Их аварга нэр нь зохиогүй “их зодоонч”

Хуучирсан мэдээ: 2012.08.24-нд нийтлэгдсэн

Их аварга нэр нь зохиогүй “их зодоонч”

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Их аварга танхайрлаа, Их аварга хүн зодож танхайрав, Их аварга эхнэрээ нэвширтэл нь зоджээ гэж бичсэнийг үзээд аварга гэхээр нь бөхчүүд санаанд бууж, зоджээ гэхээр өнөөх л балмад архичдын бичигддэг үйлдлүүд бодогдов. Хэдэн жилийн өмнөөс монголчууд “их аварга” гэж ярих болсон. Тэр нь Улсын заан Долгорсүрэнгийн хүү Дагвадорж гэдгийг мэдэхгүй хүнгүй. Тэрбээр хүүхэд байхынхаа нударга зөрүүлдэг байсан гэж яригддаг.  Анх арлын Японд очсон цагаасаа л хүнд гар хүрэх авъяасаа таниулаад авсан. Яаж япончуудад гар хүрчихээгүй  юм бол гэж бодогдохоор. Сүүлийн үед Дагвадоржийн авир хэрээс хэтэрч их бага. эр эм гэхгүй архинд хөлчүүрэхсэн үедээ өөрт таалагдаагүй  нэгэнд гар хүрчихдэг болжээ. Дагвадорж тийм юм бүтээж гэнэ гэх биш, тэр хүн зодож гэнэ гэсэн яриа  тогтмол яригдах болов. Саяхан Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд наадам үзэж явсан МҮОНТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатарыг зоджээ.

Д.Дагвадоржийг монгол бөх гэхээсээ илүүтэй япон бөх гэж хэлж болно. Түүнийг үндэсний бөхөөр барилдаж байхыг нь мэдэх хүн байхгүй. Хэрвээ тэр аралд очиж тэндхийн дэгэнд баригдаагүйсэн бол эцэг эхийнхээ чихийг халууцуулдаг нэгэн байх байсан бизээ. Тэр бөх хүн зодож гэнэ гэж сонсохоор сэтгэлд нэг л бууж өгөхгүй байх нь бий. Тэгээд эхнэрээ, эмэгтэй хүнийг зоддог бөх хүн байна гэхээр чихүүдэс  хүрмээр. Монголчуудад ийм уламжлал байгаагүй болоод тэр. Харин сүүлийн жилүүдэд мэр сэр сонсогдох болсон. Монгол үндэсний бөхийн жудаг алдаг­даж байгаа нь тэр бизээ. Бөх хүн олныг тойруулж хөгжөөн баясгаж, түмний хайрыг дааж явснаас биш хүн няслах ч зориг зүрх байхгүй юм шиг харагддаг. Тэд алдар цол ахих бүрдээ түмний хүндэтгэлийг хүлээх нь бий. Ёстой л “Их аварга” гэдэг нэрээр дуудуулж болох аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нарыг хүний өөдөөс гар зангидах нь байтугай хялайн харж байсныг нь үзээгүй гэх юм билээ. Ийм сайхан монгол бөхийн жудаг зааны хүүд  заяасангүй юу. Өнөөдөр Д.Дагвадоржоос хүн бүхэн цэрвэх болж. Тэр эвгүйгээ хүрвэл яаж ч мэднэ шүү гэж яригдаж байна.

Д.Дагвадоржид их аварга гэдэг нэрийг монгол бөхийн дэвжээнээс өгөөгүй. Энэ нь арлын японд л дуудагдах гуншин болохоос биш монголчуудад төдийлөн хамаарах зүйл  биш бололтой. Тэрнээс биш Төв цэнгэлдэхийн зүлэгт ногоон дэвжээнээ хүчийг үзэж түрүүлэн,  цолоо дуудуулж, есөн хөлт тугандаа мөргөж авсан алдар цол биш. Монголчууд бид аливаа юмны учир начирыг зөвөөр тунгааж баймаар. Түүхэн уламжлалт монгол үндэсний бөх гэдэг гэрийн буйран чинээ зайд гэдсээрээ тулж түлхэлцсэнтэй адилгүй спорт билээ. Олон улсын чанартай тэмцээний зэрэглэлд багтдаггүй. Дэлхийд монголоос өөр ямар ч орон “сумо” гэдгийг мэддэггүй. Бид харь гүрний үндэсний бөхөд хэд түрүүлчихсэн  нэгнийг “Их аварга” гэж дуудаад байхын оронд дэлхийн томчуудын хүчийг уралдуулсан олимпийн дэвжээнээс алт. мөнгөн медаль хүртсэн Н.Түвшинбаярыгаа “Их аварга” хэмээн яагаад дуудаж болохгүй гэж. Манайхны өнөөх туйлширдаг зан. Япончууд сумогийн их аварга гээд дуудчихсан. Үнэн хэрэгтээ  японд энэ сумо гээд байгаа мяраалаг бөхчүүдийн барилдааныг цөөхөн хүрээний хэсэгхэн ахмад хүмүүс үздэг гэдэг. Харин сүүлийн үед гадны хэд хэдэн бөхчүүд барилдаж өрсөлдөөн бий болсон нь олны сонирхолыг татсан аж. Манайхан Д.Дагвадоржийг хаа яваа газар нь их аварга гээд хөөргөчихсөн. Цуг зургаа татуулах гэж уралцах нь холгүй юм болно. Япон бөхийн аваргад монголчуудын хүндэтгэл ахадсан бололтой. Зодоонч бөх монголын түүхэнд байгаагүй юм гэдэг. Монгол Улсын эрүүгийн хуулинд аливаа алдар цолтой хэн нэгэн, хүн зодож гэмтээхэд түүнд хэрэг хүлээлгэхгүй гэсэн заалт байхгүй баймаар. Хэвлэлүүдээр Д.Дагвадоржийн олон удаагийн үйлдлийг хэрэгсэхгүй болгоод замхардаг гэж бичжээ. Тэр ах Д.Сумъяабазарыгаа УИХ-д дэмжсэнгүй гэж МҮОНТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатарыг зодсон. Удахгүй болох Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд ах нь УИХ–д сонгогдохгүй бол өрсөлдөгчид нь болгоомжтой байхад илүүдэхгүй бололтой. Яаж өөрөө нэр дэвших гэж яваагүй юм бол гэж бодогдуулахад хүрч байна. Энэ жил сонгуулийн сурталчилгаанаас болж манай хоёр ч сэтгүүлч зодууллаа. Өмнө нь Хөвсгөл аймгийн телевизийн сэтгүүлч зодуулж байхыг бид харсан. Энэ бүхэнд Монголын сэтгүүлчдийн байгууллага дуугарсангүй. Цаашид сэтгүүл­чид зодуулж хохироод л өнгөрөх бололтой. М.Наранбаатар ч нутгийн дүү, ард түмний хайртай хүүд зодуулснаа “бахархах” янзтай. Ард түмний гавьяат гэдэг шиг бас болоогүй ард түмний хайртай хүү гэчихжээ.  Монголчууд Дагвадоржийн өмнө сөгдөж байх нь л дээ. Үүнийг хуулийн байгууллага толгойг нь илж гааруулахгүй бизээ. Монгол бөхийн нэр хүнд гэж бий. Эрхэм тэр нэрийг япон сумогийн аваргаар гутаалгаж болмооргүй байна.

Н.ЛХАГВА

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж