”Би хэнийг ч шүүж тунгаахыг хүсдэггүй”

Хуучирсан мэдээ: 2012.08.17-нд нийтлэгдсэн

”Би хэнийг ч шүүж тунгаахыг хүсдэггүй”

“Мисс Монголия-2009” тэмцээний тэргүүн мисс,
“Азийн модель” агентлагийн гүйцэтгэх захирал Х.Бадамгэрэлийг “Өглөөний
зочин” буландаа урилаа. “Зорь, хүс, мөрөөд. Түүнийхээ төлөө тууштай
хөдөлмөрлө. Үр дүн нь чамд заавал ирнэ. Ирсэн үр дүнг дэнсэлж үзээд,
ямар нэгэн байдлаар өөртөө үр ашигтай зүйлийг шингээж ав” хэмээн бусдад
зөвлөдөг энэ бүсгүйн ярилцлагыг сонин хэвлэлээс олонтаа уншсан. Унших
бүртээ түүнийг “бусдаас өөр” гэдгийг мэдэрдэг ч энэхүү мэдрэмжиндээ тийм
ч итгэлтэй байж чаддаггүй байв. Харин түүнтэй хэдхэн хором ярилцахдаа
өмнө нь төрсөн мэдрэмжээ үгүйсгэж байсандаа өөрийгөө зэмлэлээ.

Х.Бадамгэрэл төрөлхийн гэмээр бие даасан, эрэмгий дайчин чанараа сайхан
бүсгүй бүрт байх ёстой дөлгөөн тайван, ухаалаг зангаар зөөллөжээ. Ер
бусын ялдам инээмсэглэл нь түүний хар хоргүй, цайлган цагаан дотоод
ертөнцийн гаднах илэрхийлэл гэлтэй.

-Зав муутай байгаа бололтой. Өнөөдөр та ямар ажил амжуулав даа?

-“Мисс Монголия” тэмцээн маань удахгүй болно. Тиймээс хүмүүстэй уулзаж,
тэмцээнийхээ зохион байгуулалтын талаар ярилцлаа. Одоо эндээсээ шууд
хичээл рүүгээ явна.

-Олны танил хүмүүс бусдад үлгэр дуурайлал болохуйц хэмжээнд өөрийгөө
бэлтгэх хэрэгтэй. Таны хувьд мисс, загвар өмсөгч, багш, захирал гээд
олон талаар бусдад үлгэр жишээ үзүүлэх шаардлага тулгарч байгаа?

-Манай агентлагийг зориод ирсэн хүүхдүүдэд загвар өмсөгч гэхээсээ илүү
сайхан эмэгтэй байх урлагт суралцахад нь туслахыг хичээдэг. Залуу хүн
гэдэг сайн сайхан бүхний эхлэл. Энэ ч утгаараа сайн сайхныг бусдад
үргэлж түгээх ёстой. Эрэгтэй хүүхдүүдэд бол эмэгтэй хүнийг хүндэтгэж
сургахыг илүүд үздэг.

-Бүсгүй хүнийг гадаад гоо сайхандаа хэтэрхий их анхаардаг гэдэг шүүмжлэл байнга дагадаг?

-Сайн, муу хоёр ямагт хослон оршдог. Гэхдээ хүмүүс ямар нэгэн байдлаар
мууг нь илүү олж хардаг. Өөрөөр хэлбэл, тухайн хүний чадаж байгаа зүйлд
бус чадахгүй байгаа юманд илүү анхаарал хандуулдаг.

Бусдын аж амьдрал, биеэ авч яваа байдалд хэтэрхий их ач холбогдол өгч
байна. Түүнээсээ болоод өөртөө бухимдал үүсгэж байна. Хувь хүн ямар байх
нь тухайн хүний л сонголт, үзэл бодлынх нь тусгал шүү дээ. Хувь хүний
орон зай, үзэл бодолд бүдүүлгээр халдаж болохгүй. Хүний хүмүүжил, ёс
суртахуун түүний гэр бүл, найз нөхөд, тойрон хүрээлж буй орчноос нь
шалтгаалдаг. Түүнийг шүүмжилж, шүүн тунгаах эрх бидэнд байхгүй.

-Та дотоод гоо сайхандаа хэрхэн анхаардаг вэ?

-Инээмсэглэл их чухал гэж боддог. Аливаа зүйлийг эерэг талаас нь харж
ойлгохыг хичээж инээмсэглэлээрээ бусдад сайн сайхныг түгээхийг хүсдэг.
Мөн тайван байхыг чухалчилдаг.

-Эмэгтэй хүн бүрт сайхан харагдах шунал бий. Энэ шунал танд хэр байдаг вэ?

-Би өөртөө хангалттай сэтгэл хангалуун байдаг. Гэрээс гарахынхаа өмнө нь
өөрийгөө бусдад үлгэр дуурайлал болохуйц хэмжээнд бэлтгэдэг.

-Охид гоо сайхны мэс засалд орох нь ихэсчээ. Зарим хүн үүнд их шүүмжлэлтэй ханддаг?

-Хүн яагаад байгаагаасаа сайхан харагдахыг хүсч болохгүй гэж. Тэр
хүмүүсийн сонголтыг хүндэтгэх ёстой. Гоо сайхны мэс засал ч гэсэн тухайн
хүний л сонголт. Тиймээс би түүний сонголтыг хүндэтгэнэ.

Ер нь бид юунд ач холбогдол өгч, юуг нь огт тоолгүй орхих ёстойгоо ялгаж
салгаж сурах нь зүйтэй юм болов уу. Ямар ч хэрэггүй зүйлд ач холбогдол
өгч, цаг заваа түүнд зарцуулах нь хайран шүү дээ.

-Зарим хүн гоо сайхны мэс засалд орсны дараа төрөлхөөс заяаснаасаа ч муухай болчихдог?

-Би хэнийг ч шүүж тунгаахыг хүсдэггүй. Тухайн хүндээ зөв санагдсан
учраас л тэр замыг сонгосон байж таарна. Алдаа дутагдал гарсан бол тэр
нь сургамж болоод л үлдэнэ. Хөндлөнгийн бид санаа зовох хэрэггүй.

-Бусдад шүүмжлэл хэлэх дургүй юм аа даа?

-Тийм ээ. Би бусдын сайн талыг олж хараад, түүнийг нь илүү хөгжүүлэхийг
хүсдэг. Хүмүүс “Наадах чинь надад таалагдахгүй байна. Наад хувцас чинь
чамд ёстой муухай харагдаж байна” гэж хэлдэг. Хүнтэй ерөөсөө тэгж
харьцаж болохгүй. Шууд хэлсэн шүүмжлэл бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлж,
гомдол үлдээнэ үү гэхээс биш шууд хүлээж аваад, төгс хэрэгжүүлэх
зөвлөгөө болж чаддаггүй. Шүүмжлэлийг зөөлрүүлж хэлсэн тохиолдолд тэр хүн
түүнийг дахин нэг удаа бодож үздэг.

-Та өөрөө шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Шүүмжлүүлэх зүйл дээрээ хүлээж авдаг. Өөртөө итгэлтэй хийгээд,
өөрийнхөө зөв гэж бодсон зүйл дээр бол аливаа шүүмжлэлд өөрийнхөө
үйлдлээр няцаалт өгдөг.

-Өөртөө шүүмжлэлтэй хандаж байсан үе бий юу?

-Би аливаа зүйлд биеэ зуун хувь бэлтгэчихээд, гэрээсээ гардаг учир
өөртөө итгэлгүй байх үе тохиолддоггүй. Өөртөө итгэлтэй байдаг учраас
тэгж бодох ч шаардлага гардаггүй. Эмэгтэй хүн өөртөө итгэлтэй байх
тусмаа гэрэлтэж харагддаг.

-Хүмүүс мисс, загвар өмсөгч хүн ийм байх ёстой гэсэн цензур тогтоодог. Эдгээрээс танд таалагддаггүй шаардлага байдаг уу?

-Загвар өмсөгч гэхээр хүнээс өөр хүн юм шиг хүлээж авдаг. Бид ч гэсэн
инээдэг, уйлдаг. Бусадтай л адилхан мах, цуснаас бүрэлдсэн хүн шүү дээ.
Хүмүүсийн хэлсэн бүгдийг бид өөртөө зуун хувь шингээгээд авч байх ёстой
юм шиг ханддаг.

Хүмүүс бусдыгаа өсч дэвжээд, өөрчлөгдөж байгааг хүлээн зөвшөөрч
чаддаггүй. Яагаад хүн өөрчлөгдөж болохгүй гэж. Хүн өөрчлөгдөж байна
гэдэг чинь тухайн хүнд их, бага хэмжээгээр дэвшил гарч байна гэсэн үг
шүү дээ. Тэр өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч чаддаггүй хүмүүсийг би хэт их
туйлшрамтгай, хуучинсаг үзэлтэй хүмүүс юм гэж боддог.

-Сэтгэлийг тань хамгийн ихээр өвтгөсөн шүүмжлэл юу байв?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гар­­­­­­сан зүйлүү­дийн ихэнхэд нь би ач
холбогдол өг­­­дөггүй. Харин ярь­сан зүй­лийг минь гуй­вуулаад
бич­­­­­­­­чих­сэн то­хиолдолд бол их нервт­дэг. Хам­гийн түрүүнд тухайн
сэт­гүүлчийг л өрөвд­дөг.

Мэргэжлийн сэт­­­­гүүлчид ажлаа мэд­­дэг, хүний нэр тө­рийг хүндэтгэдэг.
Тэдэн­­тэй хамтарч ажил­лахад үр­­­­гэлж таатай бай­­­даг.

-Өөрөө эрээ цээр­гүй үйлдэл хийж байв уу?

-Эрээ цээргүй үйл­дэл бол ми­ний хийх ёс­­той зүйл биш. На­­майг дандаа
хү­­мүү­­­­­жилтэй, бо­ловс­­­­ролтой хү­мүүс хүрээлж бай­­даг. Тиймээс
хү­рээл­лийнхэн маань ч бусдад халтай буюу хөнд­­­­­­лөнгөөс хара­­­­хад
“Ямар тэнэг юм бэ” гэж бо­дог­­до­хоор үйлдэл хийдэггүй. Хийх
шаардлагагүй, хий­хийг ч хүс­дэггүй. Ерөн­хий­дөө үйлдэл болгон маань
эмх цэгцтэй, бусдад үлгэр дуурайлал болохуйц байх ёстой гэж боддог.

-Өөртөө нэлээд өндөр шаардлага тавьдаг бололтой?

-“Мисс Монголия” тэмцээний тэргүүн мисс болсноосоо хойш өдөр бүрийг
бусдын төлөө зориулах ёстой гэж боддог болсон. Бусдын төлөө зориулж
байгаагийн маань нэг илрэл нь “Азийн модель” агентлагт ажиллаж байгаа
явдал.

Манай агентлагийг ихэвчлэн өсвөр насныхан зорьж ирдэг. Тэд мэдээж эцэг,
эхийнхээ зөвлөмж, тусламжтайгаар бидэнд хандаж байгаа. Тиймээс зөвөөр
үлгэрлэхийг хичээдэг.

-Ямар зан чанарыг өөртөө шингээж авахыг хүсдэг вэ?

-Би өдөр ирэх тусам ээжтэйгээ адилхан болж байгаагаа мэдэрдэг. Миний ээж
их хүчирхэг хүн. Хүний амьдрал л юм болсон хойно хэцүү бэрх, хагацал
зовлон зэрэг шантармаар зүйлс тохиолдож л байсан. Тэр бүхний өмнө сөхөр ч
туйлдалгүй, давж гарчихаад юу ч болоогүй юм шиг инээмсэглээд зогсож
байдаг нь бидэнд үнэхээр бахархалтай санагддаг. Ээжийн минь сэтгэлийн
асар их тэсвэр хатуужил, амьдралын төлөөх тэмцэгч зан чанар, эрч хүчтэй,
жавхаатай байдал надад ирнэ байх гэж найддаг.

Одоо ч гэсэн на­дад хангалттай хэмжээ­ний зан төрхүүд нь шингэчихсэн
байгаа. Тэдгээрээс аль бо­лох зөв зүйтэйг нь үр хүүхэд, на­майг той­рон
хү­рээлж бай­гаа хү­мүүст тү­гээхийг хичээ­дэг.

-Хүссэн хэм­жээндээ хүртэл хү­чирхэг байж чаддаг уу?

-Ямар ч байсан таван жилийн дотор хүссэн хэмжээндээ хүрнэ гэж
төлөвлөсөн. Дуртай ажлаа хийгээд, сайхан гэр бүлтэй болж, сэтгэл
хангалуун амьдарна. Түүний төлөө хийх зүйл их байна. Харин таван жилээс
хойш бол хийсэн зүйлээ хэрхэн өргөжүүлэх, бусдын тусын тулд яаж
хандуулахаа төлөвлөж эхлэх байх. Түүнээс өмнө би өөрийгөө илүү хөгжүүлж,
бүрэн төгс боловсруулах тал дээр анхаарна.

-Зорилгодоо хүрэхийн тулд өөртөө ямар баялгийг илүү хуримтлуулж байна?

-Ээж маань намайг бага байхаас л “Эмэгтэй хүн боловсролтой байж, бусдад
хүндлэгдэж, бусдын хайрыг татдаг. Тэр хэмжээгээр гэр бүлээ сайн, сайхан
авч явж чаддаг, бие даасан эмэгтэй байх ёстой. Хийж байгаа бүх зүйлдээ
сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Тиймээс боловсролоор хэн нэгнээс дутах
ёсгүй” гэж сургасаар ирсэн. Би одоо бизнесийн удирдлагын ухаанаар
магистрт сурч байгаа. Цаашид ч суралцана. Хоббигоо мэргэжил, мэргэжлээ
хобби болгоод, олон салбарт чадах чинээгээрээ хувь нэмрээ оруулахыг
хүсдэг.

-Таны дотоод ертөнц рүү хэн нэгэн халдахад ямар эсэргүүцэл үзүүлдэг вэ?

-Миний талаар юу ч мэдэхгүй мөртлөө мэддэг юм шиг ярьдаг хүмүүс байдаг.
Тиймэрхүү хүмүүст би “Ярьж бай. Гэхдээ та ярианыхаа төгсгөлд юу ярьснаа ч
ойлгохгүй. Би таны бодсон шиг хүн биш учраас энэн дээр ямар нэгэн
тайлбар хэлэх, таныг буруутгах шалтгаан алга. Таны ярьж байгаа зүйл
миний хийх гэж байгаа зүйлд огт саад болохгүй” гэж хэлдэг. Хэн нэгний
үйлдэл, өгүүлбэр надад хаалт болж чадахгүй.

-Эрх чөлөөгөө хэрхэн эдэлдэг вэ?

-Гэр бүлийнхэнтэйгээ байхдаа аз жаргал, эрх чөлөөг илүү мэдэрдэг.
Өөрийнхөөрөө байж чаддаг. Хайртай хүмүүсээ тойруулаад сууж байгаа учраас
надад бүх зүйл нээлттэй. Ямар нэгэн хардалт сэрдэлт, учир битүүлэг
зүйлс байдаггүй.

-Мөрөөдлийн тань ертөн­цөөр аялмаар санагдлаа?

-Маш сайн ханьтай, хоёроос гурван насны зөрүүтэй таван хүүхэдтэй болно.
Нэг охин, бусад нь хөвгүүд байна гэж төлөвлөсөн. Сайхан цэвэр агаарт,
бүх зүйлдээ сэтгэл хангалуун амьдарна. Өглөө бүр нөхөр, хүүхдүүдийнхээ
цайг бэлтгэж, тэднийхээ аз жаргалтай инээмсэглэлийг харна.

Мэргэжлээ өндөр түвшинд эзэмшиж, өдөр бүр ажилдаа инээмсэглэж очих
болно. Байгаагаасаа илүү зүйлд хүрэхийн тулд ямагт тэмүүлнэ. Ямар нэгэн
дутуу зүйл байгаа бол түүнийг аль болох богино хугацаанд нөхөхийн төлөө
хөдөлмөрлөнө. Би зорилготой, эрч хүчтэй, тэмүүлэлтэй амьдрахыг хүсдэг.
Энэ л хүсэл мөрөөдлөөрөө өөрийгөө цэнэглэдэг дээ.

-Загвар өмсөгчийн хувьд хийх ажил ер дурдагдсангүй?

-Амьдралынхаа туршид загвар өмсөгч, мисс шиг амьдарна гэдэг хэцүү.
Эмэгтэй хүн учраас хань, үр хүүхэдтэй болно. Тэдэндээ илүү цаг зарцуулж
байж, эргээд аз жаргалыг мэдэрнэ шүү дээ.

Би дэлхийн топ дөрвөн тэм­цээний нэг “Мисс интернэйшнл” тэмцээнд
оролцоод ирсэн. Тэндээс их зүйл сурсан. Тиймээс харамсах зүйл байхгүй.
Тэмцээнүүдийн санал ирдэг. Боломжтой гэсэн тэмцээндээ оролцдог.

-Яагаад ганцхан охинтой болохоор төлөвлөсөн юм бэ?

-Миний төлөвлөснөөр болохгүй ч байж магад. Би өөрөө гурван эрэгтэй
дүүтэй, айлын том хүүхэд. Миний амьдралын жишээгээр ганцхан эгчтэй,
эрэгтэй хүүхдүүд эмэгтэй хүнийг хайрлаж, хүндэтгэж сурдаг. Би дүү
нарынхаа хажууд байхдаа асар том хамгаалалтад орчихсон юм шиг санагддаг.
Тиймээс миний охин яг л тийм мэдрэмжийг авдаг байгаасай гэж хүсдэг юм.

-Таны хайрыг ямар залуу татах бол?

-Хүсэл зорилго, тэмүүлэлтэй. Зорилгынхоо төлөө тууштай тэмцдэг. Ямар
нэгэн байдлаар шантрах, сэтгэлээр унах асуудал гаргадаггүй. Хамтдаа
ихийг хийе, бүтээе гэсэн эрч хүчтэй, жавхаатай хүн байгаасай гэж хүсдэг.

-Болзоонд хэр явж байна?

-Манай найз залуу их романтик. Надад үргэлж гэнэтийн зүйл бэлддэг.
Эрчүүд эмэгтэй хүнийг алхам тутамд нь зөөллөж, баярлуулж байх нь зүйтэй
болов уу.

-Та ч бас хариуд нь романтик бэлэг барьдаг уу?

-Хайртай хүмүүсийн бие биедээ барьж буй бэлэг бүхэн сайхан байдаг. Би алхам тутамдаа түүнийгээ баярлуулахыг хичээдэг.

-Хайр дурлал таныг өөрчилсөн үү?

-Би их хатуу, хурц ааштай хүн л дээ. “Тэгэх ёстой” гэж ярьдгаас биш
“Тэгвэл яах бол” гэж тээнэгэлздэггүй. Шийдвэрийг цаг тухайд нь хурдан
гаргадаг. Бусад нь миний шийдвэрийг зөвшөөрвөл ажлаа хурдан эхлээд,
хурдан дуусгахыг хүсдэг.

Хайр дурлал миний зан авирыг зөөллөсөн.

-Ойрын үед баттай бие­­­лүүлнэ гэсэн төлөв­лө­гөөнөөсөө хуваалцаач?

-Манай агентлаг өсвөрийн загвар өмсөгчдийн “Wonderful Fashion” тэмцээнээ
хоёр дахь удаа зохион байгуулахаар бэлтгэлээ базааж байна. Тэмцээний
маань эцсийн шалгаруулалт ирэх оны гуравдугаар сард болно. Тэмцээнээ
сайн зохион байгуулж, амжилттай өндөрлүүлэхийг хүсч байна.

Хувийн амьдралын хувьд ирэх ондоо багтааж, магистрын зэргээ хамгаалахаар төлөвлөж, судалгааны ажилдаа цаг их зарцуулж байна.

ЭХ СУРВАЛЖ: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж