Морин уралдаан дэлгэрсэн түүхээс

Хуучирсан мэдээ: 2012.09.05-нд нийтлэгдсэн

Морин уралдаан дэлгэрсэн түүхээс

Хүний нийгэм хөгжихийн хэрээр агт морины хэрэгцээ улам өсөж сайн морь, бяр чадалт эр, эрхий мэргэн харваачдын ид хавыг сорьдог эрийн гурван наадам үүсчээ. Эл наадмын нэгэн гол төрөл нь морины уралдаан юм. Монголчууд хүлэг морьдоо сойдог болсноор адууны үүлдэр угсаа сайжирч ашиг шим нэмэгдсэн төдийгүй хүндэлж дээдэлдэг нарийн ёс заншил ч буй болжээ. Морин уралдаан дэлгэрсэн нь монголчуудын анхны төр улсын үеэс улбаатай бөгөөд эдүгээ хүртэл 2000 шахам жилийн түүхтэй үндэсний баяр цэнгэл юм. Эртний Хүннүгийн үед найр наадамд түрүүлсэн хурдан хүлэг мориндоо эрхэм цол өгч байжээ.

Монголын эртний гүрний нэг Кидан /VII зуун/ улсын зураач Бэсүдэний зурсан "Сум талбисан нь" морины хэв галбир төрхийг бодит үнэмшилтэй зурсан нь тухайн үеийн зураачид ямар өндөр түвшинд анатоми мэддэг байсны гэрч юм. Энд зөвхөн хүлэг морьтой ойр дотно нүүдэлчид мэдэрч чадах өвөрмөц хэв галбирыг дүрсэлжээ. Зурагт морины хондлойн буулт, сүүлний уг борви, өвчүүний товгор зэрэг нь одоогийн морь шинжих арагтай дүйж байна. Энэ зурагт согсоо сүүлний боолтыг дүрсэлсэн нь монголчуудын хурдан морь уях нь бидний үеэс 1000 гаруй жилийн улбаатай болохыг нотолсон түүхийн чухал олдвор юм.

Эртний дурсгалт бичигг Жангарын туульд морины хурдыг " хөнгөн тэмүүлэх морь нь хүний бодлоос дэлэм хурдан, хуй салхинаас алд хурдан" гэж шагшин бичсэнээс үзэхэд монголчууд нэн эртнээс хүлэг мориороо уралдаж ирсэн нь илт юм. Ийнхүү монгол хүн хүлэг сайн морио бусдаас давуу угаас сэргэлэн, ухаалаг золбоолог, ид шидтэй амьтан мэт өгүүлэхийн хамт, эр хүний жинхэнэ хань нөхөр мөн болохыг бичиж маггсан нь тоймгүй. Ард түмэн мориороо бахдан ирснийг ардын аман зохиол, үлгэр туульсаас уншиж болно. "Түмний эх " дууны үүслийн тухай Галдан туслагчийн зохиосон "Эрдэний эрхи"-д " 1697 оны Даншиг наадамд Бонхор Донир гэгч ганц цагаан морио уяж засаад, олон хурдтай уралдуулахад тэр морь нь түрүүлжээ.

Дархан Чин ван үүнд баясч Донирын ганц цагаан моринд зориулан " Түмний эх " гэдэг шүлэг зохиож найр хөгжөөснөөр наадам найрын сүлд дуу үүссэн гэдэг. Тэр үеэс түрүүлсэн морийг цоллож " Түмний эх" гэдэг цол олгодог уламжлал бий болжээ.

ХУ зуунаас Монголын үндэсний баяр цэнгэл эрийн гурван наадам улам боловсронгуй болж олон даяар " Долоон хошуу даншиг наадам" хэмээн нэрлэгджээ. 1778 оноос эхлэн наадмыг Богд хан уулыг тахих шашин төрийн баяр болгосон байна. Уг наадмаа эдүгээгийн Улаанбаатараас баруун хойш " Хүй долоон худаг"-т хийдэг болжээ.

1899 оноос хойш азарга, жороо морьдыг оролцуулсан таван насны морьд уралдах болжээ.

Анх XII жарны шороон үхэр жил /1709/-ийн зуны дунд сарын 28-ны учрал тохиосон сайн өдөр, Бүрэн хааны өвөр Ивэн голын орчимд Очирай Түшээт хан тэргүүгэй засаг ноёдын хэлэлцэн тогтоосон гурван хошууны их цааз нь " Халх журам" гэж алдаршжээ.

Энэ цаазад хурдан морь уралдуулах 20 шахам заалтыг "нэгэн зүйл" хэмээн багцдан тогтоожээ. Судалгааны дөхмийг харгалзан тэдгээрийг дугаарлан сийрүүлбэл:

  1. Морь уралдахад засуулаас гадна 4 сайдаар гэрч тавих.
  2. Гэрч сайд тэмдэг авч очоод уралдах хэмжээний газарт хурч, тэрхүү тэмдгээ ил гаргамагц уралдах.
  3. Тэмдэгт газарт хүрэлгүй зуураас уралдахул засуул ноёноос морь, таж тавнангаас үхэр, энгийн засуулаас хонь авна.
  4. Уралдагч хүү урдаар давхих бол уралдагч морийг авч унасан хүүг 10 ташуурд.
  5. Морийг хөтлөхгүй. Хэрэв хөтлүүлэн одох бол унасан морийг нь аваад унасан хүүг 10 ташуурд, тэр зуурчилж уралдсан хүнийг хүн одож авчирвал мөрийг авах.
  6. Засуул гутуулаас гадна зарлиггүй хүн очхул унасан морийг авах. Дутуу авчирхул хээрийн баянаас гүйцээж аваад, гадна нэг мориор баалж авах
  7. Эс ирсэн ноёдын байг холбоготой нь нэмж авах.
  8. Хөгшин морины шүдийг үзэхийн урьд харихул бай өгөхгүй.
  9. Түрүүлж ирсэн морь удаах мориноосоо бүхий л биеэ өнгөрөхүл гарсанд тооцох. Харин уралдагч морины зарим бие үлдсэнийг гарсанд тооцохгүй.
  10. Хоёр морь чацуу ирэхүл адгийн тэмдэг хүртэл нь аль гарвал түүнийг тооцох. Тун эс гарахул дахиж уралд.
  11. Байд орох морь ойчоод хүү явган гүйж орохул тооцох.
  12. Засуул угтуул хүүд ташуур өгөхгүй. Хэрэв өгвөөс өгөгчөөс морь авах.
  13. Уралдсан морины биеийг цохихгүй.
  14. Уралдах хүүг их бага гэхийн алийг эзний дураар мэдтүгэй.
  15. Ах настай морийг доош оруулж уралдахгүй. Дүү настыг дээш ах насанд оруулж уралдахад гэмгүй.
  16. Уралдах морины нас лав дөрвөн захаас нааш орох.
  17. Турүүлсэн их нас, соёолон морийг ноёд хэрэглэж авах бол нэг тэмээ, найман адуу хайрлаж авна. Түрүүлсэн хязааланд нэг тэмээ, зургаан адуу, тэргүүлсэн шүдлэнд нэг тэмээ, дөрвөн адуу, тэргүүлсэн дааганд нэг тэмээ, хоёр адуу өгч авч бай гэжээ.

XX зуунд Монгол адууг цэврээр үржүүлж, бэлчээрээр маллах уламжлалт сонгодог арга хадгалагдсаар байв. Монгол адууны 30,5 хувь тал хээрт, 19,3 хувь өндөр ууланд, 17,3 хувь ойтхээрт, 18,9 хувь говьд, 14 хувь их нуурын хотгорт байна. Монгол адууны нийт тоо толгой олон жилийн турпшд 2 -3 сая орчимд хэлбэлзсээр иржээ.

Монгол адуу биологи, экологи, этологийн болон аж ахуйн олон өвөрмөц шинж бэлгийг хадгалсан байх бөгөөд эдгээрийн зарим нь дэлхийн бусад үүлдрийн адуунд илэрдэггүй буюу өнөө үед устаж алга болсон байна.

Монгол адуу үрсэн төлсөх, эхсэх, ижилсэн сүрэглэх, биесээ хажиглах, нуггаа санагалзах, бэлчээр нутгаа сонгон, нутагшин зохицох, алсаас эх нутаг руугаа эгэж гүйх, байгаль, цаг агаарын огцом өөрчлөлтийг урьдчилан мэдэрч нөмрөх аюулаас дайжин зайлах, азарга нь тодорхой тооны гүү хураах, өөрийн охин үр төл, илүү байдсан гүүг сүргээс хасах, сүргээ дайснаас хамгаалж тэмцэх, морьдоо хөөх, дагуулах, унаган эзнээ таних, элдэв нарийн эдэлгээ, зан араншинд сурах зэрэг олон араншинг үзүүлдэг билээ. Монгол адуу намар богинохон хугацаанд тарга хүчээ гүйцээж, хурсан өөхөө, өвөл хаврын тарчиг цагт маш хэмнэлттэй бардаг онцлогтой. Дэлхийн олон эрдэмтэн монгол адууны ойт хээр, заримдаг цөл, хуурай тал хээрийн бэлчээрт зохицон амьдрах хосгүй чадвартайд үнэ цэн нь оршино гэж үзсэн буй.

Монгол адууны амьдын жин нас гүйцсэн үед 230-400 кг хүртэл хэлбэлзэх бөгөөд дунджаар азарга 363 кг, гүү 344 кг жинтэй байна. Монголын их насны морины алс хол давхих хурд, тэсвэр үнэмлэхүй хэмжээний үзүүлэлтүүд үлгэр, домог, үнэн байдлаар өнөө хүрчээ. Монгол мориор хоногт 150-500 км зайг туулж, хэдэн хоног өл хоол тааруулан аялж довтолгодог билээ. Монгол адууны дотор Галшар, Тэсийн гол, Дархад, Мянгад, Шанхайн хэц, Сан бээс, Барга, Үзэмчин, Баянцагаан, Заамар, Орлой гэх мэт олон омог байдаг бөгөөд эдгээрийн дотор алдартай уяачдын адууны хэдэн зуун удам угшил, тал, говь, хангай, уулын болон буржгар үст хэвшлийн адуу хүртэл багтаж байдаг гэж үзэж байв. Монголчууд эрт дээр цагаас адууныхаа үүлдэр, угсааг гойд анхааран шилж, сонгон сайжруулж, сорьж байв. Тэр үед араб, персээс азарга авчирч эрлийзжүүлэг хийж байсныг Хүннүгийн үеийн сурвалж, хадны сүг зурагт тэмдэглэн, шинж бэлгийг таних, уяж засах, өвчин гэм гутгийг анагаах судар номыг шон арваар зохион нууцлан нандигнаж, үеэс үед үр удамдаа дамжуулан үржүүлж байсан гэдэг.

"Монгол ардын мал судлалын ухаан" нь адуу судлалаар эхлэн хөгжиж төгөлдөржсөн түүхтэй юм. Ганжуур, Данжуурыг зохиоход оролцсон мэдэгдэхүйн далайн эцэст хүрсэн мэргэн их арш Шалиходра Цастаас хойхнуурах нүүдэлчдийн дунд залран удаан хугацаагаар адуу судалж, Монгол Данжуурын 219 -р ботийн "Морины насны шашдир" буюу " Товчийн орон " хэмээх сургаалыг номлосон гэж үзэж байна.

Монгол пони э р т н и й гурван төрлийн адууны нэгэнд хамаарагддаг. Түүнд бусад олон үүлдэрийн адуу нөлөөлсен. Тэрээр Прежевальскийн адуунаас гарал үүсэлтэй ба Ази, зүүн Европт тархан сүргээрээ амьдардаг. Монгол, Хятад, Түвдэд бусад адуу, понитой цус холилдсон адуунаас гаршуулан авчээ. Энэ пони ойр орчмын газар улсынхаа олон адуутай гарал нэгтэй ба туркмен пони, Гималайд амьдардаг түвдийн ачааны пони, манипур пони зэрэг адууны шууд өвөг гэж тооцогддог. Үүнээс гадна түүнд монгол адуу шиг уралдаанд оролодог хятад пони нөлөөлсөн байна. Мөн МЭӨ 300 жилийн үед Солонгосоос авчирсан Япон пони ч нөлөө үзүүлжээ. Цусны шугам, амьдрах нөхцөл цаг агаараас хамааран монгол морь хэмжээ хэлбэрээрээ ялгарна. Хамгийн том биетэй нь орос адуутай цус холилдсон баруун монголын морьд юм. Азийн адууны үүлдэр ба пони бүр монгол адууны цусыг хадгалж байдаг. Хамгийн бага биетэй монгол пониг өвс ургамал тачирхан монголын өмнөд нутагт үзэж болно.

Хэрэглээ

Монгол улс нэг хүнд оногдох адууны тоогоор дэлхийд нэгдүгээрт ордог. Үүний зэрэгцээ 2 сая гаруй адууг уналгын морь болгон ашигладаг байна. Энэ адууг түүнчлэн ачаа, мал ахуй хариулах болон хөдөө аж ахуйд ашигладаг. Зарим газар чоно, үнэг авлахад ашиглана. Монгол пони хүнийг хувцас хэрэглэлийн хамт замгүй гуу жалгатай газар, цас, мөсөн дээгүүр бүтэн өдрийн турш тээх чадалтай. Энэ адуу маш хурдан ба 40 км урт замд уралдана. Энэ адууны гүүг сааж айраг, тос зэрэг вдээг гарган авдаг.

Гадаад төрх

Монгол понины үс бүдүүн ширхэгтэй, булчинлаг биетэй, багавтар биетэй гэхэд маш чийрэг хүчтэй. Том толгойтой, жижгэвтэр нүдтэй, чих өрген, хүзүү богино, сагсгар дэлтэй. Цээж уужим, нуруу богино, дал мөрөөрөө хүнд жинтэй. Хөлдөө хүч сайтай, хатуу бөөрөнхий туурайтай. Сүүл нь дээр тавигдсан, бүдүүн үстэй. Энэ адуу хонгор, хээр, хар бараан зүсмийнх голдуу байна.

Онцлог шинж

Монгол адуу бусад үүлдэрийг бодвол илүү зүтгүүр, тэвчээртэй. Араб адуунаас ч энэ талаараа давуу. Эдгээр адуу маш хүйтэнд бага тэжээлтэйгээр хоногт 160 км хүртэл замыг туулах чадвартай. Төрелхийн мал хариулах чадвартай. Номхон боловч өөрийн гэсэн онцлог зан авиртай байдаг.

Эх сурвалж: www.todmagnai.mn


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж