ЭЗ-ийн статистикийн асуудлаар хуралдав

Хуучирсан мэдээ: 2012.08.23-нд нийтлэгдсэн

ЭЗ-ийн статистикийн асуудлаар хуралдав

Монгол Улс, Австрали улстай хамтран “Байгалийн нөөцөд суурилсан эдийн засгийн статистикийн асуудлаарх Улаанбаатар хотын групп”-ыг байгуулах санаачлагыг гарган, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Статистикийн Комиссын (НҮБСК) ээлжит 43 дугаар чуулганаар  батлуулсан билээ.

Олон улсын хэмжээнд  мөрдөгдөж буй Үндэсний тооцооны системийн хүрээнд уул уурхайн салбарын үйл ажиллагааг бүрэн гүйцэд бүртгэх, түүний эдийн засагт оруулах хувь нэмэр, нийгмийн бусад салбарт үзүүлэх нөлөөллийг бодитой тооцох чиглэлд онол, арга зүйн сайн туршлагыг нэгтгэж, арга зүй, практик  зөвлөмжийг боловсруулахад мэргэжлийн байгууллагууд, туршлагатай зөвлөхүүдийг татан оролцуулж,  үйл ажиллагааг нь нэгтгэх энэхүү группын үйл ажиллагааны хүрээнд 2012 оны 8-р сарын 20-22-ны өдрүүдэд анхдугаар хуралдааныг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

Тус хуралдаанд Австрали, ОХУ, БНХАУ, Вьетнам, Мексик, БНЭУ, Казахстан, Азербайжан, Бразил, Мадагаскар, Иран, Лесото, Тусгаар улсуудын хамтын нийгэмлэг, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага зэрэг дэлхийн 13 улс, олон улсын байгууллагын 21 төлөөлөгчид оролцлоо.Хуралдааны эхний өдөр Улаанбаатар группын ажлын удирдамжийн төслийг хэлэлцэж баталсны зэрэгцээ үйл ажиллагааны чиглэлийн төслийг эцэслэн тодорхой болгов. Хоёрдахь өдөр Улаанбаатар хотын группын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн болон зөвлөхийн бүлэг байгуулах тухай хэлэлцэв. Төлөөлөгчдийн саналаар Улаанбаатар группын удирдах зөвлөлийг Азербайжан, Австрали, Бразил, БНХАУ, БНЭУ, Казакстан, Иран, Монгол, Мадагаскар, ОХУ зэрэг нийт 10 улс орны бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж, удирдах зөвлөлийн хуралдааныг 2013 онд ОХУ-ын Санкт-Петрбург хотноо зохион байгуулахаар боллоо. Мөн улс орнууд зөвлөхүүдийн бүлэгт орох гишүүний нэрсийг 2012 оны 9 дүгээр сарын 5-ны өдөрт багтаан Улаанбаатар хотын группын удирдах зөвлөлд цахим шуудангаар хүргүүлэхээр тохиролцлоо гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж