Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

Сургуулиа сонгох нь

Америкийн 4000 гаруй сургуулиудаас өргөдөл явуулах хэдийгээ сонгох нь цаг, хүч хөдөлмөр их шаардсан ажил болох нь олонтаа. Сургуулиа сонгоход олон улсын сурагчдад тэтгэлэг өгдөг эсэх, өгдөг бол хэр ихийг, сургуулийн хэмжээ, ороход хэр хэцүү болох гээд бас харгалзаж үзэх олон арваад үзүүлэлтүүд бий. Тиймээс энэ нийтлэлээр сургуулиа хэрхэн сонгох, хэдэн сургуульд өргөдөл явуулбал зохих талаар бичихээр боллоо.

    Хэдэн сургуульд өргөдлөө явуулах вэ?

Америкийн сайн сургуулиуд, ялангуяа тэтгэлэг их өгдөг баян сургуулиуд бүгд л ороход хэцүү байдаг. Өргөдөл өгсөн сурагчдын зургаахан хувийг авдаг Харвардад байтугай, 30%-ийг авдаг Хамилтонд ч орж чадна гэсэн баталгааг баргийн хүнд гаргахад хэцүү. Их хэмжээний тэтгэлэг хүсч байгаа гадны сурагчдад бол бүр ч хэцүү юм. Сургуулиудаа төдий зөв сонгоогүйгээс, (эсвэл аз дутсанаас!) болж 10 сургуульд өргөдлөө явуулаад нэгэнд нь ч орж чадаагүй, эсвэл заримд нь элсэх эрхтэй болсон ч хангалттай тэтгэлэг авч чадаагүй тохиолдлууд зөндөө гардаг.  Аль аль сургуульд орж чадах нь урьдчилан таахад тун хэцүү асуудал юм. Америкад SAT дээр 1800 оноотой хүүхэд Харвард, Стэнфордод 100%-ийн тэтгэлэгтэй орж байхад 2300-тай хүүхэд дундаж сургуульд арай гэж л орох нь байх л үзэгдэл. Тиймээс сургуульд орох магадлалаа ихэсгэхийн тулд хүүхдүүд аль болох олон сургуульд өргөдлөө явуулах гэдэг боловч өргөдөл бүрт гарах зардал (application fee, шуудангийн мөнгө г.м.), бөглөж эсээг нь бичиж суух цагт баригдан ихэнх нь 6-12 сургуульд өргөдлөө явуулахаар болдог.

Ийм тооны сургуулиуд сонгохдоо тэдгээрийгээ ороход хүнд хэцүүгээр нь ангилж, ангилал тус бүрээс хэд хэдийг сонгох нь түгээмэл стратеги. Өөрөөр хэлбэл 9 сургуульд өргөдлөө явуулахаар болсон хүүхэд 3-н "мөрөөдлийн" (reach), 3-н өөрт тохирсон (match), 3-н бараг л баталгаатай орж чадах (safety) сургуулиуд сонгоно гэсэн үг юм. Бусад зүйлсийг түр хойш тавин зөвхөн шалгалтын оноон дээр тулгуурлаж энэ стратегийг жишээлэн үзүүлбэл SAT дээрээ 1800 орчим оноотой хүүхэд 1900-2100 оноотой хүүхдүүд авдаг 3 сургууль, 1700-1900 оноотой хүүхдүүд авдаг 3 сургууль, 1500-1700 оноотой хүүхдүүд авдаг 3 сургуульд өргөдлөө явуулах юм.

Мэдээж заавал ийм маягаар сургуулиудаа сонгох албагүй. 2 баталгаатай орж чадах сургууль, 8 мөрөөдлийн сургууль ч юм уу, 1-хэн мөрөөдлийн сургуульд явуулах гээд өөрт тохирсноороо сонгож болно. Ямар ч тохиолдолд сургуулигүй хоцрохгүйгээр л сонголтоо хийх нь хамгийн чухал.

Сургуулиа хаанаас олох, олон сургуулиас шүүж,
өөрийнхоо хэдийг сонгох тухай

CollegeBoard-ын сургуулиудын хайлтын систем

Сургуулиа интернэтээр олно. Олохдоо CollegeBoard-ийн College Search гэдэг хайлтын системийг хамгийн өргөн ашигладаг. Үүнээс гадна CollegeConfidential-ийн шинээр гаргасан SuperMatch гэдэг систем боловсоронгуй бөгөөд оновчтойн дээр ашиглахад хялбар. Гэхдээ CollegeBoard-ийн хайлт хэрэглэхэд арай хүнд ч илүү нарийн хайлт хийх боломжтой байна.

Эдгээр хайлтын системүүд нь хоёулаа хайлтыг үүсгэгчийн шаардлагын дагуу шат дарааллан сургуулиудыг хасаж эцсийн үр дүнг харуулж ажилладаг зарчимтай. Жишээлбэл CollegeBoard-ийн хайлт дээр "Зөвхөн 4 жилийн коллеж" гэсэн сонголт дээр дарахад Америкийн 4000 сургуулийн 2000 нь л үлдэж байна. Цаашлаад "Гадаадын сурагчдад тэтгэлэг өгдөг" гэснийг сонговол 1500 сургууль л үлдэнэ. Ямар мэргэжлээр сурах, Америкийн хаахна байдаг гэх мэт нарийн ширийн юм оруулбал бүр ч цөөхөн сургууль үлдэх юм. Хайлтын бүх үзүүлэлтүүдээ оруулсны эцэст ихэвчлэн 100-аас хэтрэхгүй сургууль гарч ирэх бөгөөд тус бүр дээр нь дарж дэлгэрэнгүй мэдээллийг нь үзэх боломжтой. Тус бүрийнх нь веб сайт руу нь бас орж таалагдах нэгнийг нь үлдээгээд үлдсэнийг нь хасна.

Ер нь хайлтаа иймэрхүү маягаар хийнэ. Тэтгэлэг авахыг хүсч байгаа хүний хувьд сургуулийнхаа дэлгэрэнгүй мэдээлэл рүү ороод хамгийн эхэлж анхаарах зүйл нь "International Students" хэсэг дэх "Financial Aid"-ийн бүлэг юм. Энд зарим сургуулиуд хэдэн олон улсын сурагчдад хэр их тэтгэлэг өгснөө бичсэн байдаг. Мэдээж энэ үзүүлэлт өндөр байх тусмаа сайн. Үүнээс дутахгүй чухал үзүүлэлт нь "Admission Rate" буюу өргөдөл өгөгчдийн хэдэн хувийг авдгийг харуулсан тоо юм. Гэхдээ сургуулиудаа бүхий л талаас нь дүгнэж байгаад сонгох нь зүйтэй.

Сургуулиа сонгоход "топ" жагсаалтууд (rankings) ашиглах нь

U.S. News-ийн сургуулиудын "ranking"

Шилдэг арав, зуун сургууль жагсаасан жагсаалтууд хаа сайгүй байна. Эдгээрийг аливаа сургуулийн талаар ерөнхий ойлголт авахад л ашиглануу гэхээс нарийн ухаж ойлгоод байх хэрэггүй. Ихэнх тохиолдолд 10-н байрын зайтай сургуулиуд хоорондоо бараг адилхан байдаг. Тэгээд ч жагсаалтуудыг сургуулиа хайж байгаа хүнд огт хамаагүй зүйлс дээр тулгуурлаж гаргах нь элбэг. Зарим жагсаалтууд аливаа сургуулийн талаар интернэт дээр хэр их хайлт явагддагаар нь жагсаадаг байх жишээтэй. Дээрээс нь ихэнх жагсаалтууд мэргэжлүүдийг харгалздаггүй. Жишээлбэл MIT, John"s Hopkins нарыг U.S. News-ийн жагсаалт 1-т жагсаагаагүй ч эдгээр сургуулиуд технологи, шинжлэх ухааны чиглэлээр сурах гэж буй сурагчдад яах аргагүй шилдэг сургуулиуд болох нь ойлгомжтой.

http://www.bilguun.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж