Оюутнууд аравдугаар сар хүртэл хуучин картаараа үйлчлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.29-нд нийтлэгдсэн

Оюутнууд аравдугаар сар хүртэл хуучин картаараа үйлчлүүлнэ

Оюутнуудын нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих эрхийн карт буюу виза картын захилгыг ихэнх сургуулиуд уржигдраас авч эхэлсэн. Ажлын өдрүүдэд нийтийн тээврээр цаг харгалзахгүйгээр үнэгүй зорчих эрхийн карт нь оюутнуудын хувьд алдаж болохгүй боломж. Өнөөдрийн байдлаар МУИС-аас бусад бүх сургуулиуд виза картын захиалгыг авч эхэлсэн байна. Харин МУИС-ын хувьд оюутны дотуур байранд амьдрах хүүхдүүдийн тоо хараахан гараагүй байгаа тул маргаашнаас эхлэн виза картын захиалга авах юм байна. Учир нь дотуур байранд амьдарч байгаа оюутнуудад виза карт олгодоггүй юм.

Эхний удаад 96 мянган оюутан виза карт захиална

Өнгөрсөн хичээлийн жилд 96 мянган оюутан нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих эрхийн картыг захиалан авсан байна. Энэ тоо нь нийт оюутнуудын хувьд хаанаа нь ч хүрэхгүй байсан тул Монголын оюутны холбооноос НИТХ-д хандан энэ тоог 17 мянгаар нэмэх хүсэлт гаргасан нь амжилттай болжээ. Гэхдээ өнгөрсөн жил картын захиалгад хамрагдаж чадаагүй оюутнууд баярлах хараахан болоогүй. Учир нь эхний ээлжид 96 мянга буюу өмнөх жилийн тоогоор виза картын захиалгыг авах юм байна. Харин нэмэгдсэн гээд шагшраад байгаа 17 мянган виза картын захиалгыг он гармагц нэмэлтээр авах асуудлыг шийдвэрлэх талаас нь Монголын оюутны холбоо хэлэлцэж байгаа гэнэ.

Картын үнэ буурсан гэх. Гэвч…

Өмнөх хичээлийн жилд оюутны шар картыг 2100 төгрөгөөр, наалтыг 4200 төгрөгөөр захиалж байсан.  Монголын оюутны холбооны удирдлагууд “Голомт банктай хамтран харилцан тохиролцож,  шар виза картыг үнэ төлбөргүйгээр оюутнуудад хэвлэж, тараахаар болсон” гэж бараг л бүх хэвлэлээр мэдээлжээ. Гэтэл ШУТИС, ХУИС, МУИС гээд л бүх сургуулиуд шар картын төлбөр 600 төгрөг, наалтын үнэ 4200 төгрөгийг хураамж болгон оюутнуудаас татаж байх юм. Учрыг МОХ-ны албаны хүнээс лавлахад “Голомт банкнаас шар картыг үнэгүй захиалж, хэвлэж өгөхөөр болсон. Гэвч үнэгүй тараах боломж байхгүй юм. Бүх сургуулиудын оюутны зөвлөлд МОХ-оос итгэмжлэгдсэн төлөөлөгч ажиллаж байгаа.  Энэ мөнгө нь манай төлөөлөгчдийг цалинжуулах, маягтын төлбөрт суутгагдаж байгаа юм” гэсэн юм. Бодоод үзэхэд, 96 мянган оюутан тус бүрээс 600 төгрөг гээд үзэхэд 57.6 сая төгрөгийг МОХ-ын итгэмжлэгдсэн төлөөллийн цалин, маягтын цаасны хураамжид зарцуулах юм байна.

Нэгдүгээр дамжааныхан нэг сар мөнгөө төлнө

Өнөөдөр захиалсан виза картыг ямартай ч есдүгээр сардаа багтаан олгож эхэлнэ. Тиймээс оюутнууд аравдугаар сар хүртэл өмнөх жилийн виза картаараа нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлж болох юм байна. Харин виза карт байтугай ямар автобусанд суухаа ч сайн мэдэхгүй нэгдүгээр дамжааныхан яах вэ? гэдэг асуулт байна. Хариулт нь тодорхой. Мөнгөө төлөөд нийтийн тээврээр зорчих, гэхдээ аравдугаар сар хүртэл шүү дээ.

Зарим сургуулиуд сургалтын төлбөрийнхөө
50 хувь төлөхийг шаардаж байна

Төрийн өмчит сургуулиудын оюутнууд виза карт  захиалахдаа сургуулийн үнэмлэх, нэг хувь зураг, 4800 төгрөгийн хамт бэлтгээд сургуулийнхаа Оюутны холбооны үүдэнд тэвчээртэйгээр дугаарлахад л хангалттай юм байна. Харин “Зохиомж”, “Монгол бизнес” зэрэг зарим сургууль сургалтын төлбөрийн 50 хувийг төлсөн оюутнуудаас виза картын захиалга авч байгаа аж. “Тухайн сургуулийн оюутны байранд амьдардаггүй л бол өөр ямар нэгэн босго давахгүйгээр виза карт захиалж болох учиртай атал яагаад зарим сургууль ийм нэмэлт шаардлага тавьж байгаа юм бэ” гэсэн гомдол гараад байгаа аж. Энэ талаар МОХ-ны Олон нийттэй харилцах албаны дарга Э.Батжаргалаас тодруулахад “Манайд иймэрхүү гомдол оюутнуудаас их ирж байна. Бид цаг тухайд нь тухайн сургууль дээр очин удирдлагуудтай уулзаж энэ явдлыг таслан зогсоож, ойлгуулж байгаа. Харин яг ямар сургуулиуд энэ журмыг зөрчсөнийг хэлэх боломжгүй” гэлээ.

Сануулахад, виза картын наалт нь  улсын тэмдэгт, холбогдох албан байгууллагын нууцлалтай байдаг. Тиймээс виза карт болон наалтыг хуурамчаар үйлдэх болон бусдад дамжуулсан тохиолдолд захиргааны арга хэмжээ авч, шаардлагатай тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах юм байна. Засгийн газраас жилд нэг оюутанд зориулан 230 мянган төгрөгийг нийтийн тээвэрт зарцуулдаг аж.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж