Далд эдийн засаг 76-д ч хамаатай

Хуучирсан мэдээ: 2012.08.08-нд нийтлэгдсэн

Далд эдийн засаг 76-д ч хамаатай

Төр түмнийхээ төлөө андгай, тангараг өргөсөн гишүүд эдийн засгийн өсөлтийг онцлохоос гадна далд эдийн засагт ч хяналт тавих ёстой.  Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өндөр өсөлт, хөгжлийн хурдаа манайх цаашид хадгалж үлдэхийн тулд далд эдийн засаг буюу сүүдрийн эдийн засагт анхаарал хандуулах цаг болсныг “Далд эдийн засгийг ил болгох, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх” улсын зөвлөлгөөний оролцогчид хэлж байлаа. Дэлхийн улс орнууд сүүдрийн эдийн засгийн хохирлыг өнгөрсөн хугацаанд чамгүй хүртсэн төдийгүй эдийн засгийн гэмт хэрэгтэй өнөөг хүртэл тэмцсээр ирсэн. Тухайлбал, Япон улс 1980-аад оны үеийн санхүүгийн зах зээлийн хууль бус үйл ажиллагааны улмаас 500 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн нь бий. Тэгвэл АНУ 160 тэрбум ам.долларын алдагдал хүлээж, эдийн засагтаа сэвтэй үлджээ.

Далд эдийн засгаас хамгаалах хууль эрх зүйн орчин тухайн үед сул хөгжсөн, хувийн ашиг сонирхол давамгайлсан учраас дээрх улсууд гар мухардсан нь энэ. Манай улсын хувьд сүүдрийн эдийн засгийн нөлөөг багасгах, хууль эрх зүйн орчинг сайжруулах зүй ёсны шаардлагатай нүүр тулж байна. Тиймээс УИХ-ын гишүүд эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх, далд эдийн засгийн эсрэг хууль эрх зүйн орчныг бататгахад анхаарах цаг болжээ. Энэ хүрээнд “Далд эдийн засгийг ил болгох, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний дунд хугацааны стратегийн бодлогын баримт бичиг” боловсруулах үндэсний дунд хугацааны төлөвлөгөөг УИХ-ын тогтоолоор батлах хэрэгтэй гэж улсын зөвлөлгөөний үеэр тэмдэглэж байв.

Манай улсын хувьд дээр өгүүлсэн ихээхэн хэмжээний алдагдал хүлээж, эдийн засагтаа толбо суулгаагүй ч далд эдийн засгийн чанартай гэмт хэрэг хэд хэд бүртгэгджээ. Тодруулбал “Татварын байгууллагын нэхэмжлэлтэй нийт өрийн 94 хувийг өндөр үнийн дүнтэй гүйцэтгэх баримт бичиг эзэлж байна” гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, хурандаа Х.Энхбаатар ярилаа. Тэрээр “Төлбөр төлөгч хуулийн этгээд нь он удаан жил  үйл ажиллагаа явуулаагүй, төлбөрт гаргуулах эд хөрөнгөгүй, төлбөрийн чадваргүй, төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийх, эд хөрөнгөө бусдад барьцаалах, шилжүүлэх, битүүмжилсэн эд хөрөнгийг үрэгдүүлэх, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн харилцах дансны талаарх мэдээллийг арилжааны банк ирүүлэхгүй байх, татвар төлөгч хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлгүй,  үүсгэн байгуулагч /захирал/ нар гэрийн хаягаар хуулийн этгээд үүсгэсэн, оршин суух тодорхой хаяггүй, зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хуульд заасан албадлагын арга хэмжээ зохих үр дүнд хүрэхгүй байна” гэж тайлбарласан юм.

Гэнэт цадах гэдсэнд халтай

Дэлхийн улс орнуудын тухайн эдийн засагт эзлэх далд эдийн засгийн хэмжээг 1999-2006 болон 2007 оны байдлаар тооцон гаргажээ. Манай улсын хувьд ДНБ-д эзлэх далд эдийн засаг дунджаар 17.9 хувьтай гарчээ. 1999 онд 18.2 хувьтай байсан энэ үзүүлэлт 17.9 хувь болж буурсан харагдаж байна. Гэхдээ далд эдийн засаг манай улсад бага хувь эзэлдэг гэж ойлгож болохгүй юм. Тоон үзүүлэлт бага байх тусмаа  эрсдэлтэй талаар эдийн засагчид ярьдаг. Гаалийн татвараас зайлсхийх, орлогоо нуух, хүнд суртал гаргах, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах, хувийн эрх ашиг сонирхолдоо хөтлөгдөн олон нийтийн өмчийг шамшигдуулах, бусдыг хохироох нь далд эдийн засагт багтдаг ойлголтууд. “Эдийн засгийн гэмт хэргийг дотор нь цагаан захтны болон цэнхэр захтны гэмт хэрэг гэж хоёр ангилдаг. Цагаан захтны гэмт хэргийг нийгмийн дээд зиндаанд хамаарах, өндөр зэрэглэлийн албан тушаал, эрх мэдэл бүхий цагаан захтай цамц өссөн баян чинээлэг хүмүүс үйлддэг бөгөөд энэ нэр томьёог 1939 онд АНУ-ын социологич Эдвин Сюдарланд гаргаж ирсэн” хэмээн Хууль зүйн үндэсний Хүрээлэнгийн хуульч Б.Одонгэрэл хэллээ.

Далд буюу сүүдрийн эдийн засгийг албан бус, нуугдмал, сүүдрийн, паралель, саарал, хар гэх мэт олон янзаар нэрлэдэг. Эдгээрээс хамгийн түгээмэл нь далд эдийн засаг гэсэн ойлголт гэж Б.Одонгэрэл тайлбарласан. Монголчууд далд эдийн засаг гэсэн нэр томъёог нь түгээмэл хэрэглэсээр иржээ.  Италийн мафи Америкийн эдийн засагт нэвтэрч, хүрээгээ тэлж эхэлсэн 1930-аад оны үед далд эдийн засаг гэсэн ойлголт анх гарч ирсэн бөгөөд энэ үеэс  улс орны хэмжээний эдийн засгийн асуудал болон хувирч, 1970 оноос эдийн засагчдын анхааралд өртөх болжээ. Энэхүү нэр томьёо «Schattөnwirtschaft» гэдэг Герман үгнээс гаралтай өргөн хэмжээний ойлголт төдийгүй албан ёсны бүртгэл тооцоонд ороогүй, хууль журмаас гадуур, хууль ёсыг хөсөрдүүлсэн эдийн засгийн бүхий л харилцааг багтаадаг байна. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүний тооцонд хамрагдаагүй хэсгийг бүртгэгдээгүй эдийн засаг буюу далд эдийн засаг гэж тодорхойлдог аж.

Далд эдийн засгийн хэлбэрүүд нь үйлдвэр аж ахуйн газрыг нуух /тодорхой аж ахуйг бүртгэлгүйгээр зохион байгуулж эрхлэх/, аж ахуйн үйл ажиллагааг нуух /эдгээр үйл ажиллагааг гэрээ болон тайландаа тусгахгүй байх/,  ажиллах хүчийг хөлсөлснөө нуух /хөдөлмөрийн гэрээгүйгээр хүн хөлслөн ажиллуулах/, ашиг орлогоо нуух /татвараас зайлсхийх/ зэрэг ордог юм байна.
 
Төр баттай зогсох уу

“Далд эдийн засгийг бууруулахын төлөө, авлига, хүнд суртлын эсрэг төр, төрд ажиллаж буй хүмүүс баттай зогсох итгэл үнэмшилтэй байх учиртай” хэмээн Улсын дээд шүүхийн судалгааны төвийн ахлах шинжээч Б.Айбек хэллээ. Далд эдийн засгийг бууруулахаар бизнесийн орчныг сайжруулах, эрх зүйн болон аж ахуй эрхлэлтийн нөхцлийг боловсронгуй болгох, татварын бодлого, эдийн засгийн гадаад хамтын ажиллагаа зэргийг эргэж харах, хууль хэрэгжүүлэх заавар, журам, дүрмийг боловсронгуй болгох, тоог цөөрүүлэх, иргэд, аж ахуй бизнес эрхлэгчдийг хуулийн хүрээнд бизнес эрхэлж байгаа эсэхэд нийгмийн хяналтыг сайжруулах зэрэг асуудлыг хамруулахыг Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөр учирласан. Далд эдийн засагтай тэмцэх нь тус газрын үүрэг гэж хэлж болно. Учир нь далд эдийн засгийг хэмжих, түүнийг хянах эрх үүрэг тэдэнд олгогджээ.

ТЕГ-аас олон нийтэд үзүүлэх үйлчилгээг татвар төлөгчдийг хууль дүрмээ биелүүлэх,  нийт ард иргэдэд татвараа сайн дураараа төлөх, үүрэг хариуцлагаа ухамсарлан биелүүлэх нь сайн иргэн хүний шинж чанар гэж ойлгуулахад чиглэсэн үйл ажиллагааг улам эрчимжүүлэх шаардлагатай байгааг ТЕГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга О.Тэнгис онцоллоо. Тэрбээр “Татварын албаны далд эдийн засгийн үйл ажиллагааг таслан зогсооход чиглэсэн гол арга зам бол хариуцлагыг чангатгах, өндөр торгууль, төлбөр төлөх механизмыг бүрдүүлэх шаардлага тулгарч байна”  гэсэн юм.

ТЕГ далд эдийн засагтай тэмцэх, татвараас зайлсхийх оролдлогыг олж илрүүлэх, хууль сахиулах үйл ажиллагааг дэмжих, татварын ажилтнуудын боловсрол мэдлэгийг дээшлүүлэх, эрсдэлийг тодорхойлох, дүн шинжилгээ хийх, тухайн хууль бус үйлдэл хэргийг сонгож илрүүлэх чадвартай чадварлаг ажиллах хүчийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж.

Мөн далд эдийн засагт үйл ажиллагаа явуулж, төрийн хяналтаас зугтаж, хуулийн дагуу үүрэг хариуцлагаа биелүүлэхээс зайлсхийж байгаа хүмүүсийг тодорхойлох, тэднийг олж илрүүлэх үр дүнтэй үйл ажиллагаанд төрийн бүх байгууллагыг татан оролцуулж, тусгайлсан хөтөлбөр боловсруулахаар болжээ.

Тус хөтөлбөртөө үндэслэлгүй хөрөнгөжих, илт тансаг хэрэглээг илрүүлэх, хяналт тавих, татвар төлөгчийн төлдөг татварын хэмжээ болон тэдний үрэлгэн хэрэглээ, амьдралын боломжтой харьцуулах, татварт бүрэн хамруулах арга хэмжээ авахаар төлөвлөсөн байна. Тухайн иргэний эзэмшиж буй хөрөнгийн хэмжээг татварын орлогын мэдүүлэгтэй нь хэр нийцэж байгааг тодруулан шалгах мэдээллийн цогц системийг бүрдүүлнэ хэмээн татварынхан онцолж байв.

Б.Баяртогтох

Эх сурвалж: WWW.MONGOLIANECONOMY.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж