Төсвийн алдагдал таван хувьтай байна гэв

Хуучирсан мэдээ: 2012.08.31-нд нийтлэгдсэн

Төсвийн алдагдал таван хувьтай байна гэв

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг ээлжит бус хуралдаанаа хийж дууслаа. Бүлгээр Монгол Улсын 2012 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн бөгөөд Сангийн сайд Ч.Улаан эл асуудлын хүрээнд мэдээлэл хийжээ. Төсөв амаргүй байгааг бүлгийн дарга Н.Батцэрэг онцоллоо. Энэ нь сонгуулийн жилийн хавар халамжийн хэлбэрээр асар их мөнгийг бэлнээр иргэдэд тараасан, татварын орлого тасарсан, тендэр хугацаандаа зарлагдаагүй зэрэг бэрхшээлүүд нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт хүндрэл учруулсан, одоогийн төсвийн алдагдал таван хувьтай байгаа. Тиймээс бүлэг төсвийн тодотголыг хэлэлцээд “Одоогийн нөхцөл байдлыг даван туулах чиглэлээр төсөв батлагдаж гарах ёстой. Удахгүй Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлэгдэнэ. Улмаар УИХ-ын намрын чуулганаар ирэх жилийн төсвийн хэлэлцүүлэг эхлэх үеэр өнөө жилийн төсвийн алдааг засах чиглэлээр ажиллах ёстой” гэж үзжээ.

Хоёр дахь хэлэлцсэн асуудал нь Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл байсан бөгөөд ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Ингэхдээ УИХ-ын гишүүн Д.Батцогтоор ахлуулсан ажлын хэсэг хуулийн концепциуд дээр ажиллаж, ямар ч байсан сумын ИТХ-ын төлөөлөгчийг намын жагсаалтаар сонгох нь зохисгүй, иргэд өөрсдөө хүнээ нэр дэвшүүлэх ёстой гэсэн зарчмын шийдэлд хүрч, энэхүү заалтаар хэлэлцүүлэг эхлүүлэхэд санал хураалгахаар болж буй юм байна. Бас бусад заалтууд дээр үргэлжлүүлэн ажиллана. Эргээд энэхүү хуулийн заалтууд дээр “Шударга ёс” эвслийн бүлэг Ардчилсан намын бүлэгтэй ярилцана, зөвшилцөнө, зөвшилцөл эхлээгүй, концепциуд дээрээ хоёр тал байр сууриа нэгтгээгүй байгаа тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцүүлэх болбол бүлгийн гишүүд оролцох боломжгүй. Өөрөөр хэлбэл, “Шударга ёс” эвслийн бүлгийнхний УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас авсан өчигдрийн завсарлага өнөөдөр ч үргэлжилнэ. Хэрвээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр үдээс хойш зарлаад 2012 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ гэвэл УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг оролцоно гэсэн байр суурийг бүлгийн дарга Н.Батцэрэг сэтгүүлчдэд өглөө.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж