Хуучирсан мэдээ: 2012.08.03-нд нийтлэгдсэн

Спортын хурц талбарт бие биенээ ялан дийлэхээр улайран тэмцэж, ширүүн өрсөлдөгч байдаг тамирчид өрсөлдөөний талбараас буумагц бие биенээ хайрлан дэмжих найз нөхөд болдгийн тод жишээг бид өчигдөр харлаа. Тамирчин хүнээс гарах тэсвэр тэвчээр, эр зориг, хатуужил ямар байдгийг, тамирчин хүний хамгийн том дайсан гэмтэл бэртэл ямархан хүнд тусдагийг мэддэг, мэдэрдэг тул тэд биенээ ийн хайрладаг юм.

Дэлхийн отгон аварга, ОХУ-ын жүдоч Тагир Хайбулаев өчигдөр Лондонгийн татамид зодоглож, -100 кг-ын жинд олимпийн отгон аварга боллоо. Финалын барилдаанд монгол түмний хүү Н.Түвшинбаярыг далаар нь цэвэр тавьж, аваргалсан тэр олимпийн татамид бэртэлтэй байсан манай тамирчны сул талыг ашиглаж, мэх хийж байгаа нь харагдсан. Дөрвөн жил хүлээж, олимпийн наадамд биеэ бэлтгэсэн юм хойно арга ч үгүй биз. Хагас шигшээ барилдаанд БНСУ-ын жүдочтой барилдахдаа ялж яваад хөлийн бэртлээ сэдрээсэн олимпийн аварга маань шөрмөс нь тасарсан ч мэдээ алдуулагч тариулаад финалын барилдаанд зодоглосон. Монгол түмний итгэлийг тээж аваргын төлөө хүч үзсэн түүний энгэрт гялалзах мөнгөн медаль алтын дайтай гэдгийг бид мэднэ.

Барилдаан дуусч, медаль гардуулах болоход харин олимпийн отгон аварга Хайбулаев Н.Түвшинбаярыг маань түшиж, дэвжээ өөд гарахад нь тусалж байгааг хараад бахархах, бахдах сэтгэл төрөв. Хүн чанар гэдэг энэ. Спорт гэдэг ийм агуу, ийм ч учраас эв нэгдлийн бэлгэдэл болдог ажээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж