Эмэгтэй гишүүд яралзуулж байна

Хуучирсан мэдээ: 2012.08.08-нд нийтлэгдсэн

Эмэгтэй гишүүд яралзуулж байна

Энэ удаагийн УИХ есөн эмэгтэй гишүүнтэй болсон. Тэд парламентад албан бус бүлэг байгуулж АН-ын бүлгийн гишүүн Л.Эрдэнэчимэгийг даргаараа сонгоод байгаа юм. Тангараг өргөсөн цагаасаа хойш тэд ер зүгээр суугаагүй. Эх хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал харъяалдаг төрийн бус байгууллагуудтай Төрийн ордонд уулзалт хэлэлцүүлэг өрнүүлж хамтын ажиллагаагаа эхлүүлсэн.

Монголын хүн ам сүүлийн хэдэн жил хурдтай өсч 2,8 саяд дөхөж байна. Гэтэл эрчүүд үнэмлэхүй олонх суудал эзэлж байсан өмнөх УИХ-ууд амаржих газруудад анхаарал тавиагүй. Уг нь гишүүд ч бүл нэмж, хэд хэдийнх нь гэргий ихэр хүүхэд төрүүлсэн ч уул уурхай, эрдэс баялаг гээд мөнгөний салбаруудад анхаарснаас биш хүн амын хөгжлөө хаячихаад байсан юм.

Тэгвэл одоогийн УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг энэ орхигдсон салбарт анхаарлаа хандуулж өчигдөр “Кемпинский” зочид буудалд эмч, мэргэжилтэн, эрүүл мэндийн салбарынхантай уулзаж амаржих газруудын хүрэлцээ, эх баригч, эмч мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх талаар ярилцлаа.

Монголд жилд дунджаар 50 мянган эх амарждаг байсан бол сүүлийн хоёр жилд 75 мянга болтлоо нэмэгджээ. Түүний бараг тал хувь нь нийслэлийн эхчүүд. Гэтэл нэгдүгээр амаржих газрын шинэ барилга дуусаагүй, гуравдугаар амаржих газрын өргөтгөл ч ашиглалтад ороогүй байна. Хоёрдугаар төрөхийг өргөтгөх гэтэл хашаан доторх газар нь хэн нэгний өмчлөлд орчихсон байсан аж. Яармагт барьж буй төрөх газрыг долдугаар давхарт нь хүртэл ханыг нь өрсөн ч бусад ажил нь яагаа ч үгүй байгаа гэнэ.

Эх баригч, сувилагчдын орон тоо дутуу гээд өчнөөн эмзэг асуудлыг эмэгтэйчүүдийн бүлгийн гишүүд хөндлөө. Амаржих газруудын ор хүрэлцээгүйгээс “Цаг нь арай болоогүй байна” гэсэн шалтгаанаар өвдөөд очсон эхчүүдийг буцаадаг болсонд тэд эмзэглэж байлаа. Нийслэлийн замын их түгжрэл дунд дуншиж буй эх ирж буцсаар замдаа амаржиж эх, нярай эндэж болзошгүй байгааг ч дурдсан юм.

Ямар ч гэсэн эрчүүд улс төрөө хийж сайдын суудлаа хуваалцаж гацаж байх зуур эмэгтэй гишүүд эх үрс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд эрэгтэй улстөрчдийн харааны гадуур өнгөрдөг асуудлуудад анхаараад ажлаа амжуулаад эхэллээ. Эмэгтэй гишүүд сонгогчдод өнгсөн амлалтаа биелүүлж ажлыг яралзуулж байна. Тэдний тоо цөөдөхгүй, дайчин бүсгүйчүүд сонгогдсон гэдгээ харуулж эхлэв.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж