Төр барих гэж байгаа намуудын төрх

Хуучирсан мэдээ: 2012.08.03-нд нийтлэгдсэн

Төр барих гэж байгаа намуудын төрх

УИХ-ын сонгууль болоод сар илүү хугацаа өнгөрч, шинэхэн гишүүд тангараг өргөөд бүтэн сарын нүүр үзэхэд төр, засгийн ажил эмхэрсэнгүй. Нийслэлийн төв замын их түгжрэл дунд таг гацсан машин шиг мотороо унтраан нам зогссон шинэ парламент хэзээ түлхүүрээ эргүүлж араагаа залгахыг хүлээсээр дахин нэг долоо хоног өнгөрлөө. Энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаанаас бүтэн нэг сар нь ямар ч чадамжгүйгээр хийсэн одлоо гэсэн үг. Тэгэх зуур хугацаа нь өндөрлөж байгаа Засгийн газрын танхимын гишүүд танил талдаа баруун солгойгүй газар, лиценз хоёрыг “алчуур болгон” тарааж, төрийн албаны дунд, доод шатны хурган дарга нар хэн гэдэг сайдтай болох, өөрөө суудал дээрээ тэсч үлдэх эсэх, аваад завшчих өөр ямар юм сангийн хөрөнгөд үлдсэнийг тэмтрэх маягаар өдөр хоногийг үдэж байна.

Усан бороо нийслэлийн замын хуучин нөхөөсүүдийг мулт угааж, захын хороолын иргэдийн хөл залгуулдаг хэдэн автобус эд ангиараа салж унахад дөхлөө. Лангуун дээрх махны үнэ өдөр хоногоор дээш явж, ганц хоногийн хоолны үмх махны үнэ нэгэн түмэн төгрөгөөс дээш цоройв. Нийслэлийн ИТХ ажлаа хийе гэвч Засаг даргагүй, Засаг даргаа сонгоё гэхээр Ерөнхий сайдгүй, Засгийн газар хэзээ бүрдэх нь ор сураггүй ийм байдалтайгаар намрын сартай золголоо.

Чөдөртэй адуу шиг дороо эргэлдсэн УИХ-ыг бүрдүүлж, төр, засаг барихаар цуглараад байгаа АН, МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН, бие даагчид гэсэн таван субъект өнгөрсөн нэг сард ямархуу царай төрхтэй байсныг тоймлож хэлье. Дээр нь эмэгтэй гишүүд байгааг бас хэлэх хэрэгтэй.


1.МАН-ын 25 сул гишүүн

Одоогоор УИХ-ын 76 суудлын 71 нь эзнээ олоод буй. Өвөрхангайн тойрогт ялалт байгуулсан гэх Н.Төмөрхүү, С.Чинзориг нар Сонгуулийн хууль зөрчсөн асуудлаар шүүхээс хамааралтай болж, нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд нэг, нэг мандат дээр дахин санал хураалт болохыг хүлээж байна.

Тангаргаа өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлээд буй 71 гишүүний 25 нь МАН-ын данстай. УИХ-ын даргыг сонгосноос хойш 24 цагийн дотор парламентад бүлэг байгуулах тухай УИХ-ын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас өөрийн гэсэн бүтцийн байгууллагагүй сул гишүүд болчихсон. Өвөрхангайн хоёроо аваад нийслэлийн хоёр тойргийн дахин санал хураалтад даагаа нэхчихвэл АН-ын энд хүрэхэд хоёрхон суудал үлдэнэ гэсэн цээжний бан тэдэнд бий.

УИХ-ын даргыг сонгосноос хойш 24 цагийн дотор багтаан нам, эвслийн бүлэг байгуулах тухай энэ хуулийг эрхэм гишүүн, одоогоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын албыг хашиж байгаа Ц.Нямдорж УИХ-ыг даргалж байхад 2006 оны нэгдүгээр сарын 26-нд баталсан. Ц.Нямдорж сайдын мутрын үсэгтэй Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13 дугаар зүйлийн нэгд “УИХ-ын даргыг сонгосноос хойш 24 цагийн дотор УИХ-ын тухай хуулийн 26.1-д заасан суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг УИХ-ын даргад өргөн мэдүүлнэ” гэжээ.

УИХ-ын даргыг сонгосон өдөр намынхаа бага хурлыг хийгээд анхдугаар чуулганд суугаагүй МАН-ын гишүүд “Зөвшилцөх бичиг аваагүй” хэмээн айлгаж тунирхсаар бүлэггүй сул гишүүд болж хоцров. Цаашдаа тусдаа зөвлөл байгуулах уу, бие даагчдын зөвлөлд дагаар орох уу гэдгийг таашгүй байдал үүслээ. Парламентын гишүүд хэдий ч Тусгаар тогтнолын ордондоо “тусгаарлах” болсон МАН-ын гишүүд одоо бол “Төрийн ордноор сонин юутай. Эвсэл тарж олонхийн гишүүдийн тоо цөөрөх нь үү. Хэрэв тэгвэл АН-ын гишүүд манайхыг Засагт хамтаръя гэж урьдаггүй л байгаа даа” хэмээн сураг ажиг тавьж Шаргал ордны зүг чих тавьж суудаг ажилтай болсон.

2.АН буюу олон суудалтай хүчин

Энэ удаагийн УИХ-д АН 31 суудал авч энэ “анги” дотроо олон суудалтай нь болсон. Олон суудалтай гэдгээрээ бусдыгаа ахлах, төр, засгаа эмхлэх эрхтэй. Гэхдээ хуульд зааснаар 39 суудал авч байж жинхэнэ утгаараа олонх болох тул дутуу найман суудалдаа нээнтэглэгдэн эрх мэдэл хязгаарлагдсан. Дахин санал хураалтаар Сонгинохайрханаас нэг суудал нэмэгдэх болов уу. Бас Өвөрхангайд халаасны хоёр мандат юу болох бол гэсэн горьдлого тэдний цээжинд хадагдаад байгаа. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн 11, ИЗНН-ын хоёр гишүүнтэй хамтарч Засгийн газар байгуулахаар гэрээ, тунхагаа байгуулсан ч эвслийн дотоод дахь явдал, гишүүдийн ирцийн байдлаас болж чуулганы хуралдаанаа хийж амжихгүй л байна.

Уг нь энэ долоо хоногийн дундуур гацааг арилгах гарц нээсэн хуулийн төслийг хэлэлцэн баталж чадсан ч УИХ-ын замын бартаа саад арилсангүй. УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Өргөдөл, гомдлын байнгын хороог нэмж байгуулахаар болж, нэг гишүүн хоёроос илүүгүй байнгын хорооны гишүүнээр ажиллаж болох хуучин хуулийн заалтыг халж гурван байнгын хороонд ажиллахаар болгон баталсан юм. Түүнийгээ бариад явахад одоо байгаа ганц Төрийн байгуулалтын байнгын хороон дээрээ нэмж хэдэн байнгын хороо байгуулах боломж нээгдээд байсан ч сайн юманд садаа мундахгүй гэгчээр олонхийг бүрдүүлэгч нэг субъект болох МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн дарга Н.Энхбаярыг шүүх хурал болж арай хийж гацаагаа арилгаж ядаж байсан төрийн ажил дахиад л түгжрэлд оров. АН-аас А.Бакей гишүүн л Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгогдож албан тушаалын анхны шанг татаад байна.

3.ИЗНН-ын хоёр гишүүн

Анх байгуулагдсан 2000 оноос хойш  парламентад тасралтгүй ганц суудалтай явж ирсэн ИЗНН-ынхан энэ сонгуулиар жагсаалтаар хоёр гишүүнтэй болж, парламент дахь бүрэлдэхүүнээ 50 хувиар “нэмсэн”. Хамтарсан Засгийн газарт орж, түүний 75 хувийг АН-тай хамтран бүрдүүлэх “эрх” авсан ч төр, засгийн ажил гацаанд орсон тул эрхэм гишүүн С.Оюун, С.Дэмбэрэл нар тааллаараа Төрийн ордноор орж гарсан шиг зуны өдрүүдийг зугаатай өнгөрөөж явна.


4. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл

Засгийн газар байгуулахад хамгийн том үүрэг ролийг явж явж энэ эвслийн 10 гишүүн гүйцэтгэж байна. Уг нь тэд Засгийн газрын 25 хувийг авах гэрээ хийгээд байгаа. Хэдийгээр 11 суудал авсан ч МАХН-ын дарга Н.Энхбаярын хувь заяа хаашаа эргэхээс шалтгаалан нэг суудлаа түүнд зориулж “нөөчихөөд” буй. Хэдхэн хоногийн өмнө О.Баасанхүү, Ц.Цолмон нар гишүүний тангаргаа өргөсөн. Э.Батшугар, С.Нарангэрэл өмгөөлөгч нарыг Цэц юу гэж үзэх нь вэ гэж хүлээснээс хоёр гишүүн нь тийнхүү бусдаасаа ялимгүй хоцорч тал дундуур суудалтай танхимд тангаргаа өргөсөн нь тэр. Н.Энхбаяр дарга “аав”-ынд суусан тул СЕХ-ноос түр үнэмлэхээ авсан Ц.Оюунбаатар тангараг өргөж ажилдаа орох боломжтой ч эвслийнхэн цээжнийхээ мухарт Н.Энхбаяр даргыгаа цагаадаад ирнэ гэсэн горьдлого тээж тийм ч амархан 11 дэх гишүүнээ оруулж ирэхгүй нь бололтой.

МАХН-ын дарга Н.Энхбаярт анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон нь эвслийн байдалд эргэлзээ үүсгэж орхив. “Шударга ёс” эвсэл тарах уу гэсэн яриа ч гараад эхэллээ. Н.Энхбаяр даргыг хоривол засагт орохгүй, улмаар эвсэл тарах магадлалтай гэсэн яриа байгаа гэдгийг З.Баянсэлэнгэ тэргүүтэй гишүүд нуусангүй. Харин уг угшлаараа АН-ын гаралтай МҮАН-ынхан төр, засгаа хурдан байгуулах тал дээр “төрхөм”-ийн гишүүдтэйгээ санал нэг байгаа бололтой. Шинэ УИХ ганц бүтэн өдөр хуралдаж амжаагүй байтал ийнхүү ганц эвсэл нь тарах сарних дээрээ хүрч мэдэхээр болжээ.

Энэ бол байдаггүй ч үзэгдэл биш. УИХ-ын 2004 оны сонгуульд хамтарч орсон “Эх орон-Ардчилал” эвсэл парламентад орсон хойноо хагас жил ч наслалгүй тарж, гишүүд нь тэр цагийн МАХН-ын “62-ын бүдүүн бүлэг”-т толгой хавчуулж нэг үзээд, дараа нь тэндээсээ гарч зөвлөл болж нэг үзсээр бүрэн эрхээ дуусгасан юм даг. Зөвлөлд эрх мэдэл гэх юмгүй тул сул гишүүд болж дууссан даа.

Хэрэв одоо “Шударга ёс” эвсэл тарчихвал УИХ-д дахиад 10 сул гишүүн гарч ирнэ. МАН-ын 25 сул, эвслээс тарсан МАХН, МҮАН-ын 10 сул гишүүн, дээр нь гурван бие даагч гээд 38 бие даагчтай сонин содон парламент гарч ирэх нь ээ. Эвслийн 11 дэх гишүүн ороод ирэхээр энэ тоо 39 буюу 76 гишүүний баттай олонх болчихно гэсэн үг. Гишүүдийн олонх нь биеэ даагаад гунхчихаар ямар гээч шийдвэр, хууль гаргах юм бүү мэд. Харин нөгөө сонгуулиар гарч ирээгүй олонхийн суудал дан бие даагчдад шилжих нь үү, үгүй юү.


5. Бие даагчид

Энэ удаагийн сонгуулиар УИХ-д урьд өмнө байгаагүй олон буюу гурван бие даагч гарч ирсэн. Хөвсгөлөөс Ц.Даваасүрэн, Дархан-Уулаас С.Ганбаатар, Дорнодоос Х.Болорчулуун нарын “уяачгүй” нэр дэвшигчдэд сонгогчид нь мандат өвөрлүүлэн төрд илгээсэн. Тэр гурав хаа очиж намтай, эвсэлтэй нөгөө хэдээ бодвол зөвлөл байгуулчихаад үе үе уриалга мэдэгдэл гаргаж сүрхий ажиллаж байгаа. “Тэр намын жагсаалтаар орж ирсэн 28 гишүүн намаараа талцдаг юм байгаа биз. Тойргоос сонгогчдын саналаар гарч ирсэн 48 гишүүн төр, засаг байгуулах ажлаа хурдан хий” гэж сүрхий “загнасан” гэж байгаа. Хэлдэг л үг.

Гурван бие даагч гишүүн засагт орох гэж яарсангүй. Мөрийн хөтөлбөрөөс нь Засгийн газрын хөтөлбөрт тусгавал хамтарч болно гэчихсэн. Бас УИХ-ын нэг байнгын хороо, нэг дэд хороог толгойлж, бас ч үгүй УИХ-ын даргын зөвлөлд нэгийгээ багтаана гээд цаад хэдийг маргалдаж, гэдийлцэж суух хооронд “амьжиргаагаа шийдчихсэн” гэж байгаа. Зөв л байна. Тэр гурав бас даргатай. МҮЭ-ийн С.Ганбаатар нөгөө хоёроо энэ удаа командалж байгаа юм. Дараа дараагийн жилд ээлжээр зөвлөлөө толгойлох юм гэсэн. “МАН-ынхан сул гишүүн болбол манайд ирж нэгдэнэ биз. Найрсгаар хүлээж авна аа” гэсэн үг хэлээд сууцгааж байгаа.


6. Эмэгтэй гишүүд

УИХ-д энэ сонгуулиар есөн бүсгүй орж ирсэн. УИХ-д 1996-2000 онд найм, 2000-2004 онд есөн бүсгүй гишүүн байсан юм. Нэг үе шингэн дуутын бараа тасарчих шахсан УИХ-д энэ жил овоо хэдэн эмэгтэй орж суулаа. Тэдний тав нь АН, хоёр нь “Шударга ёс” эвслийнх.МАН, ИЗНН нэг нэг эмэгтэй гишүүнтэй. Тэд бас сүрхий. Нам харгалзалгүй бүлэг байгуулаад АН-ын Л.Эрдэнэчимэгийг даргаараа сонгочихсон. Эхчүүд, хүүхдийн асуудал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зовлон, жаргал гээд нийгмийн асуудалд анхаарч Төрийн бус байгууллагуудтай хамран ажиллах эхлэлэээ тавьж уулзалт ярилцлага хийчихээд байгаа. 

Бие даагчид хийгээд эмэгтэй гишүүд нь ажлаа сүрхий хийгээд байхад нөгөө нам, эвсэлд данстай төрийн харчууд гацаж түгжирсээр бас нэгэн долоо хоногийг ардаа үлдээж наймдугаар сарын шинэдийг үзлээ. Ирэх долоо хоногоос төрийн ажил цэгцрэх болтугай гэж хүлээе.

                            Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж