Ц.Оюунбаатар: Би тангаргаа удахгүй өргөнө

Хуучирсан мэдээ: 2012.09.04-нд нийтлэгдсэн

Ц.Оюунбаатар: Би тангаргаа удахгүй өргөнө

МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн жагсаалтаар УИХ-д тангараг өргөх эрх нь үүссэн ч өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүн болоогүй байгаа нэр дэвшигчтэй Ц.Оюунбаатартай ярилцлаа.

-Та яагаад тангараг өргөхгүй байгаа юм бэ?

-Тангараг өргөөгүй байгаа шалтгаан бий. УИХ-ын 2012 оны ээлжит сонгуульд Шударга ёс эвслээс намын жагсаалтаар нэр дэвшсэн хэд хэдэн хүнийг хассанаас бүх зүйл эхэлсэн. Манай намын дарга Н.Энхбаяр, академич, хуульч С.Нарангэрэл, Э.Батшугар нар жагсаалтын урдуур бичигдсэн байсан.  Дээр нь тойрогт нэр дэвшсэн С.Авирмэд, З.Ойдов баатар, Н.Санжаадорж зэрэг хүмүүсийг улс төрийн шалтгаанаар шууд хасчихсан. Өөр намууд дээр ийм зүйл бол болоогүй. Эрх барьж буй хүчин нь СЕХ-нд шахалт дарамт учруулсан ч юм уу, ямар ч байсан хасагдсан. Энэ нь хууль, хүний эрхийг зөрчсөн ноцтой асуудал байсан. Би бодохдоо, үүнийг ганц нам ч биш шударга хүн бүр эсэргүүцсэн байх. Үүний дараа сонгууль болж албан ёсоор Шударга ёс эвслээс нэр дэвшсэн эхний долоон хүнийг УИХ-ын гишүүнээр тангарагыг нь өргүүлсэн. Тухайн асуудал Үндсэн хуулийн цэцэд очоогүй байсан тэр үед О.Баасанхүү, Ц.Цолмон болон миний бие намын даргатай уулзаад Цэц дээр хэрхэн шийдвэрлэхийг харзная гэх байр суурин дээр тогтсон. Яах вэ, миний хувьд анх удаа УИХ-д орох гэж байгаа зүйл биш. Иймд нэг их адгаж, яараад байх сонирхол байгаагүй. Мөн Шударга ёс эвслийг байгуулж, хөл дээр нь босгосон, эрүүгийн хэрэгт холбогдон хэлмэгдэж байгаа энэ хүнийг бодож хүндэтгэлтэй хандсан зүйл бий. Гэхдээ энэ нь тангараг өргөхөөс татгалзсан, УИХ-ын гишүүн болохгүй гэсэн үг биш. Төр хууль шүүхийн хүнд дарамтанд ороод байсан энэ хүний хүсэлд хүндэтгэлтэй хандах ёстой.  Анх энэ хүнийг Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч байхад нь тэр тойрон хүрээлэгчид, тухайн албан тушаалаас нь хүртэж байсан хүмүүс “миний даргыг шүүмжилдэг та нар хэн юм бэ” гээд бид хэдийн байгуулсан “жигүүрийнхнийг буудна, устгана” гээд дайрч давшилж байсан хүмүүс бүгд алга болчихсон. Одоо харин энэ хүн рүү бүгд дайрч давшилж байх үед нь хүн чанар гаргах, шударга байх зайлшгүй шаардлага байсан тул тангараг өргөх асуудлыг хойшлуулсан юм. Өнөөдөр эцсийн байдлаар Н.Энхбаяр даргатай биечлэн уулзаагүй байна. Олон түмний зүгээс “Ц.Оюунбаатарыг яагаад гишүүн болгохгүй байна”, “тэр нөхөр нь яагаад гишүүн болдоггүй юм бэ” гэх асуудлыг тавьж байна.

-Гол нь таныг чинь Татварын газрын даргаар очихоор болоод гишүүнээсээ татгалзах нь гэсэн юм биш үү. Тангараг өргөхгүй байгаа байдал чинь ингэж ойлгоход хүргэж байна?

-Хардах эрх хэнд ч байж болно. Гэхдээ намайг гүтгэж “мөнгөтэй агентлагийн дарга болох гэж байна. Татварын газрын даргаар очихын тулд УИХ-ын гишүүнээс татгалзаж байгаа юм байна” гэх зэргээр олон нийтэд мэдээллэсэн байна.

-Тийм тохироо байхгүй гэж үү?

-Би хэзээ ч тийм тохироо хийхгүй. Би хорин жил улс төрд байсан хүн. 25 жил хууль, хяналтын байгууллагад ажилласан хүн. Төрийн алба гэдэг бол мөнгө хийдэг газар биш. Би хувьдаа өөрийгөө татварын газрыг хоёр жилийн дотор хөл дээр нь босгосон гэж боддог. Авлигыг зогсоосон, шударга ажилладаг тогтолцоог бий болгосон. Бизнес эрхлэгчдийг дарамталдаг, айлгаж байж төсөвт болоод өөрсөдөд мөнгө оруулдаг энэ тогтоцыг үгүй болгосон. Монголд хэдийгээр авлигажсан нийгэм бий болсон ч гэлээ зориод ажиллавал тодорхой нэгэн салбарыг эрүүл болгож болно. 

-Татварын газрын дарга болох эсэх яриаг нам бүлэг дээр яриагүй гэж ойлголоо. Зөв үү?

-Нэгэнт би энэ салбарыг хөл дээр нь босгоод, байгууллагаа шинэ байранд оруулаад хийх юмаа хийчихсэн юм чинь татварын газарт хэзээ ч буцаж очихгүй. Ер нь нэг агентлагын дарга байтугай төрийн бүтэн яамаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг солих шаардлага байхгүй. Би Н.Энхбаяраас өөр хэнтэй ч энэ асуудлаар ярьж байгаагүй. Олон түмний шаардлагаар ойрын үед тангарагаа өргөнө. Сонгогчид, нийгмийн шаардлага байгаа бол дагах л ёстой гэдгийг хэлмээр байна. Гэхдээ үүнээс ч илүү Н.Энхбаярын эрүүл мэнд муудаж, хэвтэрт орохоор болсон гэдгийг хэлэх ёстой. Түүний ар гэрийнхэн хортой эм тариа хэрэглэчихлээ, хорлочихлоо гэх сэжигтэй байгаагаа хэлсэн. Эрүүл чийрэг байсан хүн яагаад гэнэт муудав, эсвэл удаан хугацааны хор уршиг байна уу гэдгийг тодруулах хэрэгтэй. Иймд хүнлэг, шударга хандах ёстой гэх байр суурийг л барьж өдийг  хүрлээ.

-Н.Энхбаярыг гэх ямар шалтгаан байна?

-Намайг “Н.Энхбаярт бялдуучилж байна” гэж бодож байвал эндүүрч байна. Үнэндээ түүнийг төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж, мандан бадарч байх үед нь би харин ч шүүмжилж байсан. Боловсон хүчин, хүний нөөцийн асуудлаар алдаа гаргаж байсныг нь баримттайгаар буруутгаж байлаа.

Тухайн үед МАХН-ын “Ардчилал, шинэчлэл-Шударга ёс” жигүүрт Ө.Энхтүвшин нарын бидний гишүүд шүүмжлээд л явж байсан. Гэтэл энэ хүний өнөөдөр хилсдүүлж, өдөр тутмын амьдралд байдаг хувьчлалын маргаанаар яллаж байгаад харамсалтай байна. Чингис хаан зочид буудал, Санхүү эдийн засгийн их сургуулийн хувьчлал гээд өөр зөндөө асуудал байна шүү дээ. Буруу бол хувьчлалыг цуцлаад, алдааг нь засаад л явдаг зүйл шүү дээ. Өнөөдөр Н.Энхбаяр муу хүн байж болно. Алдаа гаргасан байж болно. Би үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ Эрдэнэтийн тэр их өр авлага дундаас нэг зүйлийг нь сугалж авчраад энэ эрүүгийн хэрэг юм гээд тулгаж болохгүй шүү дээ. Эрдэнэтийн асуудлуудын ард бүх л сайд дарга нар сууж байгаа шүү дээ. Н.Энхбаяр хувьчлалд ороогүй. Гэтэл хүнийг утсаар ярьсан гэж шийтгэдэг тогтолцоо бий болсон байна шүү дээ. Би энэ Эрүүгйин хуулийг чинь хийлцсэн хүн. Тус хуулийн 150-р зүйл буюу “бусдын итгэмжлэн хариуцуулсан өмч хөрөнгийг үрэгдүүлэх, ашиглан завших, гэдэг бол заавал тухайн эдийг хариуцсан хариуцагч байх ёстой” гэж заасан байдаг. Жишээ нь, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ордныхоо өрөө тасалгаа, тавилга шүүгээний асуудлыг хариуцахгүй шүү дээ. Хэрэв утсаар ярьсан гэж буруутгах гэж байгаа бол гарцаагүй нотлох баримт хэрэгтэй.Тэр гарын үсэг зурсан эд хариуцагч л хариуцлага хүлээх ёстой шүү дээ. Яриад байвал олон шударга бус зүйл гарсан. Иймд энэ бүхний талаар шударга ёс ярьж байгаа л юм бол дуугарах бодох л ёстой. Энэ нь Н.Энхбаяртай байгаа юм биш. Маргааш магадгүй Ц.Элбэгдоржийг ингэж хууль бусаар гүжирдвэл бид дуугарах л болно.

“Удахгүй тангараг өргөнө” гээд байх юм. Яг ямар зүйлээр энэ “удахгүй” гэх хугацааг тодорхойлоод байгаа юм бэ?

-Өнөөдөр Н.Энхбаяр гэдэг хүнтэй холбоотойгоор л ийм яриа болсон. Түүнтэй ойрын үед уулзана. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх байгууллагатай уулзаж зохих зөвшөөрлөө авна. Хүн ёсны хувь анх энэ асуудлыг ярилцсан учраас дахиж уулзах ёстой. Түүнээс биш хууль зүйн хувьд би хэзээ ч гүйж очоод тангараг өргөчих бололцоотой. Хуульд зааснаар өргөн баригдсан хүмүүс гишүүний тангараг өргөхгүй байх хоёрхон тохиолдол бий. Нэгд, өөрөө татгалзсан. Хоёрт, өвчний шалтгаантай бол жагсаалтын дараагийн хүн орж ирэх хуулийн зохицуулалттай. Үүнийг мэргэжлийн хуульч байтугай, энгийн хүн ч бараг мэднэ.

-Тийм ээ. Хуульд зааснаар хоёрхон тохиолдлын нэг болох та өөрөө татгалзсан тохиолдолд өөр хүн оруулж ирэх боломж бий. Гэхдээ Н.Энхбаяр дарга татгалзвал яах вэ?

-Н.Энхбаяр дарга намайг гишүүн болохыг татгалзаад байх хууль зүйн үндэслэл байхгүй л дээ. Ер нь хэлэхэд, Н.Энхбаярыг муу муухай бүхний буруутан болгоод байх хэрэггүй. Өөрсдийнх нь хэлдгээр өмнө нь наалдаж, долигонож “бөгсийг нь долоож” байсан хүмүүс өнөөдөр яаж улс төрөөс хол байлгах вэ гэж байгаа бол шударга иргэд түүнийг өмөөрч байна. Ийм иргэдийн нэгэн адил би түүнд сэтгэлзүйн дэмжлэг үзүүлье л гэж бодож байна.

-Таны хэлдгээр наалдаж, долигонож байсан хүмүүс чинь өнөөдөр эрх мэдэл, өмч хөрөнгөөр арвин болж. Гэхдээ наалдаж байсан нь ингэж өнгө зүс орсон байгаа юм чинь наалдуулж, долигонуулж байсан хүн нь “зүгээр байгаагүй” юм биш үү?

-Хүний хөрөнгө мөнгөний асуудлыг би тэгсэн байх, ингэсэн байх гэж ханддаггүй. Би хуульч мэргэжилтэй хүн. Иймд бодит нотлох баримтанд тулгуурлах л ёстой. Жишээ нь Чойжамц хамба “Японы Агаёшү байгууллагаас телевизийн тоног төхөөрөмжийг Н.Энхбаярт, бидэнд бэлэглэсэн юм” гэж мэдүүлсэн байдаг. Дараа нь цагдаагийн дарамт шахалтан дор “мэдэхгүй. Бидэнд биш байгууллагад өгсөн байх” гэсэн байдаг. Нэг хүний хоёр ялгаатай мэдүүлэг. Хэрэв ийм эргэлзээтэй тохиолдолд яллагдагчид ашигтайгаар шийддэг зарчим бий. Түүнд холбогдох эрүүгийн хэрэг нь хаа хамаагүй худалдах худалдан авах гэрээний үүргийн дүнг биелүүлээгүй, Эрдэнэтийн өр авлагын асуудал гэх мэтийн зүйлсээр буруутгаад ял өгчихсөн байгаа. Тимошенког 350 сая ам.долларын алдагдалтай гэрээ хэлэлцээ хийсэн гэж буруутгагдсан. 190 сая ам.долларын хохиролыг гаргуулахаар шүүхээс шийдсэн.  Гэтэл Н.Энхбаярын хувьд нэг муу нурсан байшингийн асуудал хөндөөд.

Та өмнө “МАН-д л авлига байдаг. Ардчилсан намд байдаггүй гэвэл, түүн шиг худлаа зүйл байхгүй” гэж байсан.  Яг үүн шиг АН, МАН намд асуудалтай МАХН-д асуудалгүй, ашиг хонжоо, авлигагүй гэвэл бас л худлаа болох байх даа?

-МАХН нь ерөн жилийн түүхтэй нам. 2011 оноос л энэ нам хоёр салж хуваагдсан. Авлигын шинж чанартай хүмүүс намын үйл ажиллагаанд оролцож байхыг би үгүйсгэхгүй.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж