Орон нутгийн иргэд 18 суваг үзэх боломжтой гэв

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Орон нутгийн иргэд 18 суваг үзэх боломжтой гэв


Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Үүл, Ч.Улаан, С.Бямбацогт нар өнөөдөр сэтгүүлчдэд хандан, хэвлэлийн хурал хийлээ. Тус хурлаар тавдугаар сарын 27-ноос эхэлж хөдөө орон нутагт оршин сууж байгаа 170 гаруй мянган малчин өрх айл болон 330 гаруй сумдын төвд амьдарч байгаа 80 мянга гаруй айл өрх одоо хэрэглэж байгаа телевизийн тавган антеннийг ашиглан телевиз үзэх боломжгүй болж байгаа талаар мэдээлэл хийлээ. 

Хөдөө орон нутгийн иргэд, малчид телевизийн дөрвөн сувгийн нэвтрүүлгийг үздэг байсан бол өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс эхлэн төлбөртэй үзэх болсон нь хөдөөгийн иргэдийн зүгээс бухимдал  дагуулаад байгаа тухай УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэвлэлийн бага хурлын эхэнд мэдээлэв. Иргэдийн ярьснаар одоо хэрэглэж байгаа тавган антенн хэрэглэгдэхгүй болж, 200 гаруй мянган төгрөгөөр шинэ антенн худалдаж авах шаардлага малчдад тулгараад байгаа аж. Иргэд энэ талаар мэдээлэл авах хүсэлтэй байгаагаа гишүүдийг орон нутагт ажиллаж явахад уламжилсны дагуу УИХ-ын гишүүн С.Бямбацогт  Ерөнхий сайдад хандан асуулга тавьжээ.

Гишүүдийн хэлснээр одоо 240 мянган төгрөгөөр шинэ  тавган антенн худалдан авч, хуучныг нь хэрэгцээнээс гаргах байдалд хүрээд байсан бол 24500 төгрөгөөр  дуран, таваг хоёрыг нь хамт сольсноор илүү бага өртгөөр олон суваг үзэх боломжтой болж байгаа ажээ. Телевизийг дэлхийн стандартад нийцүүлэх, тоон системд шилжүүлэх  ажлын нэг хэсэг тул гарцаагүй хийгдэх ёстой ажил  гэдгийг тэд онцолж байв. Одоогоор шинэ антеннаар орон нутагт цацагдах 10 телевизийн нэрс хараахан тодорхой болоогүй байгаа аж. Ямартай ч тус 10 телевиз нь зар сурталчилгааны хууль зөрчдөггүй, садар самуун сурталчилдаггүй, оюуны өмчийгн хууль зөрчдөггүй зэрэг тодорхой хэмжээны шалгуурт тэнцсэн байх ёстой гэж Харилцаа холбооны хорооны дарга Б.Болдбаатар хэлж байсан.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж