НИТХ сар бүр хуралдана

Хуучирсан мэдээ: 2012.08.21-нд нийтлэгдсэн

НИТХ сар бүр хуралдана

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан дээр хотын дарга Э. Бат-Үүл дээрхи үгийг харьяа газрын дарга нарт анхааруулав. Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжаас авахуулаад бүх шатны удирдлагуудын гаргасан тушаал, шийдвэр олон нийтэд тэр даруйдаа ил тод хүрч ажиллахыг Хотын дарга баримталж байна. Үүний зэрэгцээ Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлыг тогтмолжуулж долоо хоног бүрийн пүрэв гарагт уг хуралдааныг хийж байхаар болжээ. Энэ хурлаар нийслэлд тулгамдаж байгаа асуудлыг цаг хугацаа алдахгүй түргэн шуурхай ярилцаж байх юм байна. Нийслэлийн засгийн газрын хуралдаан гэж ойлгож болох нь ээ. НИТХ өмнө нь жилд 2 удаа хуралддаг байсан бол одооноос эхлэн сар бүр хуралдаж байх юм байна. Ингэхийн тулд хуралдааны дэгд өөрчлөлт оруулна.  Нийслэлийн иргэдээс сонгогдсон төлөөлөгчид хотын асуудлаар санал бодол байр сууриа илэрхийлж байх учиртай. Ингэж байж иргэдэд хүрсэн, амьдралд нь тустай шийдвэр гарах болно гэж Хотын дарга Э. Бат-үүл үзэж байна.

Өчигдөр болсон Нийслэлийн удирдах ажилтны шуурхай хуралдаан дээр Нийслэлийн боловсролын газар,  Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл, засварын ажлын явцын талаар танилцуулав. Нийслэлийн хэмжээнд 105 сургууль,  цэцэрлэгт засвар хийгдэж байгаагаас 76 ажил иж бүрэн дууссан байна. Бусад ажлууд 9 дүгээр сарын 1 гэхэд дуусна гэв.

Өнгөрсөн долоо хоногт замын хөдөлгөөний түгжрэлийг хэрхэн бууруулах вэ гэдэгт хотын удирдлагууд анхаарлаа хандуулсан. Цогц арга хэмжээ авч байж энэ асуудлыг шийдэх боломжтой гэж үзэж байгаа юм. Энэ асуудлыг лхагва гарагт болох НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэхээр болсон тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат мэдээлэв.

Эх сурвалж:  www.ulaanbaatar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж