сансарын тунелийн ажлыг эхлүүлээд байгаа. Дараагийн ээлжинд хуучнаар “Ард” кино театрын өмнө болон Их дэлгүүрийн урд талд. Мөн X хороолол, Хайлаастын замд нүхэн гарц хийхээр төлөвлөсөн байгаа.

Сануулга:


“Зүүн дөрвөн замын уулзвараас Аюулгүйн тойрог хүрэх автомашинууд туслах замаар өгсч байна”

“Аюулгүйн тойргоос Сансрын тунель дээрхи байрууд руу орохыг хүсвэл “Хүрмэн” эмийн сангийн хажуу талын туслах замаар эргэж байна”



Д.ЖАРГАЛ.

Гэрэл зургийг О.МӨНХНАСАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж