“Most Money” үйлчилгээг нэвтрүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.08.27-нд нийтлэгдсэн

“Most Money” үйлчилгээг нэвтрүүллээ

ХХБ, Капитрон банк, Төрийн банк, Мобиком корпораци хамтран
Төлбөрийн нэгдсэн Most Money үйлчилгээг нэвтрүүллээ

Өнөөдөр Монголын тэргүүлэгч компаниудын төлөөлөл болсон ХХБ, Капитрон банк, Төрийн банк, Мобиком корпораци хамтран Монголд анх удаа Төлбөрийн нэгдсэн Most Money үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж байгаагаа зарлалаа. Энэхүү үйлчилгээ нь олон банк, олон үүрэн холбооны оператор, бизнесийн байгууллагуудыг нэгтгэх боломжтой дундын үйлчилгээ бөгөөд санхүү, банкны салбарт байгаа одоогийн зардлын олон давхардалыг үгүй хийж эцсийн хэрэглэгчдэд очих өртгийг бууруулсан үйлчилгээ гэдгээрээ онцлог юм.

Зөвхөн нэг жишээ дурдахад: Хэрэглэгч нэг банк дотор болон банк хоорондын аль ч гүйлгээг гар утас, интернэтээр тухайн агшинд, оршин байгаа газраасаа гүйцэтгэж чадах болж байгаа бөгөөд ингэснээр замын зардал, цаг хугацаа зарцуулан байж банк руу явдаг байсныг халж байгаа юм. Дахин цохон тэмдэглэхэд энэ нь зөвхөн нэг банкны бус олон банкны харилцагчдад хүрэх юм.

Мобайль мөнгөний ийм төрлийн үйлчилгээг дэлхий даяар “мобайл хэтэвч”, Монголд “Most Money” гэсэн оноосон нэрээр нэрлээд байна. Учир нь гар утсан дотор төлбөрийн дебет, кредит, препэйд бүх төрлийн карт, хадгаламжийн дэвтэр, бэлэн мөнгийг хүртэл агуулж болдог болж байна. Манай Монголын банкууд, үүрэн холбооны операторууд энэхүү дэлхий даяар өрнөж буй үйл явц, түрлэгээс хоцролгүй энэ салбарт алхаа нийлүүлэн орж байгаа нь бахархууштай.

Одоогоор Most Money-д дараах үйлчилгээнүүд багтаад байна. Үүнд:

  • Мөнгөн шилжүүлэг буюу дурын банкны данс руу мөнгө шилжүүлэх, Most Money-н хэрэглэгчийн гар утас руу мөнгө шилжүүлэх, өөрийн данс хооронд мөнгө шилжүүлэх гэсэн дэд үйлчилгээнүүд;
  • Худалдан авалт үйлчилгээ буюу зайнаас болон картын ПОС дээрээс гар утсаараа бараа үйлчилгээ худалдан авах үйлчилгээ; 
  • Билл төлбөр үйлчилгээ буюу дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын төлбөрийг гар утас болон вэбээр төлөх; үүнд цахилгаан, гар утас, интернэт гэх мэт төлбөрүүд; 
  • Элдэв төлбөр үйлчилгээ буюу урьдчилсан төлбөрт үйлчилгээ үзүүлэгчдийн бараа үйлчилгээ худалдан авах; энэхүү үйлчилгээнд ирээдүйд замын төлбөр, татвар, хураамж гэх мэт олон үйлчилгээнүүд багтах боломжтой; 
  • АТМ  болон банк дээрээс бэлэн мөнгө авах үйлчилгээ,
  • Мөн өөрийн дансны үлдэгдэл, сүүлд хийсэн гүйлгээний мэдээллүүд гэх мэт нэмэлт үйлчилгээнүүд багтаж байна.

Мөн бизнесийн байгууллагуудад зориулан Гар утсан ПОС, Кассын ПОС, Картын ПОС, Интернэт ПОС зэрэг бүтээгдэхүүнүүдийг санал болгож хэрэглэгчдээсээ гар утсаар төлбөр хүлээн авах боломжийг нээж өгч байгаа юм. 

Дэлгэрэнгүй мэдээллийг www.mostmoney.mn сайт, 31-57-57 дугаараас лавлана уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж