Хөдөө аж ахуйн салбарыг “ногоон” болгох нэгэн шийдэл

Хуучирсан мэдээ: 2012.09.04-нд нийтлэгдсэн

Хөдөө аж ахуйн салбарыг “ногоон” болгох нэгэн шийдэл

Малчдыг хүлэмжийн хийн арилжаанд татан оролцуулах
замаар урамшил олгодог тогтолцоог нэвтрүүлэе

Шинэчлэлийн Засгийн газар ерөнхий чиг үүргийн Байгаль орчин, ногоон хөгжлийн яам байгуулсан. “Хүрэн” эдийн засгаас “ногоон” эдийн засагт шилжинэ гэдэг нь үнэндээ эдийн засгийн салбаруудын төлөвлөлт, бодлогын шийдэлд ногоон үзэл санааг шингээнэ гэсэн үг. Гэхдээ эрчим хүчний, хөдөө аж ахуйн, хот байгуулалт барилгын зэрэг салбаруудыг “ногоон” болгох арга зам, шийдэл нь өөрөө харилцан адилгүй. Тухайлбал, хот байгуулалт, барилгын салбарыг ногоон болгоё гэвэл тухайн салбарын органик хуулиас эхлээд, хот төлөвлөлт бичиг баримт, барилгын дулаан хуримтлал болон инженерийн байгуулалтын түвшинд хэрэглэдэг стандартуудад ногоон шийдлүүдийг шингээх шаардлагатай болно. Үүнд бас л судалгаа хэрэгтэй болно. Гэхдээ судлаач миний бие энд дэлхийн дулаарлын шалтгаан болдог хүлэмжийн хийн ялгаруулалтын багагүй хувийг хөдөө аж ахуйн салбарыг хэрхэн “ногоон” болгох ямар үндэслэл байна, арга зам шийдэл нь юу байна,  цаашид хөгжилтэй хэрхэн уялдуулах талаар зарим зүйлийг дурьдая.

дэлхийн дулаарлын шалтгаан нь агаар мандал дахь нүүрстөрөгчийн хийн агууламж хэвийн хэмжээнээс хэтэрсэн явдал. Дэлхийн дээд хэмжээний уулзалтуудаас уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, нөгөө нь хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах гэсэн хоёр үндсэн арга хэмжээний хүрээнд тэмцэхийг чиглэл болгосоор байна. Манай улсын хувьд дасан зохицох асуудал нь нэн чухал бөгөөд ялангуяа ХАА-н салбар түүн дотроо малчдын дасан зохицох чадавхийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Газар бол их хэмжээний нүүрстөрөгчийн хийг өөртөө агуулах өндөр био чадамжтай бөгөөд газар ашиглалтын зөв менежментээр дамжуулан хүлэмжийн хийг бууруулах нэг хэрэгсэл юм (carbon trap). Энд хүн төрөлхтөний эрчим хүч, хүнсний хэрэглээ зэргээс үүдэлтэй ялгаруулж байгаа хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах, нөгөө нь нэгэнт агаар мандалд ялгаруулчихсан хүлэмжийн хийг эргүүлээд газарт шингээх арга хэмжээ нь хоёр өөр үйл ажиллагаа гэдгийг тэмдэглэх хэрэгтэй.

Газрыг хөдөө аж ахуй, үйлдвэрийн зориулалтаар эрчимтэйгээр хагалж, ашигласнаас үүдэлтэй доройтсон, цөлжсөн газарт биомасс болон үржил шимийн алдагдлаас гадна тэнд нүүрстөрөгчийн хийн агууламж буур ч, улмаар “агуулагдаж-эргэлдэж” байх ёстой нүүрстөрөгч агаарт дэгдсэн гэсэн үг. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи Засгийн газар хоорондын Үнэлгээний илтгэлд тэмдэглэснээр нийт хүлэмжийн хийн 30%-ийг газар ашиглалтаас үүдсэн хүлэмжийн хийн ялгаруулалт эзэлдэг байна. Гэтэл 2006 оны мэдээгээр Монгол Улсын хүлэмжийн хийн ялгаруулалтыг салбаруудаар аваад үзвэл нийт ялгаруулалтын 64.4%-ийг эрчим хүчний салбар, 41.4%-ийг хөдөө аж ахуйн салбар, 13.3%-ийг ой болон газар ашиглалт эзэлдэг байна. нэгэнт агаар мандалд ялгаруулчихсан хүлэмжийн хийн бараг 80-90%-ийг эргүүлэн газрын нүүрстөрөгчийн хийн шингээлтээр багасгаж болохыг уриалж байна.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Киотогийн протоколын цэвэр хөгжлийн механизмын хүрээнд хөгжсөн орнууд хvлэмжийн хийн ялгаралтыг бууруулах vvргийг хүлээлгэсэн бөгөөд нүүрстөрөгчийн хийн арилжаа (Carbon trade) дэлхийн түвшинд хөгжиж эхэлж байна. Цаашид ч хөгжсөн орнууд агаар мандал дахь хүлэмжийн хий болон ялгаруулалтыг бууруулахад илүү хөрөнгө хүч зарцуулах шаардлагатайг 2009 онд Данийн Копенгаген хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний уулзалт харуулсан. Манай улсын эрчим хүчний салбарын зарим нэг төсөл цэвэр хөгжлийн механизмаар дамжуулан карбоны ажилжаанд орж байгаа.

Иймд Монгол эх газрын экосистемээ тогтвортой ашиглаж газрын нүүрстөрөгчийн хийн шингээлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого, арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх замаар хөгжингүй орнуудтай нүүрстөрөгчийн арилжаагаар дамжуулан хөрөнгө болсох, технологи нэвтрүүлэх бололцоотой. Ядаж тодорхой хөрөнгө хүч, мэдлэг зарцуулж тухайн экосистемд эргэлдэх нүүрстөрөгчийг тогтвортой хадгалснаар дэлхийн дулаарлыг бууруулах дэлхий нийтийн үйлсэд хувь нэмэр оруулж буй хэрэг бөгөөд энэ нь санхүүжилт авах үндэслэл болно. Монголын хувьд хүн амын амьдарлын хэв шинж, нүүдлийн мал аж ахуйн онцлогоос шалтгаалан томоохон ландшафтыг хамарсан газрын менежментийг зөвхөн малчид л хийх бололцоотой. Мэдээж энд эрдэмтдээс гарсан мэдлэг, төр засгийн зохицуулалт хэрэгтэй болно. Гол санаа нь тухайн малчин бэлчээртээ хөрөнгө оруулж, ашиглалтын менежментийг сайн хийсний үр дүнд бэлчээрийн чанар, төлөв байдлаа өмнөх жилийнхээс сайжруулсан (энэ нь СО-ийн шингээлтийг нэмэгдүүлнэ), эсвэл доройтуулалгүй ашигласан (энэ нь СО-ийн ялгаруулалтыг бууруулсан) малчдад дэлхийн дулааралтай тэмцэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулсан эсвэл шингээсэн хэмжээнд нь тохирсон урамшуулал олгодог тогтолцоог нэвтрүүлье. Дуслыг хураавал далай болно гэдэг. Манай улс шиг том хэмжээний газар нутгийг 160 орчим мянган малчин өрх нүүдлээр ашигладаг тогтолцоо нь өөрөө дээрх менежментийг хийх том боломж бөгөөд үүнийг судалж бодлогын түвшинд нэвтрүүлье. Ялангуяа хуурай бүс нутагт бэлчээрийн экосистемээ доройтуулахгүй ашиглах ганц арга бол уламжлалт нүүдлийн бэлчээр ашиглах тогтолцоог бодлогын түвшинд түлхүү дэмжих арга юм. Улаанбаатар хотын нэг иргэн хашаандаа мод тарих нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн нийтийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулж буй хэрэг юм. Тэгвэл малчдыг бас 4 улирлын бэлчээр нутгаа доройтуулахгүй цогцоор ашигласны үр дүнд газрын нүүрстөрөгчийн хийн эргэлтийг нэмэгдүүлсэн үйл ажиллагааг үнэлэх замаар татан оролцуулъя. Өөрөөр хэлбэл, малчинг тодорхой хэмжээний хүлэмжийн ялгаруулалтыг бууруулсан эсвэл шингээсэн гээд мөнгө өгөөд түүгээр тодорхой хэсгийг нь нүүхэд, тодорхой хэсгийг нь газрын менежмент, тэжээл бэлтгэхэд, тодорхой хэсгийг нь өрхийн орлогодоо ашиглаж болно. Ингэж газрын экосистемийг тогтвортой ашиглах замаар малчдыг нүүрстөрөгчийн арилжаанд татан оруулах нь нөгөө талаас уур амьсгалын өөрчлөлтөд хүн-байгалийн тогтолцооны дасан зохицох нэгэн шийдэл болно. Мөн хөдөө аж ахуйн салбарыг “ногоон” болгож буй нэгэн хэлбэр юм.

бидэнд газарт нүүрстөрөгчийн хийг шингээх замаар хөгжингүй улс орнуудын үүрэг хариуцлагын тогтолцоонд тулгуурласан санхүүгийн нөөц боломж бий бөгөөд энэ нь ч цаашид нэмэгдэх хандлагатай. Мэдээж уг тогтолцоог нэвтрүүлэхэд газрын нэгж талбай дахь нүүрстөрөгчийн хийн ялгаруулалт, шингээлтийг тооллогын тогтолцоог нэвтрүүлэх, энэ чиглэлийн судалгааг хөгжүүлэх, дэмжиж өгөх шаардлагатай болно.  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн харьяа
Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн секторын эрхлэгч
докторант М.Алтанбагана
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж