УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.09.05-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Г.Уянга, С.Ганбаатар нар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аас баталсан 57 дугаар тогтоолд нийцүүлэхийг хүсэж шаардлага хүргүүлж буй юм байна. Шаардлагын хариуг ирэх аравдугаар сарын 5-ны дотор ирүүлэхийг хүсчээ. УИХ-аас баталсан 57 дугаар тогтоолд эрх зүйн орчинг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгосон байсан юм. Мөн уг тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр ажиллахыг өмнөх парламентын нэр бүхий 20 гишүүн нэг жилийн өмнө тухайн үеийн Ерөнхий сайд С.Батболдод шаардлага хүргүүлж байжээ. Гэвч олигтой үр дүнд хүрээгүй. Тиймээс шинээр байгуулагдсан парламентын тангаргаа өргөсөн 71 гишүүнээс 24 нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдож УИХ-аас баталсан УИХ-ын 57 дугаар тогтоолыг шинэчлэлийн Засгийн газар хэрэгжүүлэх ёстой хэмээн үзэж, энэхүү шаардлагаа Ерөнхий сайдад хүргүүлж буй аж.

Дээрх шаардлагатай холбогдуулж УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Оюутолгой компанийн зүгээс хөрөнгө оруулалтын зардал, үйл ажиллагааны зардал гаргах ёстой ч ямар ч санхүүгийн мэдээлэл гаргахгүй байна. Хоёрдугаарт энэ гэрээнд өөрчлөлт оруулая гэвэл Монгол Улсын Засгийн газар зөвхөн санал болгоно, харин хөрөнгө оруулагч тал өөрсдийнхөөрөө гэрээг өөрчлөх боломжтой. Төлөөлөн Удирдах зөвлөлийн есөн гишүүнээс ердөө гурав нь Монголын талынх. Үлдсэн зургаан гишүүн нь хөрөнгө оруулагч талаас томилогдсон. Хэрвээ шийдвэр гаргах бол Монголын талыг төлөөж байгаа гурван гишүүний ядаж нэгийнх нь саналыг авах ёстой гэдэг заалт бас байдаггүй. Анх нэг тэрбумын хөрөнгө оруулна гэж байсан ч дунд нь гурван тэрбум болж өссөн. Одоо бол долоон тэрбумын хөрөнгө оруулна гэж байгаа. Охин компаниудаараа дамжуулж хөрөнгө оруулалт хийдэг, үнэхээр долоон тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн нь нотлогдохгүй бол яах вэ, гарцгүй. Хэрвээ Монгол Улсын Засгийн газар гэрээнд өөрчлөлт оруулна гэвэл Олон улсын арбитрын шүүхэд дуудагдана гээд олон олон боомилсон заалт Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд туссан тухай онцоллоо.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж