“Шударга ёс” эвслийн сайд нар тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.08.20-нд нийтлэгдсэн

“Шударга ёс” эвслийн сайд нар тодорлоо

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан сая өндөрлөлөө. Бүлгийн хуралдаанаар хамтарсан Засгийн газарт ажиллуулах таван сайдынхаа нэрийг хэлэлцжээ. “Шударга ёс” эвслийг бүрдүүлэгч МАХН, МҮАН хоёр эхлээд эвсэлд ногдсон дөрвөн сайдын суудлыг хоёр хоёроор нь авахаар ярилцаж байсан ч сүүлдээ МАХН-д гурав, МҮАН-д нэг суудал оноохоор эцэслэн тохирсон байна.

Энэ талаар тус бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээлэл хийлээ. Тэрбээр “Улс төрийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж сайдын суудлыг 3:1 гэсэн харьцаагаар хуваарилахаар шийдвэр гаргасан. Эвслийнхээ эв нэгдлийг хадгалах үүднээс ийм шийдвэрт хүрсэн. МҮАН-ын зүгээс М.Энхсайханыг Засгийн газарт оруулж Шадар сайд юм уу, Сангийн сайдад нэр дэвшүүлье гэж байсан. Гэхдээ МҮАН-д сайдын нэг суудал ногдсон тул М.Энхсайхан дарга нэрээ татсан. Уг нь МҮАН-ын хувьд М.Энхсайхан даргыг Засгийн газарт хэрэгтэй, нийгэм, эдийн засгийг өргөн хүрээтэй харж чаддаг, түшиг болох хүн гэж үзэж байсан ч нэрээ татлаа.

Ингээд МАХН-аас шадар сайдад Д.Тэрбишдагва, Сангийн сайдад Ч.Улаан, Эрүүл мэндийн сайдад Н.Удвал, МҮАН-аас Эрчим хүчний сайдад М.Сономпил нарын нэрийг дэвшүүллээ” гэлээ.

УИХ-ын дэд дарга Ч.Улаан Сангийн сайдад нэр дэвшсэн тул түүний оронд УИХ-ын дэд даргад Л.Цог гишүүний нэрийг дэвшүүлэхээр ярьж буй аж. Гэхдээ УИХ-ын дэд даргыг МАХН, МҮАН-ын удирдлага дахин ярьж шийдэхээр болжээ.

МАХН, МҮАН хоёр есөн жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ гэрээгээ мөрдөж ажиллана гэдгийг бас хэллээ.  Мөн улс төрийн нэг хүчин болох эсэхийг амьдрал харуулна гэлээ.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж