Ж.Ассанжийн ээж Эквадорт очив

Хуучирсан мэдээ: 2012.07.30-нд нийтлэгдсэн

Ж.Ассанжийн ээж Эквадорт очив

Шуугиан таригч “Викиликс” сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийн ээж хүүгийнхээ улс төрийн орогнол хүссэн хүсэлтийн хариуг яаравчлуулахаар Эквадорын албаны хүмүүстэй уулзах гэнэ. Өнгөрсөн бямба гаригт Эквадорын нийслэл Кито хотод очсон Кристин Ассанжи “Эквадорын Ерөнхийлөгч болон албаны бусад хүмүүс хүүгийн маань хүсэлтэд нааштай хариу өгнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн тус улсын “El Ciudadano” сайтад мэдээлжээ. Жулиан Ассанжи өнгөрсөн зургадугаар сарын 19-нд Эквадороос улс төрийн орогнол хүссэнээс хойш Лондон дахь тус улсын Элчин сайдын яаманд орогнож байгаа билээ. Хүчингийн хэргээр байцаагдаж, гэрийн хорионд байсан Жулиан Ассанжи хэргийг нь Английн шүүхээс Шведийн талд шилжүүлэхийг эсэргүүцэж, давж заалдсан боловч шүүх хэрэгсээгүй юм. АНУ-ын төрийн нууц материалуудыг дэлгэн тавьсан Жулиан Ассанжи хүчингийн хэрэг үйлдээгүй, улс төрийн явуулгаар хилс хэрэгт буруутгаж байна гэдэг. Жулиан Ассанжи хэрэг Шведийн талд шилжвэл тэд түүнийг АНУ-ын гарт өгнө гэж үзэж байгаа юм. Кристин Ассанжи “Хэрэв хүүг маань АНУ-ын талд шилжүүлвэл тэнд түүнийг цаазаар авах ял эс бөгөөс  олон жил шоронд тамлуулах ял хүлээж байгаа” хэмээн ярьсан байна. АНУ-ын цэргийн тагнуулын ажилтан Брэдли Маннин Иранд нууц ажиллагаа явуулж байхдаа Төрийн департаментын нууцын зэрэглэлийн олон материалыг задруулсныхаа төлөө шоронд хоригдож байгаа аж. Хэрэв Брэдли Маннин буруутай нь тогтоогдвол түүнийг бүх насаар нь шоронд хорих ял хүлээж байгаа юм. Тэдгээр материалуудын дийлэнх нь Викиликс сайтад тавигдсан байдаг. Эквадорын Ерөнхийлөгч Рафаэль Корреа сарын өмнө “Жулиан Ассанжийн хүсэлтийн талаар бид хэлэлцэж байгаа. Бид шийдвэр гаргахдаа  олон улсын дарамт шахалтаас айхгүй” хэмээн телевизээр мэдэгдсэн юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж