“НД-ын шимтгэл төлсөн бол тэтгэмж авах эрхтэй”

Хуучирсан мэдээ: 2012.08.15-нд нийтлэгдсэн

“НД-ын шимтгэл төлсөн бол тэтгэмж авах эрхтэй”

Нийгмийн даатгалтай холбоотой зарим асуудлаар иргэдээс ирсэн асуултад Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтнүүд хариулж байна.

1. Эцгээ нас барснаас хойш төрсөн хүүхэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн чадваргүй хүний тоонд орох уу?

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 1-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн тоонд “..эцгээ нас барснаас хойш мэндэлсэн хүүхэд..”-ийг хамруулахаар заасан. Иймээс аймаг, сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ нь хуулийн дээрх заалтыг баримтлан эцгээ нас барснаас хойш 280 хоног буюу 9 сар 10 хоногийн дотор төрсөн хүүхдийг тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн чадваргүй хүний тоонд оруулан тооцож, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтооно. 

2. Нийгмийн даатгалын шимтгэлийг долоон жил тасралтгүй төлсөн сайн дурын даатгуулагч нас барсан юм. Энэ тохиолдолд ар гэрийнхэнд нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх үү?

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт “тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил, эсхүл нас барахын өмнөх 5 жилийн 3 жилд  нь төлсөн даатгуулагч ердийн өвчний улмаас нас барсан тохиолдолд түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй хүүхдүүдэд тэжээгчээ  алдсаны бүрэн тэтгэвэр тогтоохоор заасан.

Даатгуулагч нь нас барахын өмнөх 7 жилд тасралтгүй шимтгэл төлж, ажиллан хуульд заасан дээрх болзлыг хангасан учраас уг тэжээгчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй  гишүүдэд тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэвэр тогтоож олгоно.

3. Би дагавар хүүхдээрээ тэжээлгэдэг байсан хүн. Гэвч хүү маань 2009 оны 10 сард нас барсан. Энэ тохиолдолд надад тэжээгчээ алдсаны тэтгэвэр гэж тогтоогдох уу?

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2-т зааснаар дагавар хүүхэд нь нас барсан тохиолдолд түүний асрамжинд байсан хойд эцэг, эхийн нэгэн адилаар тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтооно гэж заасан байдаг.

4. Ажилчин албан хаагчид олгож буй хоол, унааны зардал, түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлтөд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах уу?

-Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхой тусгаж, хуульчилсан байгаа. Даатгуулагчдад олгож буй дээр дурдсан хөнгөлөлт нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 4-т заасан “аж ахуйн нэгж байгууллагаас ажилтанд олгож байгаа хоол, унааны зардал, орон сууц, түлээ нүүрсний үнийн хөнгөлөлт, түүнтэй адилтгах бусад орлого”-д хамаарах тул түүнийг шимтгэл ногдуулах сарын хөдөлмөрийн хөлс, орлогын бүрэлдэхүүнд оруулан тооцно.

5. Ажиллаж байсан хувийн компани маань цалингаас НД-ын шимтгэлийг суутгасан боловч НД-ын байгууллагад авсан шимтгэлийг шилжүүлээгүй гэдгийг мэдсэн. Үүнээс болж тэтгэврээ тогтоолгож чадалгүй 10 сар 21 хоног болж байна. Энэ хугацаанд даатгуулагчид учирсан хохирлыг ямар байгууллага хариуцах вэ?

-Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар аж ахуй нэгж, байгууллагууд нь ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг үнэн зөв тооцон сар бүр даатгалын санд төлж байх үүрэгтэй. Энэ хуулийн 6 дугаар зүйлийн хоёр дахв хэсэгт “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй бол даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцан төлнө” гэж заасан байдаг. Тэгэхээр тухайн даатгуулагчид учирсан 10 сар, 21 хоногт ногдох тэтгэврийн хохирлыг хуульд заасанчлан тухайн байгууллагга нь бүрэн төлөх учиртай. Хэрэв тухайн байгууллага шимтгэлийг нөхөн төлөхгүй бол иргэн харьяа дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

6. Би улсын үйлдвэрт ажилладаг. Жирэмсэн байх хугацаандаа хүүхдээ дутуу төрүүлсэн юм. Гэхдээ хүүхэд маань одоо эсэн мэнд бойжиж байна. Надад жирэмсний, амаржсаны тэтгэмж авах эрх үүсэх үү?

-НД-ын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар даатгуулагч эх “… амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол…” жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй. Тиймээс даатгуулагч эхэд хуулийн дээрх заалтыг үндэслэн тэтгэмжийн даатгалын сангаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодож олгоно.  

7. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх хугацаандаа гаднаас эм, тариа авч хэрэглэсэн тохиолдолд мөнгийг нь эргүүлж олгох уу?

-Эмнэлгийн байгууллага нь даатгуулагчийг эмчлэх явцад зайлшгүй шаардлагаар өвчтөний түүхэнд бичигдсэн эм, тариаг тухайн даатгуулагчаар олуулж, эмчилгээнд хэрэглэсэн бол уг эм тарианы мөнгийг зах зээлийн дундаж үнээр тооцож эргүүлэн олгох ёстой. Харин эмчлэгч эмчийн зөвшөөрөлгүй өвчтний түүхэнд бичигдээгүй эм, тариаг даатгуулагч хувиараа авчирч хэрэглэсэн тохиолдолд мөнгийг нь буцаан олгохгүй. 

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж