А.Мөнхбат эхний тойрогт ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2012.08.30-нд нийтлэгдсэн

А.Мөнхбат эхний тойрогт ялагдлаа

"Лондон-2012" паралимпын XIV наадам наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 9-ны хооронд Их Британы Лондон хотноо болно. Олон улсын паралимпын хорооны 165 гишүүн орны 4200 тамирчин спортын 20 төрөлд 503 багц медалийн төлөө 12 өдрийн турш өрсөлдөх юм.

“Лондон-2012” паралимтэд манай улс пара байт харваа, буудлага, жудо бөх, хөнгөнатлетикийн төрөлд зургаан тамирчин оролцож байгаа бөгөөд өнөөдөр жудо бөхийн -60 кг-д А.Мөнхбат тамирчдын салхийг хагаллаа.

Жудо бөхийн -60 кг-д өрсөлдөж буй А.Мөнхбат эхний тойрогт Алжирын бөх Мулуд Нуратай учраа таарсан боловч иппон үнэлгээгээр ялагдлаа. Хоёр бөх нэг нэг торгуультайгаар барилдаан үргэлжлэх үед Алжирын бөх хөмрөх мэхээр манай тамирчныг цэвэр ялсан байна. Алжирын бөх Их британы бөхтэй барилдаж ялалт байгуулан цааш мөнгөн медалийн төлөө барилдах эрхтэй болсон бөгөөд манай бөх эзэн орны бөхтэй барилдсан боловч ялагдал хүлээн IX байр эзэллээ. Энэ жинд нийт 12 жудоч өрсөлджээ.

Тус жинд Азербайжиний бөх түрүүлж, Хятадын бөх мөнгөн медаль хүртэж, Алжир, Их Британы бөхчүүд хүрэл медаль хүртжээ. Манай бөхийг ялсан Алжирын бөх дараагийн тойрогт Их Британы бөхийг ялснаар мөнгөн медалийн төлөө Хятадын бөхөд ялагдаж, хүрэл медалийн төлөө БНСУ-ын бөхтэй барилдан ялалт байгуулжээ.


Бусад тамирчдын тэмцээний хуваарийг танилцуулья.

Наймдугаар сарын 31

  • Хийн гар бууны 10 м-ийн дасгал –Ц.Лхамсүрэн

Есдүгээр сарын 1

  • Жудо бөх: 90 кг ОУХМ Д.Ганбат

Наймдугаар сарын 31-Есдүгээр сарын 4

  • Байт харваа: ОУХМ Б.Жавзмаа, Б.Оюун-Эрдэнэ

Есдүгээр сарын 8

  • Хөнгөн атлетик-Ч.Мөнх-Эрдэнэ (жад шидэлтийн төрөл)

Дашрамд дуулгахад, Монголын паралимпын баг тамирчид 2000 онд Австралийн Сидней хотноо зохиогдсон XI наадмаас гараагаа эхэлсэн түүхтэй.

2004 онд Афин хотноо болсон XII наадамд хөнгөн атлетикч Ж.Лхагважав холын зайн уралдаанд шагналт байр эзэлсэн бол “Бээжин-2008” XIII наадмаас хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав байт харваанд аваргалж, анхны медалийг авчирсан байна.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж