Ким Клийстерсийн замнал ялагдлаар төгслөө

Хуучирсан мэдээ: 2012.08.30-нд нийтлэгдсэн

Ким Клийстерсийн замнал ялагдлаар төгслөө

131 дэх жилдээ зохиогдож буй “Америкийн нээлттэй тэмцээн”-ийн хоёрдугаар тойргийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Эмэгтэй теннисчдийн дунд дээгүүр өрсөлдөх магадлалтайд тооцогдож байсан Данийн Каролина Возняцки (8), Германы Сабине Лисицки (16) нарын хэд хэдэн теннисчин нэгдүгээр тойргоос хасагдаад байсан бол хоёрдугаар тойрог ч шилдэгүүдэд халгаатай эхэлж байна.

“Их дуулга”-ын дөрвөн түрүүт Белгийн нэрт теннисчин Ким Клийстерс хоёрдугаар тойргийн тоглолтод Их Британы теннисчин Лоре Робсонд 6:7 (4:7), 6:7 (5:7) хоёр үеийн турш ялагдаж карьерийнхээ сүүлийн тоглолтоо хийлээ. Ким Клийстерс “Америкийн нээлттэй тэмцээн”-ий өмнө тэмцээний дараа зодог тайлахаа мэдэгдээд байсан бөгөөд тус тэмцээнд 23-т эрэмбэлэгдэн тоглосон байна. Түүнийг буулган авсан Их Британы теннисчин Робсон WTA чансааны 86-д эрэмбэлэгдэж байгаа бөгөөд Лондонгийн олимпийн холимог хосын төрөлд (Энди Муррей) мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр гуравдугаар тойрогт чансааны есд эрэмбэлэгдэж буй Хятадын Ли На-тай оноолт таарлаа.

Дэлхийн чансааг тэргүүлж байсан Клийстерсийн хувьд 2007 оны зургадугаар сард зодог тайлсан ч 2009 оны арваннэгдүгээр сард теннисний кортодоо эргэн ирж 2011 оны “Австралийн нээлттэй тэмцээн”-нд түрүүлсний дараа WTA чансааг дахин тэргүүлсэн билээ.

29 настай Ким Клийстерс “Их дуулга”-ын дөрвөн түрүүг хүртэхдээ, “Америкийн нээлттэй тэмцээн”-д гурван удаа удаа (2005, 2009, 2010), “Австралийн нээлттэй тэмцээн”-нд (2011) түрүүлж, улмаар оны төгсгөлд шилдэг найман теннисчин оролцдог "WTA Championships"-д гурван удаа (2002, 2003, 2010) түрүүлж байсан байна. Тэрбээр тэмцээний шагналаас нийт 24 сая ам.долларын мөнгөн шагнал хүртсэн байна.

Өчигдөр болсон бусад тоглолтоос Беларусын Виктория Азаренко (1), ОХУ-ын Мария Шарапова (3), Чехийн Петра Квитва (5), өнгөрсөн жилийн аварга Австралийн Саманта Стосур нарын шилдэгүүд гуравдугаар тойрогт шалгараад байна.

Хоёрдугаар тойргийн хамгийн сонирхолтой тоглолт болох Германы залуу теннисчин Ангелик Кербер (6), АНУ-ын Винус Уильямс (47) нарын тулаан өнөө шөнө болно.

Эрэгтэй теннисчдийн хувьд нэгдүгээр тойргоос том сенсаци гараагүй. Хоёрдугаар тойргийн эхний тоглолт Их Британы Энди Муррей, Хорватын Иван Додигийн нарын хооронд болжээ. Лондонгийн олимпийн аварга, Их Британы Энди Муррей (3) Хорватын Иван Додигийг 6:2, 6:1, 6:3-аар буулган авч, эрэгтэйчүүдээс түрүүлж гуравдугаар тойрогт шалгараад байна. Энэхүү тоглолт нэг цаг 51 минут үргэлжилсэн байна.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж