“Н.Энхбаярт зориулж хууль санаачлаагүй”

Хуучирсан мэдээ: 2012.08.27-нд нийтлэгдсэн

“Н.Энхбаярт зориулж хууль санаачлаагүй”

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдаж, Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцээд үндсэнд нь дэмжсэний зэрэгцээ Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 79.3 дахь заалтад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн “Хэлэлцэх нь зүйтэй” гэж үзсэн байна. Энэ талаар болон бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус эвслийн бүлгийн дэд дарга О.Баасанхүүгээс дараах тодруулгыг хийлээ.

-Бүлгийн хуралдаанаар цаг үеийн чанартай хэд, хэдэн асуудал хэлэлцсэн гэх мэдээлэл байна. Үүн дотор Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл багтаж, ямар шалтгааны улмаас хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болов. МАХН-ын дарга Н.Энхбаярыг ялаас мултлахын тулд уг хуулийг санаачлаад байгаа юм биш биз гэх хар төрчихлөө?

-Бүлгийн ээлжит хуралдаанаар цаг үеийн чанартай нэлээд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Эхний удаад “Шударга ёс” эвслийн бүлгийн 11 дэх гишүүнийг УИХ-д оруулж, тангаргыг нь өргүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Үүний тулд 11 дэх гишүүний асуудлыг бүлэгт намаас оруулж ирэх нь чухал байна гэж үзлээ. Хоёрдугаарт, удахгүй есдүгээр сарын 7-н болно. Өнгөрсөн жилийн намар яг энэ өдөр УИХ-ын 20 гишүүн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх ёстой хэмээн байр сууриа илэрхийлж байсан. Тэдгээр гишүүдээс өнөөдөр 13 нь УИХ-д дахиж сонгогдсон байна, тиймээс энэ асуудлыг УИХ-ын төвшинд дахин тавих ёстой гэж бүлэг үзлээ. Гурав дахь нь  Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 79.3 гэсэн заалтад өөрчлөлт оруулах тухай юм. Хуулийн төслийг миний бие санаачилсан, Засгийн газраас санал авахын тулд өнөөдөр төсөл өргөн мэдүүлнэ. Бүлгийн хувьд чиглэлийнх нь хүрээнд дэмжсэн. Энэ хуулийн төслийг хэн нэгэн хүнтэй холбож ярих нь буруу. 1990 онд ардчилал бий болсноос хойш хүний эрх, тэр дундаа хүний халдашгүй эрхийн асуудал дээд цэгтээ тултал яригдаж Нийгмийн аюулаас хамгаалах яамыг татан буулгаж, нэгжийг нь багасгасан байдаг. Гэтэл өнөөдөр гүйцэтгэх ажиллагаа явуулахад, замбараагаа алдсан, хэтэрхий олон бүтэцтэй болсон байдаг. Нөгөө талаасаа 2007 онд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд 79.3 гэсэн заалтыг оруулахдаа хүмүүст тулгаж ял хүлээлгэх, мэтгэлцээнгүйгээр ял хүлээлгэх, нөгөө талаасаа иргэн ямар хэрэгт буруутайгаа мэдэхгүйгээр  ял авах бололцоо нээгдчихсэн. Үүнийг засч залруулах шаардлагатай байна. Ингэхгүй бол маш олон хүн матаасаар ял авчих бололцоо нээгдчихэж, ийм учраас өнөөдөр үүнийг өөрчлье гэж байгаа юм.

-Гэхдээ энэ төслийн зорилго нь Н.Энхбаяр даргыг ялаас мултлах хуулийн төсөл болж хувирч байгаа юм биш үү?

-Зөвхөн Н.Энхбаяр даргад зориулж хууль санаачилсан гэхээс илүү долдугаар сарын 1-ний хэрэг байна, хаалттай хэлэлцэнэ, нууцын зэрэглэл гэж яриад байгаа. Жишээлбэл хохирогчийн өмгөөлөгч байхгүй байгаа. Дээрээс нь олон хэргийг нэрлэж болно. Яагаад гэвэл процесс дээр аваад үзэхээр ял өгөх гэж байгаа улсын яллагч өмгөөлж байгаа өмгөөлөгч мэдэхгүйгээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан эрх бүхий байгууллагаас ирүүлсэн бичиг гэдгийг шүүгчид өгөөд, шүүгч эх сурвалжийг задруулахгүй гэдгээр хэргийг шийддэг болж байгаа. Гэтэл олон улсын пактыг аваад үзэхээр жишээлбэл, хүний эрхийн пактаар тайлбарлавал хүн өөрийгөө өмгөөлөх эрхтэй. Өөрөө өөрийгөө өмгөөлөх болон бусдаар өмгөөлүүлэх эрхэнд нь саад учруулсан байгаа учраас, ялангуяа би өнөөдөр гадаадын хууль тогтомжуудыг харлаа. Гүйцэтгэх ажиллагаа дангаараа нотлох баримт болдоггүй юм байна, заавал тодорхой мөрдөн байцаалт, заавал тодорхой тодруулга, заавал тодорхой эх сурвалжийг нь баримтжуулж шүүх хуралдаан мэтгэлцээнээр явагдаж байж нотолгоо болдог. Гэтэл өнөөдөр матаасаар гэх юм уу, эс бөгөөс хүний үг чагнаад шийдсэн зүйлээр бусдыг яллах гол нотолгоо болгоно гэдэг аймшигтай. Харилцаа холбооны зохицуулах тухай хуульд маш аюултай заалт орсон. Бүх оператор компаниуд шүүлтүүрийн системийг тавина гэж байгаа. тэгэхээр иргэдийн бараг 90 хувь нь гар утсаа чагнуулж байна гэж ойлгож болно. Таны миний бүгдийнх нь халдашгүй байдалд ингэж халдаж байна. Магадгүй хэн нэгэн утсаар найзтайгаа ярих үедээ бусдын тухай нэг зүйл ярихад тэр нь гэмт хэргийн нотолгоо болох магадлалыг өндөрсгөж байгаа, тийм учраас өөрчилье гэж байгаа юм л даа.

-Эвслээс УИХ-д суух 11 дэх гишүүн хэн байх вэ, Н.Энхбаяр дарга уу, эсвэл Ц.Оюунбаатар уу?

 -Түүнийг МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл шийднэ. Эвслийн хурлаас өмнө бүлгийн дэд дарга тэр орж ирэх ёстой гэж тайлбарлах боломжгүй.

-Дэд сайдын асуудлыг ярилцсан уу?

-Дэд сайдын асуудлыг ярилцсан, гэхдээ эхний ээлжинд яамдуудаа тодорхойлох ёстой юм байна. Ерөнхийдөө Засгийн газрын төвшинд долоогоос найман яамд яригдаж байна, эцсийн шийдэл гараагүй учраас дэд сайдтай холбоотойгоор тодорхой хүний нэр ярих боломжгүй байгаа. Яам нь тодорхой болсон нөхцөлд хэн, хэнийг дэд сайдаар томилох тухай ярих бололцоотой.

-УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Ц.Цолмон нар МАН-ын гишүүдийг бүлэгтэй болгох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлчихээд байгаа. Эл төслийг бүлэг хэлэлцсэн үү? 

-Улстөрийн талаасаа ямар ч байсан өргөн барьсан асуудлыг тодорхой хэмжээнд ярина. Харин ийм төслийг өргөн барьсан нь зөв гэдэг юм уу, ямар нэг байр суурь илэрхийлэх боломжгүй.

-Орон нутгийн сонгуулийн тухай хуульд сонгогч сонгууль өгөөгүй бол төрийн албанд томилохгүй, сонгуулийн үр дүнгийн талаар гомдол мэдүүлэхийг мөн хориглох заалт тусгасан байгаа. Энэ заалтуудыг бүлэг дэмжиж байгаа юу?

-Үндсэн концепцийг нь дэмжиж байгаа, гэхдээ тодорхой заалт бүрээр нь дахиж авч хэлэлцэнэ. Таны асуусан энэ мэт эргэлзээтэй заалтуудыг манайх ажлын албанд гаргаж өгнө. Ажлын албанд авч хэлэлцээд шийдвэрлэнэ.

-Уг хуульд мөн гурвны нэг нь намын жагсаалтаар нэр дэвшинэ гэж заачихаад байгаа. Нутгийн удирдлагыг улстөрөөс ангид байлгах ёстой гэж яриад байгаа хэрнээ түүнийхээ эсрэг заалтыг хуулийн төсөлд оруулсан гэдэг шүүмжлэл гараад байна. Үүнд та ямар тайлбар хийх вэ? 

-Ажлын албанаас янз бүрийн эргэлзээтэй заалтуудаа оруулаад ирэг,  тэр цагт нь бид ярилцана.

-Өнгөрсөн бямба гаригт танай намын Бага чуулган болж нарийн бичгүүдээ томилсон. Ерөнхий нарийн бичгийн даргыг хэзээ томилох вэ?

-Манай намын удирдлагуудаас асуу, хэлж мэдэхгүй байна. Хурал нь ч хэзээ болох юм бүү мэд.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж