“Номин талст” төрсөн өдрөө тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.08-нд нийтлэгдсэн

“Номин талст” төрсөн өдрөө тэмдэглэнэ

Монголын анхны “boyband”-уудын нэг “Номин талст” хамтлаг энэ жил 15 нас хүрч байгаа билээ.  Тэд ойн хүрээнд ирэх есдүгээр сарын 29, 30-нд “Улаанбаатар палас”-ын их танхимд “Номин талст 15 жил” бие даасан тоглолтоо хийж, фенүүдтэйгээ хамт төрсөн өдрөө нижгэр тэмдэглэхээр зэхэж буй. Тэд энэ удаа  шинэ уран бүтээлээрээ фенүүддээ гэнэтийн бэлэг барих гэнэ. “Номин талст” хамтлагийн шинэ цомог болоод тоглолтын продюсераар ажиллаж байгаа гитарчин Д.Өлзий-Оршихоос зарим зүйлийг тодрууллаа.

-“Номин талст” хамтлагийн 15 жилийн ой энэ жил тохиож байгаа. Ойдоо зориулан хийж байгаа шинэ цомог, тоглолтод таныг хамтран ажиллаж байгаа гэж дуулсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-“Номин талст” хамтлагтай би хамтын ажиллагааны олон жилийн түүхтэй л дээ. Хөвгүүдийн хамтлагуудаас миний хамгийн олон дуугаа өгсөн хамтлаг бол “Номин талст”. Тэр ч утгаараа бид өндөр хэмжээний тоглолт тавихаар бэлтгэж байна. Одоо ажил бол талдаа орчихсон байгаа. 15 жилийн ойн тоглолтоосоо өмнө шинэ цомгоо  олны хүртээл болгочих байх. Өнөөдрийн хувьд төлөвлөсөн ажлууд нэлээд жигдэрчихсэн, өнөө маргаашгүй амьд хөгжмийн тоглолтынхоо бэлтгэлд орох гээд хүлээж байна. “Номин талст” хамтлагийн 15 жилийн тоглолт хүн бүрийн хүсэн хүлээсэн гоё тоглолт болно. Тэдний ард Монголын шилдэг хөгжимчид тоглоно шүү дээ.

-Шинэ цомгийн уран бүтээлүүд дээрээ хэнтэй хамтран ажиллаж байна?

-Ерөнхийдөө энэ удаагийн цомгийн ажил дээр намайг продюссер гэдэг албанд “Номин талст”-ынхан тохоон томилсон байгаа. Бид хоорондоо нэлээд сайн зөвлөлдсөний үндсэн дээр би шинэ уран бүтээлийн бодлогыг хянаж байна. Ер нь бол залуучуудтай түлхүү хамтран ажиллахыг бодож байна.

-Өөр хамтлаг дуучидтай шинээр дуэт хийж байгаа юу?

-“Sweetyemotion” хамтлагтай хамтран нэг дуу хийж байгаа. Тэр дууны бэлтгэл ажил нэлээд сайн хангагдсан удахгүй бичлэгийн ажилдаа орно. Ер нь “Номин талст” хамтлагийн 15 жилийн ойн баяр гэдэг маань нэг талаар “Номин талст” хамтлагийн баяр мэт боловч нөгөө талаар монголд хөвгүүдийн супер хамтлагуудын эхлэлийг тавьсан гэдэг утгаараа хөвгүүдийн хамтлагийн баяр. Бид XXI зуунд хөвгүүдийн хамтлаг ямар байх ёстой, өнөөдрийн монголын хөгжмийн зах зээлийн эрэлт ямар байгаа тэр бүх стандарт шаардлагийг хангасан уран бүтээлийг хийх зорилготой байна.

-“Номин талст” хамтлагаас үзэгчид маш их зүйлийг хүсэн хүлээж байгаа. 15 жилийн ойг сонгоод очиж байгаа үзэгчдэд та юуг амлаж чадах вэ? Үзэгчид тэндээс ямар мэдрэмжийг аваад гарч ирэх бол оо?

-Ямар ч хөвгүүдийн хамтлагийн хийж байгаагүй “супер” шоу болно гэж ойлгож болно доо. Ерөнхийдөө Монголын шилдэг хөгжимчдийг цуглуулсан 100 хувь амьд тоглолт болно. Мэдээж дуулалт, тайзан дээр биеэ авч явах байдал, хувцаслалт гээд бүх зүйлээрээ “best” байх болно оо.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж