Ардчиллын хамгийн том чөдөр бол муу засаглал

Хуучирсан мэдээ: 2012.08.13-нд нийтлэгдсэн

Ардчиллын хамгийн том чөдөр бол муу засаглал


Холын зочдын үг олныг татав

АНУ-ын Стэнфордын их сургуулийн эрдэмтэн, ардчиллын том онолчид болох ноён Ларри Даймонд, Фрэнсис Фукуяама, Стивен Краснер нар Төрийн ордны Их танхимд өнөөдөр 1000 хүний өмнө лекц уншлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч тэдгээр алдартнуудыг эх орондоо урьж дэлхийд нэр цууд гарсан эрхмүүдийн лекцийг монголчууддаа дуулгах боломж олгосон юм. Нэг дор цугларч лекц унших нь тун ховор энэ гурван онолч өнөөдөр Улаанбаатарт, Төрийн ордонд зочлон лекц унших сургаар Шаргал ордон хөлд дарагдаж, Төрийн ордны Их танхим сул суудалгүй болтлоо дүүрч, зарим нь шатан дээгүүр эгнэсэн харагдав. Бүр Төрийн ордны “А” танхимыг зайчилж, тэнд дэлгэцээр лекц сонсох боломж олгоод байхад хүртэл шүү.

Эрдэмтэй хүнээс ном сонсох гэсэн монголчуудын хүсэл ямар их байгааг тэндээс харж болохоор байв. Сонсогчдын дийлэнх нь залуус. Гэхдээ хөдөөний байрын нас тогтсон эмэгтэйчүүд ч ирсэн байсан нь монголчууд холын хүнээс үг сонсохыг чухалчилдгийн илрэл биз ээ. АНУ-д бол сонсогчид хэсэгхэн суугаад л займчин хөдөлж гарч ороод эхэлдэг гэнэ. Лекц уншсан гурван эрхэм монголчууд ямар их тэсвэр тэвчээртэйгээр, бас ямар их шимтэн лекцүүдийг сонсч буйг биширснээ төгсгөлд нь хэлж талархал илэрхийлснээс үзвэл Улаанбаатарт ном айлдсандаа их л сэтгэл хангалуун байгаа шинжтэй. Телевизээр ч олон хүн тэдний лекцийг сонссон гэдгээ утасдаж хэлж байв. Олимпийн хажуугаар ярьж хөөрөх бас нэг сэдэв нэмэгджээ. Холын хүнээс үг сонсч, түүгээр оюун ухаанаа баяжуулдаг монгол заншлаар алсын Америкийн эрдэмтдийн лекц ийнхүү хот хөдөө гэлтгүй олон хүний анхаарлыг өөртөө татлаа.

“Хувь хүний үзэл бодол бол Монголын баялаг”

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ойрын өдрүүдэд гурван их хүлээлт байжээ. Нэгд, олимпийн медаль хүлээсэн, Монголын тамирчид таван медаль авсан. Хоёрт, Гурван эрдэмтний лекцийг хүлээсэн. Одоо эхэлж байна. Гуравт, Төр, засгаа эмхлэхийг хүлээсэн. Ерөнхий сайдаа томиллоо гэж гурван хүлээлтийнхээ утгыг тайлсан юм. Монголчууд бол төрт ёс, хууль ёс, зохион байгуулалт гэж юу байдгийг бүс нутагтаа анх тарьж явсан, 800 жилийн өмнө Их засаг хэмээх бичмэл хуулиар засаглаж явсан алдартай хүмүүс гэдгийг Ерөнхийлөгч хэлж байв. Чөлөөт худалдаа, хүний бүтээлч чанарыг дэмжиж төр, хуулиа дээдэлж явсан монголчууд энэ суурин дээрээ өдгөө шинэ цагийн ардчилал, хууль, зах зээл, эдийн засгийг хөгжүүлж байгааг ч онцолсон юм. Эртнээс улбаатай төрт ёстой учраас ганц цонх хагалалгүй, нэг ч оготнын хамраас цус гаргалгүй тайван замаар төрөө эргүүлж ардчиллыг тогтоосон нь дэлхийд жишээ болсныг Ерөнхийлөгч дурдаж байлаа.

Гэвч төрт ёс, хууль цааз чөлөөт худалдаа, хүний эрхийг анхлан бүс нутагтаа нэвтрүүлж явсан монголчууд өнөөдөр улс төрд хэн юу хэлэв, ямар хэвлэлийн бага хурал болов гэх төдийгөөр нийгмийн үйл амьдралаа залдаг болчихсоныг шүүмжиллээ. Бүгдээрээ уурхайчин, бүгдээрээ их мэдэгч болохын өмнө оюун санаагаа бүгдээрээ сэрээж дэлхий нийт ямар чиглэлээр хөгжиж буйг мэдэх ёстой. Алдартай гурван эрдэмтэн монголчуудын оюун санааны “сэрүүлэг”-ийг дуугаргах ёстой гэсэн юм.

Ерөнхийлөгч нээлтийн үгэндээ төр, засгийн алдааг шүүмжлэхээ мартсангүй. “Өнөөгийн Монголын төр, засагт шийдвэр сэтгэл хөдлөлөөр гарч байна. Ард түмэн гэдэг нэрийн дор нийгмийн нэгээхэн хэсгийн хийж буй улс төр, популист үйлдлийг дагасан хөтөлбөр болон үүнд үндэслэж сонгуульд оролцож, албан тушаалд хүрч, үүнийгээ хэрэгжүүлэх гэж оролдох авч нуран унадаг. Ийм утга учиргүй хандлага ажиглагдаж байна. Оюун санааны хүчин чадлыг бид бүрэн эзэмшиж чадахгүй байна. Өнөөдөр бидэнд судалгаа, шинжлэх ухаанд суурилсан бодлого үгүйлэгдэж байна” гэсэн нь дэлхийд нэртэй эрдлэмтдийг урьж тэдний үгийг төрийн томчуудад дуулгах гэсэн нэг шалтгаан байсан байж мэдэх юм. Харамсалтай нь УИХ-ын гишүдээс харьцангуй цөөн хүн лекцэнд суусан нь жирийн иргэдээсээ дор идэвхтэй байсных уу, төр, засгаа эмхлэх гээд завгүй явсных уу гэдэг нь тодорхойгүй байв.

“Манайд нэг гайхамшигтай баялаг байгаа. Тэр бол хувь хүн бүхэн өөрийн гэсэн үзэл бодолтой. Магадгүй энэ гурван профессорийн хэлж байгаатай санал нийлэхгүй үй түмэн залуучууд, эрдэмтэн, судлаачид  манайд байгаа. Үүгээрээ Монгол гайхамшигтай юм. Хувь хүн болгон бие даасан үзэл бодолтой, гэхдээ хүнээс юм сонсоно гэдэг ялангуяа ухаантай хүнээс юм сонсоно гэдэг гайхамшигтай зүйл шүү” гэсэн нь Ерөнхийлөгч яагаад гурван эрдэмтнийг тэгтлээ хүлээсний тайлал болов.

Ардчиллыг дагаж нийгэм хөгждөг

Стэнфордын их сургуулийн нэртэй эрдэмтэн Ф.Фукуяамагийн лекцдээ ардчилсан сонгуультай орнуудын тоо цөөрч буй тухай сэтгэл сэртхийлгэсэн мэдээ дуулгалаа. Түүний лекц “Дэлхийн санхүүгийн хямралын дараах хөгжлийн загварууд” гэсэн сэдэвтэй байлаа. Санхүүгийн хямралууд, тэдгээрийн дараа дэлхий нийтийн хөгжлийн хандлага ямар байгаа талаар тэрбээр илтгэв.

Ардчилал нэгэнт дэлхий нийтийн үзэгдэл болж ардчилсан зарчмаар сонгуулиа явуулдаг орон 1970-аад онд 35 байснаа маш богино хугацаанд 120 болсныг тэрбээр дурдаж байлаа. Нийгэмд томоохон өөрчлөлт болж дэлхий нийтээр улс орнуудын ДНБ-ийн хэмжээ 1970-2000 онд дөрөв дахин өсчээ. Засаглалын чанарт сүүлийн үед улс орнууд ихээхэн анхаарал хандуулдаг болжээ. Ялангуяа өмчийн хамгаалал байна уу гэдэгт иргэд ихээхэн санаа тавьдаг болсон байна. Дэлхий дахинд дундаж давхрагын иргэдэд анхаарал хандуулж удахгүй дундаж анги 57 хувьд хүрэх судалгаа гарчээ. Мэдээж дундаж давхрага хөгжсөнөөр Засгийн газраасаа тусламж хүсдэг иргэдийн тоо багасна.

Хувь хүний хөгжил боломжийг хаадаг дэглэмийг эсэргүүцэгчид дэлхий нийтэд олширчээ. Тухайлбал, өнгөрсөн жил Египетэд болсон “Арабын хавар” хөдөлгөөний үеэр интернэт хэрэглэдэг, боловсролтой залуу үеийнхэн ийм дэглэмийг эсэргүүцэн босч тэр нь зэргэлдээх орнуудаа ч хамарчээ.

“Ардчилал бол хамгийн муу дэглэм. Гэхдээ бусдаасаа дээр юм” гэж У.Черчиль хэлсэн байдаг. Юугаараа бусдаас дээр юм бэ гэвэл хүн ардчилалтай болсноороо илүү урагш харж, илүү эрх чөлөөтэй, өргөн хүрээтэй сэтгэдэг. Тэгснээрээ дагаад нийгэм ч хурдацтай хөгждөг гэдэг нь дэлхийн туршлагаас харагдсан тул ардчилал хамгаас чухал гэлээ. Монгол Улс ч сүүлийн 22 жилд компьютер, гар утас, интернэт гээд дэлхий нийтийн жишигт хүрсэн олон олон дэвшлийг өөрийн болгосон билээ. Хорин жилийн өмнө энэ бүхэн байгаагүй гэвэл өнөөдрийн залуус ёстой итгэхгүй биз.

Гэтэл ардчилал яагаад ухрав?

Стэнфордын их сургуулийн эрдэмтэн Ларри Даймонд Ардчиллын чанар чансаа, түүний оршихуйн увидасын талаар илтгэлээ. Түүний илтгэлд дурдсанаар ардчилад ухралт гарчээ. Ардчилсан сонгуультай орнуудын сүүлийн жилүүдэд тоо буурах хандлага харагдсан байна. 2006 оны үед ардчилсан сонгуультай орнууд 121 байсан бол 2010 он гэхэд 116 болж цөөрчээ. 2006-2010 оны хооронд ардчилсан орнуудын тоо ч буурсан байна. Ардчилал үгүй болбол эрх чөлөө байхгүй болно. Ардчиллын чанар доошилсноос хүний эрх зөрчигдөх, хүчирхийлэл гарах, нийгийн хөгжил саарах зэрэг сөрөг талууд гарч иржээ. Ардчиллын чанар, хувь хүний эрх чөлөө хоорондоо нягт уялдаатай. Тэгвэл дэлхий дээр 100 орчим орон чанартай ардчилалтайд тооцогдож байгаа юм байна. Эдийн засгийн хөгжил сайтай орныг ардчилсан гэж хэлж болохгүй. Тухайлбал, Хятад том гүрнүүдийн тоонд ордог, их найман гүрэнд багтдаг, эдийн засгийн өсөлт сайтай ч бүрэн ардчилалтай орон биш. ОХУ-д ч ардчилал хумигдмал.

Ардчиллын гурав дахь давалгаанд хамгийн их саад болсон зүйл нь муу засаглал. Муу засаглалтай газарт авлига, хээл хахууль, хүнд суртал их байдаг. Бас баялгаа хэр зохистой ашиглаж байна вэ гэдэг ардчилын чанараас шалтгаалдаг байна.

Коммунист нам хэчнээн сайн ажилласан ч иргэд нь орлого нэмэгдсэний үр ашгийг харж чаддаггүй. Үүний жишээ бол БНХАУ юм. Хятад улс БНСУ-ын 1987 оны ДНБ-ний хэмжээнд хүрсэн ч иргэд түүний үр ашгийг үзэж чадаагүй. Гэтэл БНСУ-ын ДНБ 1987 оныхоосоо өсөөд иргэд нь ч үр ашгаа хүртэж байна гэлээ. Иймээс удахгүй Хятадад ардчилсан шилжилт гарч болзошгүйг дурдлаа.

“Сүүлийн үед ардчилал ухралтад орсон байдал харагдсан. Азид ч, бусад газарт ч тийм байна. Үүнд нөлөөлсөн хэд хэдэн хүчин зүйл бий. Нэг дэх шалтгаан нь тийм газруудад авлига газар авч байна. Улстөрчид ард түмнээс тусгай анги давхрага мэт орших болсон. Авлига газар авч байгаа нь улстөрчид хувьдаа ихээхэн баялаг эзэмших гэсэнтэй холбоотой. Авлигыг таслан зогсоох боломжгүй орнуудад ийм байдал үүсч байна. Тийм орнуудад улс төрд хамаатай хүмүүсийн амьжиргааны төвшин бусдынхаас хавьгүй андар болж байна. Тухайн улс орны ардчилал хэр чанартай байна, авлигаас ухрах боломжтой эсэх зэргээс ардчиллаас ухрах уу, үгүй юү гэдэг шалтгаална” гэсэн нь ноён Ларри Даймондын илтгэлийн гол утга санаа байлаа. Бас муу засаглал ардчиллын хамгийн том чөдөр тушаа болдгийг ч тайлбарлав.

Баялгийн хараал хүрэхгүйн тулд яах вэ?

Стэнфордын их сургуулийн эрдэмтэн Стивен Краснер ашигт малтмалын их баялагтай Монгол Улс баялгийн хараал хүрэлгүй хэрхэн хөгжих талаар лекц уншсан юм. Баялагтай орнууд Голланд өвчин буюу баялгийн хараал хүрэхгүйн тулд янз бүрийн арга хэрэглэдэг. Баялаг ашигласнаар гадаад валют хэтэрхий ихээр орж ирж дотоодын түүхий эдийн ханшийг унагаж, зах зээлийг үнэгүйдүүлдэг. Монголчууд Хүний хөгжлийн сангаар иргэддээ бэлэн мөнгө тараасан ч үүнийг иргэд зөвхөн хувьдаа хэрэглээд дуусгасан. Гэтэл дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийг хөгжүүлэх нь төрийн нуруун дээр үлдсэн.

Баялгаа олсон хөрөнгөө тараагаад дуугадаг байдлаас гарахын тулд Монголын хөгжлийн сан гэдгийг байгуулж болно гэдгийг тэрбээр зөвлөлөө. Сан нь Сингапур ч юм уу, гурав дахь аль нэг оронд байрлах ёстой. Сангийн зөвлөлийн гишүүдийн гурвыг Монголын төрөөс , гурвыг Азийн хөгжлийн банкнаас сонгож, харин долоо дахь гишүүнийг гурав дахь орноос сонгон ажиллуулах нь зүйтэй гэлээ. Тэдний дөрвөөс доошгүйн гаргасан саналаар шийдвэр гаргах ёстой юм байна. Тэгэхдээ түүн дотор Монголын талын санал заавал тусах ёстой. Баялгаас олсон  хөрөнгийн 70 хувийг Монголын хөгжлийн сан руу оруулж нийгмийн хөгжил, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндэд зарцуулах нь  зүйтэй гэлээ. Тэгэхгүй салхинд сул тавьж хийсгээд байвал Монгол Улс дорвитой хөгжихгүй гэсэн юм.

Байгалийн баялагтай улс орнууд баялгаа хэрхэн ашиглах нь улс төрийн лидерүүдээс шалтгаалдаг. Аль ч төр, засаг мөнгөнд дуртай байдаг. Тиймээс улстөрчид нэг гараа нөгөө гараараа атгаж баялгийн зарцуулалтад хяналт тавих ёстой гэж байв. Өөрөөр хэлбэл, байгалийн баялгийн ашиглалтад сайтар хяналт тавьж улстөрчдийн гар, шуналыг сайн боохыг ноён Стивен Краснер санууллаа.

Төр, засгийн мөнгөнд дурлах дурыг боох хэрэгтэй

Лекцийн төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж товч үг хэлэв. Эрх чөлөө бол шинэ баялаг бүтээх боломж. Аль ч төр мөнгөнд дуртай байдаг. Ардчилсан төр ч ялгаагүй. АНУ гэхэд 14 их наяд ам.долларын өртэй. Тэгэхээр төр, засгийн мөнгөнд дурлах дурыг боох хэрэгтэй гэж тэрбээр хэлж байлаа.

Аль ч хүний ард заавал нэг сайн зүйл үлдэх ёстой. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд шүүхийг шинэчлэхийн тулд УИХ руу 16 хуулийн төсөл санаачлан явуулжээ. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн суудлаас явсан ч ард нь шүүхийн шинэчлэлт үлдэнэ гэж байлаа. Шинжлэх ухаан төрдөө чирэгдэх бус шинжлэх ухаан, судалгаа нь төрөө хөтөлж явах ёстойг хэллээ. Өнөөдөр Стэнфордын алдартай гурван эрдэмтэн лекц уншиж байгаа бол тун удахгүй Монголын шижигнэсэн гурван залуу эрдэмтэн энэ индрээс лекц унших ёстой гэдэгт итгэж буйгаа мөн дуулгасан юм.

Монголд эрх чөлөөний завхрал их байгааг сануулж монголчууд эрх чөлөөтэй, ардчилалтай ч сайн засаглалгүй, сайн хуульгүй бол хол явахгүйг ч хэллээ. Төрийн чанарыг сайжруулж, халамж хэрэгтэй иргэддээ л туслалцаа үзүүлж байхын тулд ардчиллын хонх, сэрүүлэг дээр байн байн дарах хэрэгтэйг сануулснаар энэхүү арга хэмжээ өндөрлөлөө.

                            Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж