Д.Эрдэнэбат: Дэд сайдууд байна

Хуучирсан мэдээ: 2012.08.28-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбат: Дэд сайдууд байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар сэтгүүлчид дараах яриа өрнүүллээ.

-Засгийн газар өнгөрсөн долоо хоногт хуралдах үеэрээ дэд сайдын  албыг байхгүй болгох тухай хөндсөн гэх юм. Шинэчлэлийн Засгийн газар дэд сайдгүйгээр ажлаа хийхээр шийдээ юм болов уу. Ийм мэдээлэл цацагдаад эхэллээ, бас шуум ч явж байна?

-Тийм шуум ч явахгүй байх аа даа, би сайн мэдэхгүй байна. Өнөөдрийн байгаа бүтэц зохион байгуулалтаар бол дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга гэдэг албан тушаалын орон тоо хэвээрээ бий. Түүгээрээ явах болов уу л гэж бодож байна. Хэрвээ энэ бүтэц зохион байгуулалтыг цомхотгоно гэвэл Нийтийн албаны тухай хуулийг өөрчлөх хүрээнд уялдаад өөрчлөгдөхийг үгүйсгэх аргагүй.

-УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд Нийтийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулахаар жагсаасан байсан. Тэгэхээр магадлалтай ч юм уу?

-Нэг зүйлийг онцолж хэлье, бүлгийн хуралдааны үеэр өчигдөр төрийн албыг хэзээ нийтийн алба болгох юм бэ гэдэг зүйл яригдсан. Өнөөдөр төрийн албаны бүтэц ямар байна, иргэдэд үйлчлэх албыг өнгөрсөн хугацаанд гүйцэтгэж ирж чадсан уу, үгүй юу. Үүнийг өөрчлөхөд бидэнд ямар арга зам хэрэгтэй юм, жинхэнэ иргэдэд үйлчилдэг агуулга руу оруулахын тулд.  Өөрөөр хэлбэл, төрийн албыг эрх мэдлийн захиргааны хуваарилалтын зохицуулалтаас нь татгалзуулаад жинхэнэ төрд үйлчилдэг биш, иргэндээ үйлчилдэг энэ албыг яаж буулгах вэ гэдэг концепци руу бид орох ёстой. Энэ бол асар том реформын шинжтэй асуудал.  Хүн бүр шахам хүнд суртлын тухай, авлигалын тухай ярьдаг. Энэ асуудал юутай холбогдож гардаг вэ гэхээр төрийн албатай холбогдож гардаг. Үүнийг үгүй болгохын тулд ийм том реформын шинжтэй өөрчлөлтийг хийх ёстой байгаа. Тийм учраас ээлжит бус чуулганаар зайлшгүй хэлэлцэгдэх асуудлын нэг нь яах аргагүй Нийтийн албаны тухай хууль юм л даа. 

-Авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор замын хөдөлгөөнд оролцох жолооч нар өчигдрөөс эхлэн шинэ журам мөрдөж эхэллээ. УИХ-ын гишүүд хамрагдаж байгаа юу, энэ асуудалд та хувьдаа ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ-ын 2012 оны сонгуулиар төр өөрчлөгдсөн шүү гэдгийг л ямар ч эрх мэдэлтэн жирийн иргэд бүгд ойлгох ёстой. Ард түмэн Ардчилсан нам болон Ардчилсан намтай эвссэн нам эвслүүдийг үнэхээр өөрчлөлт хийнэ гэсэн асар том хүлээлттэй байна. Хүлээлт гэдэг бол “Та нар энэ төрийн эрх мэдлийг авсан бол хариуцлагатай ажилла, сэтгэл гаргаж ажилла, ухамсартай ажилла” гэсэн даалгавар өгч байгаа гэж ойлгож байгаа. Тийм учраас олон олон шинэчлэлт өөрчлөлтүүдийг хийнэ. Энэхүү шинэчлэлт өөрчлөлт, гарч байгаа шийдэл болгоныг дарга ч байна уу, цэрэг ч байна уу, хэн ч байсан бүгд л дагаж мөрдөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хуулийг өөрсөддөө зохицуулдаг, эрх мэдэлтэй нь өөрийнхөөрөө мөрддөг, нэг бол зөрчиж болдог гэдэг хэвшмэл ойлголт энэ нийгэмд багасах ёстой, цаашлаад байхгүй болох ёстой. Энэ лүү бид явах ёстой.

Тэгэхээр Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн гаргасан захирамж өнөөдөр яах аргагүй Улаанбаатар хотод тулгамдаж байгаа олон олон асуудлын нэгийг цоо шинээр шийдсэн сэтгэлгээний шийдэл гэж ойлгож байгаа. Тийм учраас авто машинуудыг дугаараар ангилсан нь замын хөдөлгөөнд мэдэгдэхүйц сийрэгжилт гаргана гэж бодож байна.

-Эсэргүүцэх хэсэг бас байх юм?

-Зарим нэг талаар улстөржүүлээд ч гэдэг юм уу, түгжээ хэвээрээ байна ч гэдэг юм уу, хэн мөрддөг юм бэ гэдэг ч юм уу, эс бөгөөс Монголын хууль гурав хоног гэдэг ч юм уу ийм байдлаар асуудалд хандаж болохгүй. Би УИХ-ын гишүүн, миний машины дугаар 6 –гаар төгссөн өчигдөр явахыг хориглосон өдөр байсан, нэг өдөр явган алхая гэж бодоод алхсан, яагаад болохгүй гэж… Такси барих нь бариад, явган алхах нь алхаад  явж болно шүү дээ.

-Бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг ярилцсан уу?

-Бүлгийн хуралдааны үеэр зарим гишүүн “УИХ-ын гишүүн яах юм бэ, энэ журмыг мөрдөх юм уу” гэж асууж байна лээ. Би хэлсэн “УИХ-ын гишүүн ч ялгаа байхгүй бүгдээрээ сэтгэлтэй байя, ухамсартай байя, аливаа нэг зүйлийг жижиг гэхгүй зэрэг зиндаа гаргахгүй мөрдүүлээд сурчихая л даа. Унаагаа зохицуулаад нэг өдөр унаагүй байж яагаад болохгүй гэж” хэлсэн. Ард түмэн ч энэ зохицуулалтыг талархалтай хүлээн авч байгаа болов уу гэж бодож байна.

Засгийн газар сая нэг шинэ шийдэл гаргалаа, Төрийн ёслолын цогцолбороор ард түмэн орох эрхтэй боллоо. Олон шинэчлэлийн асуудлуудын нэг хэсэг мөн, ард түмэн рүү чиглэсэн гэдгээрээ онцлог зүйл. Бидний өмнө одоо асар олон реформууд хүлээгдэж байгаа. Энийг хийхэд асар олон саад тотгорууд учирна, ойлгомжтой. Бидний 20 жил яваад ирсэн зам дардан байгаагүй. Явахад төвөгтэй, хүрэхэд хол ,шавартай намагтай, уул даваатай их хүнд замыг туулж ирсэн учраас энийг цэвэрхэн засахын тулд цоо шинэ реформ хийх ёстой болж байгаа.

-Орон нутгийн сонгуулийн хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэн батална. МАН-ын гишүүдийн хувьд уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт багтаж ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Юу болсон бол. Дээр нь автомат машинаар саналын хуудсыг тоолох нь буруу гээд байгаа, тус намын гишүүд?

-Төрийн байгуулалтын байнгын хороо Ардчилсан намын гишүүдээс Орон нутгийн сонгуулийн хуулийн төслийг боловсруулахад оролцох саналыг тавьсан юм билээ. Тэр гишүүд оролцох эсэх нь өөрсдийнх нь шийдэх асуудал. Гол нь бид баталсан хууль, олсон ололтоосоо ухарч болохгүй. УИХ-ын сонгуулийг зохион байгуулахдаа санал хураалтын дүнг автомат машинаар тоолсон, шударга үр дүн гарсан гэж бид үздэг. Яагаад гэвэл зарим нэг нэг тойрог дээр автомат машинаар тоолсон дүнг дахин тоолж нягтлахад зөрүү гараагүй. Энэн дээр хардалт явах нь утгагүй, энэ байр сууриа ч хатуу илэрхийлсэн. Тэгэхээр гараар тоолно гэх нь байж боломжгүй асуудал гэж үзэж байгаа. Ардын намтай зөвшилцөхдөө “Тоолдог машинд хардалт байгаа бол сонгуультай холбоогүй асуудлаар  тооллого явуулж болно. Гагцхүү буцаад сонгууль руу энэ асуудлыг чирж оруулдаг нь нэгэнт төрийн хуулиар зохицуулагдаад сонгуулийн үр дүн гараад УИХ байгуулагдчихаад байхад дахиад энэ рүү орох нь байж боломгүй асуудал” гэдгээ хэлсэн. Нөгөөдүүл маань харин юу гэж гүрийж байгаа вэ гэхээр гараар тоолъё л гэж… Орон нутгийн сонгуулийн хуулийг боловсруулахдаа бид зүйл заалт бүрийг нь нарийвчилсан, урьд нь ямар алдаа гарч байсан юм, зөрчилдөөн бүрийг зохицуулсан хуулийн төсөл. Ардчилсан намын бүлэг эл хуулийн төслийг дэмжиж байгаа. Маргааш эхлэх ээлжит бус чуулганаар хэлэлцэх хамгийн гол хууль яах аргагүй энэ төсөл. Тийм учраас УИХ олонхиороо энэ хуулийг батлаад явах байх гэж бодож байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж