”Эрх чөлөөтэй нийгэмд эрх чөлөөгүй байх дургүй”

Хуучирсан мэдээ: 2012.08.15-нд нийтлэгдсэн

”Эрх чөлөөтэй нийгэмд эрх чөлөөгүй байх дургүй”

Нэг үе уран бүтээл хийхгүй байна хэмээн фенүүдээсээ зэм хүртээд байсан
"Номин талст" хамтлаг ирэх есдүгээр сард нижгэр тоглолт хийхээр зэхэж
буй. Тэр дундаа тус хамтлагийн гишүүн Т.Дэлгэрмөрөн харин ч уран
бүтээлийн ганзага дүүрэн явна. Тэдэнд шинэ тоглолт, шинэ имиж, шинэ үзэл
санаа өнгө аяс дүүрэн байгаа аж.

Энэ талаар СТА Т.Дэлгэрмөрөнтэй ярилцлаа.

-15 жилийн ойн тоглолтын тухайд?
-Манай хамтлаг энэ жил 15 жилийн ойтойгоо золгож байна. Энэ хугацаанд
ард түмнийнхээ сонсох дуртай нэртэй хамтлаг байж чадлаа. Тийм учраас
удахгүй ойгоо сүр дуулиантай өргөн дэлгэр тэмдэглэхийн сацуу ойгоо
угтсан шинэ уран бүтээлээрээ бэлэг барья гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж
байна.

Хуучны болон орчин үеийн дуунуудаас бүрдсэн цомогт маань гитарчин
Д.Өлзий-Орших ажиллаж байгаа. Яагаад хуучны дуунуудаа сэргээж дуулж
байгаа гэхээр бидний дуулсан тухайлбал "Дурласан сэтгэл", "Бид" нэртэй
дуунууд олон залуучуудын амьдралтай холбоотой. Бас хэдийд ч сонсоход
сонсголонтой байдаг. Тэгээд ч хүмүүс дагаж дуулах дуртай байдаг учраас
орчин цагийн дэлхийн хөгжмийн дуугаралт, ая аялгуунд тохируулаад
дуунуудаа шинээр дуулах юм. Дуу маань ч шинээр дахин төрдөг юм байна.
Шинэ цомогт орсон дуунууд маань эхнээсээ тухайлбал "Намайг" нэртэй дуу
сонсогч олны хүртээл болчихсон байгаа . Их ч сонсголонтой хийе гэж бодож
байгаа. Дээр нь залуу үеэ дэмжиж залуучуудын тухай дуунуудыг сонгож
дуулж байгаа.

Ер нь бид ямар дуу дуулахаа мэддэг. Маш сайхан цомог гарна. Бид эстрад
урлагийн тогоонд хамтдаа лаг байсан өнгөрсөн үеүдээ эргээд бодоход
дурсамж дүүрэн үлджээ. Тийм учраас тоглолтоос тоглолтод шилжих бүх
мөчүүд шинэхэн байдаг. Манай хамтлагийн фенүүд доргио залуучууд байдаг
учраас тоглолт сайхан болно гэдэгт итгэлтэй байна.

-"Номин талст" хамтлаг чимээ алдарлаа гэсэн шүүмж фенүүдийн дунд
багагүй байсан. Тиймээс энэ тоглолт нэлээн хүлээлтийг тайлж өгч байгаа
байх гэж бодож байна?

-Хүмүүс биднийг хамтарч уран бүтээл хийхийг хамтлагийн уран бүтээл гэж
ойлгоод байгаа юм. Бид хүн л юм чинь дөрвүүлээ хөтлөлцөөд он жилийг
туулна гэж байхгүй шүү дээ. Бидний ар талд аав ээж, ах дүү хамт олон,
эхнэр хүүхэд минь байна. Тэр бүхэн рүүгээ анхаарлаа хандуулах ёстой.
Нөгөө талаар урлаг өөрөө шоу бизнесийн том талбар учраас өнөөгийн манай
нийгмийн амьдралд тэр болгон дуулаад амьдралаа залгуулаад аваад явахад
хүндрэлтэй тал бий. Гэсэн хэдий ч "Номин талст"-ын Дээгий, Хаазаа,
Хаянаа, Сүхээ гэсэн нэрний дор бүгд уран бүтээлээ хийгээд явж байсан.

Манай хамтлагийн Хаянаа гэхэд л бие даасан хоёр цомгоо гаргалаа. Маш
олон хит дуутай. "Номин талст"-ын нэрийг ер тасалдуулаагүй. Миний хувьд
"Тэнгэрийн бүсгүй", "Амин зүрх" гэсэн тоглолтууд хийсэн. Бие дааж дөрвөн
цомог гаргалаа. Цаашилбал илүү их амжилттай байж тив дэлхийд улсынхаа
нэрийг Гуаньшугийн олимпийн хаалтанд дуулж гаргасан. Энэ мэтээр бидний
уран бүтээл огт тасраагүй.

Бид бие биенийгээ нөхөөд л явж байгаа юм. Харин одоо цаг нь ирсэн байна.
Түүнээс улирал, cap болгон бидний цомог гараад байвал нэгдүгээрт
сониноо алдах, хоёрдугаарт хэт олон дууг дараалан дуулахад олон жил
дуулагдаж байгаа хит дуунууд цөөрөх магадлалтай. Энэ бүгдийг ч бид
хоорондоо ярьж байсан. Тиймээс зарчмын дагуу тоглолтоо хийхээр
төлөвлөсөн. Одоо биднийг хамтдаа тайзан дээр гарахыг хүн бүхэн баяртай
хүлээж авна. Дээр нь үзүүштэй бас сонин харагдах болов уу. Тиймээс миний
бие энэ хугацаанд уран бүтээлээ ч орхигдуулаагүйгээс гадна аавынхаа
үүргийг ч сайн гүйцэтгэж ирлээ.

-Таныг үзэгчид халзан толгой, хар костюм үндэсний хувцсаар
төсөөлдөг. Харин одоо чөлөөт хувцсыг ижилсүүлж өмсөх болж. Энэ таны имиж
үү, эсвэл энэ зуны мод уу?

-Надаас миний гэсэн нэг салхи үнэртэж байгаа. Энэ салхи бол этник тал
руугаа өөрөөр хэлбэл ардын дуугаа илүү хөгжимлөг өнгө аяс руу оруулаад
ардын хөгжим, пентатоник тал руу хэлбийсэн байгаа. Мөн халзан толгой
дээр төрийн соёмбо байгаа. Ер нь би өөрөө үндэсний үзэлтэй, эх opон,
нутаг усаа гэсэн чин эрмэлзлэлтэй байдаг учраас надаас үндэсний салхи
нөгөө гурван гишүүнээсээ давамгай гардаг юм л даа.

Харин одоо"Номин талст"-ын он цаг ирчихсэн байгаа учраас нөгөө гурваасаа
онцгойроод үндэсний үзэлтэй дуу, түүнийгээ илтгэсэн дуунуудаа дуулахыг
зогсоосон. Яагаад гэвэл бидний өмнө нэгдүгээрт хамтлаг, хоёрдугаарт
дараагийн өөрсдийн уран бүтээл байгаа. Үзэгч түмнийхээ дунд үлдсэн
"Номин талст" гэдэг нэрийн төлөө "Харанга","Соёл эрдэнэ", "Хар сарнай"
хамтлаг шиг олон жилийг эзэгнэсэн гайхамшигтай хамтлаг байхын төлөө
тэмүүлж байна.

-Та үзэл бодолдоо хэр тууштай хүн бэ. Эсвэл цаг зуурын ашиг сонирхлын зүйлд автдаг уу?
-Би хүүхэд байхдаа сэтгүүлч, спортын хүн болохыг мөрөөддөг байлаа. Гэвч
"Номин талст" хамтлаг буюу урлагийн буянаар дуулах урлагийн гайхамшиг,
хөгжмийн ертөнц рүү татагдсан. Мөн өөрөө дуу зохиож, надаас гарч байгаа
аялгуунд хүн уйлан хайлж байгааг харах тэр мэдрэмжийг авсан болохоор би
урлаг гэдэг гайхамшигтай зүйлийг мэдэрсэн, ойлгосон. Тиймээс урлагтаа
үнэнч байхын төлөө бүхий л амьдарлаа зориулж явна. Надад урлагаас өөр
хоёр дахь зам байхгүй.

Би "Харанга" хамтлагийн ах нар шиг, Нандинцэцэг эгч шиг, "Соёл Эрдэнэ"
хамтлагийн Баяраа агсан шиг, АЖ Зангад гуай шиг хүний сэтгэлд өөрийнхөө
орон зайг эзэгнэсэн уран бүтээлч түүхэн хүн байхыг хүсч байгаа. Үүнийхээ
төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж байна.

-Та их нүдээ аньж дуулдаг. Энэ нь дуундаа шингэн уусч орж байгаагийн илрэл үү?
-Миний хувьд урлагийн алтан тайзан дээр дуулж байхдаа хүнд сонсголонтой,
сайхан өнгө аястай, дууныхаа утга учир, ая данг нь бүрэн дүүрэн
ойлгуулж өгөх юмсан гэсэн чин эрмэлзлэл, бие сэтгэлээрээ дуулахыг
зорьдог.

-Хамгийн их эрхэмлэн дээдэлдэг зүйл тань юу вэ?
-Мэдээж эх орон, нутаг ус, анд нөхөд бүгд байгаа. Хамгийн гол нь намайг
жаргааж байгаа миний хань, үр хүүхэд, энэ нь цаашаагаа яаж үргэлжлэх нь
миний зохиол учраас надад хамгийн нандин байдаг.

-Таны туйлын хүсэл эрмэлзэл?
-Би их нээлттэй илэн далангүй хүн л дээ. Гэхдээ урлагийн хүн ямар байх
ёстой вэ гэсэн зарчмыг дандаа баримтлана гэдэг зарим талаараа хүндрэлтэй
санагддаг тал бий. Яагаад гэвэл би өөрийнхөөрөө баймаар байдаг. Гэтэл
тийм байж болдоггүй. Наад зах нь гаазтай ундаа ууж болохгүй зэргээс
өгсүүлээд олон асуудал байдаг. Уран бүтээлч хүний хамгийн нандигнаж авч
явах зүйл бурханаас заяасан хоолой. Энэ хоолойг чандлан хадгалах
хэрэгтэй. Дуучин хүн дүр төрхөөс гадна хоолойгоо маш их хайрлаж гамнаж
байх ёстой. Тийм учраас сайхан байгаа үед нь нандигнаж байгаад, АЖ
А.Зангад гуай, Хөдөлмөрийн баатар, АЖ Г.Хайдав гуай нарын гайхамшигтай
хүмүүсийн туулсан замд дөхөж очих юмсан гэсэн чин эрмэлзлэлтэй явдаг.
Ямар ч байсан би 60 хүртлээ дуулна гэж бодож байгаа. Энэ бол миний өмнөө
тавьсан сэтгэлийн зорилго юм.

-Гэр бүл үр хүүхдүүдийнхээ тухайд?
-Эхнэр охины хамт Алтай констракшн "Нархан" хотхонд амьдарч байна. Энэ
байрыг надад Алтай констракшн компанийг олон түмэнд хүргэх үүргийг сайн
биелүүлсэн гэж байр бэлэглэсэн юм. Бас эхнэр маань миний төрсөн өдрөөр
охиныг минь төрүүлж өгсөн. Ингээд л яриад байвал эхнэрийн минь надад
барьсан бэлэг их. Үгээр хэлж баршгүй. Энэ хүн дэргэд минь байгаа учраас
дандаа надад уянга найраг, хайр хосолж байдаг.

-Та дууны шүлгэнд хэр цензур тавьдаг вэ?
-Олон хүний үзэл санааг шууд тусгаж түүнийгээ дуу болгон мөнхрүүлэхийн
тулд маш их бодож байж хийх хэрэгтэй. Хүмүүсийн үзэл санаа гэдэг бол
өөрт нь тохиолдсон амьдралын сэдэв байгаа шүү дээ. Мэдээж тэр хүн бүхэн
бусдад таалагдана гэж байхгүй. Тийм учраас тэр болгоныг сонгож дуулж
болдоггүй. Ямарваа нэг ая хэр их сэтгэлийн хөдөлгөөнийг эзэмдэж чадаж
байна, дээр нь тухайн дууны шүлэг хэр утга төгөлдөр болоод холыг харсан,
өнө удаан жилийн түүхтэй, түүнийг туулж чадах шүлэг байна гэдгийг сайн
тунгааж бодох хэрэгтэй.

Ялангуяа манай "Номин талст" хамтлагийнхны дуулсан дуу одоо хүртэл
эгшиглээд л явж байна. Одоо хэр нь хүмүүсийн амьдралтай холбоотой
байдаг. Тэгэхээр орчин үеийн залуучуудын хэрэглэж байгаа үгүүд биш,
монгол хэлний баялаг үгсээр дуугаа чимж цааш нь удаан амьдруулах
зарчмуудыг урдаа тавьж явдаг. Дууны шүлэг өгсөн хүнд шууд үгүй хэлэх
эвгүй байдаг учраас за би сонсъё гээд л авдаг.

-Таны хувьд энэ зун бүр ч илүү уран бүтээлийн ургац арвинтай байгаа?
-Тийм ээ. Хамтлагийн ажлаас гадна нэгэн том уран бүтээлийн ард гарлаа.
Энэ нь "Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, "Хар сарнай"
хамтлагийн дуучин С.Амармандах бид гурвын өөрөөр хэлбэл ах дүү гурвын
хамтарсан цомог юм.

Монголд эстрад урлаг оршин тогтноод 40 жилийн нүүрийг үзэж байгаа. Энэ
хугацаанд өөрийн гэсэн орон зайг би болгосон хоёр том төлөөлөгчтэй миний
бие дуулснаа өөрийгөө их азтайд тооцоод байгаа. Энэ бол бид гурвын мөн
чанар, бие биесээ гэсэн сэтгэлийн гал нэгтэй байсан учраас бид "Мөнх хөх
тэнгэр" нэртэй цомог гаргасан юм. Энэ цомгоо олон шалгуурыг даван туулж
, олон хөгжмийн зохиолчдын дуунуудаас сонгон шалгаруулж хэр холыг
туулах вэ гэдгийг бодолцож хийсэн. Цомог маань HiFi, orange, UB паласын
бүх салбаруудаар худалдаалагдаж, мөн 1950 утсаар үнэгүй хүргэж өгч
байгаа.

Нэгэнт бидний цомог худалдаанд гарсан учраас бид хөдөлгөөнд орж байна
гэсэн үг. Мөдхөн энэ цомгийнхоо баярыг хийнэ. Бас бид гурав тоглолт хийж
таарна. Хурим найр, гадагшаа явж эх орныхоо нэрийг болон урлагаа
сурталчилж, монгол хүнийхээ үүргийг гүйцэтгэх ажил их өрнүүн байна.

-Таныг гаднаас харахад ихэмсэг дүр төрх ажиглагддаг. Гэхдээ уулзаад ярихад энгийн санагдлаа?
-Манай аав ээж хоёр монгол хэлний багш хүмүүс. Би сэхээтний гэр бүлд
төрж өссөн. Миний хувьд илэн далангүй, чөлөөтэй байх дуртай. Түүнээс
зарим нэг хүмүүс шиг өөрөө өөрийгөө сорьсон, олноос нуугдсан цол
гуншиндаа даруулсан, эрх чөлөөтэй нийгэмд эрх чөлөөгүй явах дургүй.

Өөрөө өөрийнхөөрөө байх дуртай. Харин надаас гарч байгаа аялгуу, миний
зохиосон дууг үзэгчид даган дуулж, тоглолтыг минь дүүрэн үзэж чадаж
байвал энэ миний гавьяа шагнал болох нь тэр.

Д.НЭРГҮЙ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж