Эрдэнэстэй хөлгийг олсон гэв үү

Хуучирсан мэдээ: 2012.08.31-нд нийтлэгдсэн

Эрдэнэстэй хөлгийг олсон гэв үү

Далайн орнуудын дотроос Тонга хэмээх арлын улсыг жуулчид тэр бүр зориод байдаггүй хэдий ч энэ улсын эдийн засаг нь аялал жуулчлалын салбар дээр тогтдог гэж байгаа. Тэгвэл ойрын саруудад Тонгаг зорих жуулчдын цуваа нэмэгдэх бололтой. Учир нь энэ нутгийн шумбагчид (дайвер) нэгэн арлаасаа 1806 онд дүүрэн алт эрдэнэстэй нь живүүлсэн гэгддэг “Порт-о-Пренс” хэмээх далайн дээрэмчдийн хөлөг онгоцны сэгийг олсон тухай дэлхий нийтэд зарласан юм.    
 “Порт-о-Пренс” нь далайн дээрмээрээ тэгтэл алдаршаагүй хөлөг билээ. Гэвч яах аргагүй түүхэнд баримттайгаар тэмдэглэн үлдсэн нь учиртай. Уг хөлөг онгоцоос амьд үлдэж чадсан цөөн хүний нэг нь Уильям Маринер байсан бөгөөд түүний бичсэн ном нь Тонгагийн түүхийн чухал эх сурвалжид тооцогддог төдийгүй Христийн шашинтай болохоос өмнөх вант улсын дотоод амьдралыг харуулсан цорын ганц нотолгоо болсоор байна. Тийм учраас далайн ёроолд хэдэн зууны турш хэнд ч үл мэдэгдэм “нойрсож” буй зуу зуун хөлөгтэй харьцуулбал эрдэнэстэй авдар тээж явсан “Порт-о-Пренс” хөлөг онгоцны тухай түүх он удаан жилийн турш эрдэнэсийн сан хайгч, далайн домогт дурлагсдын хорхойг хүргэсээр байгаа юм.

Үнэндээ ч “Порт-о-Пренс”-ийн түүх маш сонирхолтой. Францчуудын барьсан энэхүү онгоцыг 19 дүгээр зууны эхэнд Английн корсарууд (дайтагч талын худалдааны хөлгүүдийг эзлэн авах тусгай зөвшөөрөл бүхий хувь хүмүүс. Орч) эзлэн авч Өмнөд Америкийн ойр хавьд Испанийн хөлөг онгоцуудыг дээрэмдэх ажилдаа ашигладаг байжээ. Яваандаа уг хөлөг онгоц хувь хүний эзэмшилд очсон байдаг. Шинэ эзэн нь далайн дээрмийг тогтвортой орлого олох тийм ч өгөөжтэй ажил биш гэж үзсэний үндсэн дээр “Порт-о-Пренс” хөлгийнхөнд хоёр даалгавар өгч задгай далайд гаргажээ. Тодруулбал, Испанийн хөлөг онгоцуудыг дээрэмдэх ажил нь бүтэлгүйтвэл тэд Номхон далайн бүлэг арлыг зорьж тэндээ халим агнах даалгаврыг хүлээн авсан аж.

Уильям Маринерийн бичсэнээр, уг хөлөг онгоц дээрэмдсэн алт эрдэнэсээ дааж ядан Тонгагийн аралд дөхөж ирсэн гэдэг. Тиймээс “Порт-о-Пренс”-ийнхэн лав л эхний даалгавраа амжилттай биелүүлсэн гэж үздэг. Хэдийгээр “Порт-о-Пренс”-ийн замд их хэмжээний эрдэнэс ачсан Испанийн хөлгүүд тааралдаагүй гэдэг ч далайд жил хагасын хугацаанд тэнэхдээ тэд хэдэн мянган доллараар үнэлэгдэх алт эрдэнэс цуглуулж чадсан ажээ. Ингээд Хавайн аралд хүрч ирмэгцээ “Порт-о-Пренс”-ийн ахмад олон тооны тулаанд сэг болсон хөлгөө засаад халим агнах даалгавраа биелүүлэх төлөвлөгөөтэй байжээ. Гэвч тэд чадаагүй.

1806 оны арваннэгдүгээр сарын 29-нд “Порт-о-Пренс” хөлгийнхөн ахмад Кукийн буудаллаж байсан гэх Лифукийн аралд тулж ирэн зангуугаа хаясан аж. Тэр орой нь уугуул оршин суугчдыг төлөөлөн хэдэн хүн хөлгийн тавцан дээр хүрэлцэн ирж мах, жимс ногоо тэргүүтнийг барин хөлгийн багийнхныг найрсгаар хүлээн авч буйгаа янз бүрийн аргаар итгүүлэхийг оролдсон гэдэг. Гэвч сүүлд энэ нутгийнхан өөр санаа агуулж байсан нь тодорхой болов. Омгийн ахлагч II Финау Улукалала тухайн үед гадаад бодлогоо хөгжүүлж, хөрш арлуудаа өөртөө нэгтгэхийг зорьж байжээ. Энэхүү санааг хэрэгжүүлэхэд “Порт-о-Пренс” хөлөг дээрх их буунууд тун хэрэг болно гэдгийг Улукалала ухаарчээ (“Порт-о-Пренс” хөлгийг 32-оос багагүй тооны, төрөл бүрийн калибрын зэвсгээр иж бүрэн зэвсэглэсэн байв).

Маргааш өдөр нь хөлгийн ахмад зангуугаа татаж авах тушаал буулгахад багийнхан нь бослого гаргажээ. Учир нь тэр өдөр ням гариг байсан тул тэд эрэг дээр бүтэн өдөр амрах эрхтэй байсан юм. Дээр нь нутгийн уугуул иргэдийн зочломтгой занд сэтгэл нь татагдсан 15 далайчин урьд орой нь завинуудаа буулган Тонга арлыг зорьсон байв. Энэ хооронд “Порт-о-Пренс” хөлөг дээр нутгийн уугуул иргэд цугласаар байжээ. Тэд ахмадыг Тонга арал дээр зочлохыг ятгаж дөнгөсөн байдаг. Харин арал дээр хөл тавимагц нь үхтэл боройхооджээ. Бослого гаргасан далайчид ч ийм маягаар амиа алдсан. Үлдсэн 20 орчим далайчин хөлгөө хамгаалахыг оролдсон боловч 300 хүний өмнө хүч мөхсдсөн нь ойлгомжтой. Эцсийн дүндээ “Порт-о-Пренс” хөлөг дээр дөрвөн хүн амьд үлдсэний нэг нь Уильям Маринер байжээ. Орь залуу Уильям омгийн ахлагчид нас барсан хүүг нь санагдуулсан учир Финау амийг нь хэлтрүүлж, улмаар дэргэдээ байлгах болсон аж. Тэр цагаас хойш Маринер Тонга арал дээр дөрвөн жилийг үджээ.

Харин “Порт-о-Пренс” хөлөг онгоцны учрыг Финау дараах маягаар шийджээ. Омгийнхон нь хөлөг дээрх бүх буу шийдмийг буулгаж уснаас ил гарсан хэсгийг нь шатаан төмрүүдийг нь нямбай гэгч цуглуулан авсны дараа алт, мөнгө, зэс бүхий хөлгийн агуулахыг живүүлж орхижээ. Учир нь тонгачууд мөнгө төгрөг гэдгийг мэддэггүй байснаас гадна буу зэвсэг нэмж хийхэд нь англичуудын ачиж явсан металл тохирохгүй байв. Тиймээс “Порт-о-Пренс” хөлгийг живүүлсэн газрыг олж чадвал Тонга улс эрдэнэсийн сан хайгчдын цугларах газар болж хувирах бүрэн боломжтой болно.

Тонгагийн өмнөд хэсэгт орших Хаапай бүлэгт багтах Хаано болон Фоа арлуудын ойролцоо олдсон гэх хөлгийн сэг нь “Порт-о-Пренс”-ийнх гэдгийг 100 хувь батлах арга алга. Тэгээд ч тэр сэгийг усанд шумбагч Тевита Моала болон Шумбагчдын төвийн эзэн Дэррэн Райс хоёр л харсан гэж байгаа. Райсын эзэмшил бүст Моала “Порт-о-Пренс”-ийн сэгийг олсон гэсэн. Мэдээж хэрэг, тэд олдворынхоо нарийн ширийнийг ярих гэж яарахгүй байна.

Райс, Моала хоёр “Порт-о-Пренс” хөлөг мөн гэж батлаад байгаа. Дэррен Райсын хэлснээр, тэртээх он жилүүдэд Хаапай бүлэг арлын ойролцоо алга болсон ганц л хөлөг бий аж. Гэтэл түүний хэлсэнтэй тэр бүр хүн санал нийлсэнгүй. Учир нь 19 дүгээр зууны үед Тонгагийн арлууд наргил модны самрын тос худалдаалах гол цэг нь байсан учраас дээрх бүс нутагт олон тооны хөлөг онгоц живсэн байх магадлалтай гэж зарим түүхч үзэж байна. Гэхдээ самрын тосны худалдааны оргил үе нь 1850 он байсан гэдгийг дээрх түүхчид хүлээн зөвшөөрцгөөв. Харин шумбагчдын илрүүлсэн тэр хөлөг үүнээс өмнө баригдсан нь лавтай гэнэ. Учир нь тэрхүү хөлгийн ачааны хонгилын хаалганууд зэс бүрээстэй байсан гэж Моала, Райс нар ярьсан хэмээн Тонгагийн Аялал жуулчлалын сайд Сандра Фифита тодруулж хэлэв. Далайн хорхой шавж, замагнаас сэргийлэх зорилгоор 1780-1850 оны хооронд барьсан хөлгүүдийн хаалгануудад ийм хамгаалалтыг хийж байжээ.

Хэрэв хөлөг онгоцны энэ сэг үнэхээр “Порт-о-Пренс”-ийн үлдэгдэл мөн бол түүн дээр байсан үнэт эдлэлүүд гэмтээгүй байж болох талтай гэж Фифита нэмж хэллээ. Уг хөлөг дээр алт, мөнгө, зэсэн эдлэл, тэр дундаа лааны суурь, загалмай, аяга, хундага гээд үнэт эдлэл бий гэж Уильям бичсэн байсан. Гэхдээ Аялал жуулчлалын сайд Фифита эрдэнэсийн сан хайгчдын хорхойг хүргэх гэсэндээ ийм мэдэгдэл хийсэн байхыг үгүйсгэхгүй.

Энэ зуур Дэррен Райс багаа бүрдүүлж сөнөсөн хөлөг рүү дахин аялах бэлтгэлээ базааж байгаа аж. Хөлгийн сэг байгаа далайн тэр хэсэг ширүүн урсгалтай гэдгээрээ алдартай учраас 200 жилийн хугацаанд хөлөг онгоцны эд зүйлс нэлээд хол газар тарсан байх магадлалтай гэж Райс үзэж байна. Тиймээс юун түрүүнд, эрдэнэсийг хайх газраа нарийн тодорхойлсны дараа зураг гаргаж олдворуудаа нэгбүрчлэн баримтжуулах санаатай байгаа юм байна.

Гэхдээ цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан эрдэнэсийг хайх аяллыг энэ оны 11, 12 дугаар сараас нааш хийх боломжгүй байх гэж Райс таамаглаж байгаа аж. Тэр болтол энэ хөлөг “Порт-о-Пренс” мөн үү гэдгийг эцэслэн тогтоох учиртай. “Надад эрдэнэс бус “Порт-о-Пренс” хөлөг мөн эсэхийг тогтоох нь л чухал байна. Хэрэв мөн байвал Тонгагийн түүхэн дэх хамгийн чухал олдворуудын нэгд зүй ёсоор тооцогдох болно” хэмээн Райс хэлсэн байна.

Эх сурвалж: http://uynaa.wordpress.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж