Ам.долларын нэр хүнд өсч эхлэв

Хуучирсан мэдээ: 2012.09.06-нд нийтлэгдсэн

Ам.долларын нэр хүнд өсч эхлэв

Үнэт металлын зах зээлийн «kitco. com» сайтын мэдээлж буйгаар өнгөрсөн
долоодугаар сараас хойш ам.долларын нэр хүнд олон улсад унаад байна.
Эдийн засагчид «ноён ногоон»-ы уналтыг өнгөрсөн хугацаанд дээд амжилт
тогтоохуйцаар дээшилсэн «шар металл»-ын үнийн өсөлттэй холбон
тайлбарласан.

Одоогийн байдлаар олон улсын зах зээлд унци алтны үнэ 1740 ам.долларт
хүрчээ. Гэхдээ энэ нь долоо хоногийн өмнөхөөс гурван хувиар буурсан
үзүүлэлт юм байна. Ингэхээр ам.доллар болон алтны ханшийн урвуу
хамаарлын дагуу олон улсад долларын ханш буцаад сэргэх хандлага
ажиглагдаж байна гэжээ.

Гэвч долларын ханшийн өсөлт хямралаас гарах гэж оролдож буй «хөгшин»
тивийнхэнд, хөгжиж буй орнуудад ч халгаатай гэдгийг шинжээчид нэгэн
дуугаар баталж байна. Өөрөөр хэлбэл, ам.долларын ханштай шууд
хамааралтай нефтийн үнэ энэ удаад өсч байна.

«Ингэснээр импортлогч орнуудад инфляцийн аюул нүүрлэнэ» гэж «kitco. com»
сайт үзжээ. Хамгийн гол нь алтны үнийн уналт он дуустал үргэлжлэх нь
тодорхой болсон байна. Тиймээс дэлхийн эдийн засаг одоо долларын ханшид
чирэгдэх бололтой.

Дээрээс нь Азийн орнуудын индексүүд бага зэрэг доошлох төлөвтэй болж,
олон улсын хөрөнгийн зах зээлд багагүй хөдөлгөөн оруулаад байгаа аж.
Тиймээс ам.долларын өсөлт зөвхөн америкчуудад хамаатай тааламжит
мэдээлэл болж буй юм.

Манай орны хувьд ам.долларын үнэ өсөх нь тийм ч сайхан үр нөлөө
үзүүлэхгүй. Гэхдээ Монголбанкнаас үүний үр дагаврыг тийм ч ноцтой биш
гэсэн юм. Учир нь манай улс одоогоор гадаад валют, тэр дундаа
ам.долларын арвин нөөцтэй байгаа аж. Тодруулбал, оны эхэнд 2449 сая
байсан ам.доллар наймдугаар сарын сүүлийн байдлаар 2749 сая ам.доллар
болж өсчээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 133 сая
ам.доллараар илүү юм байна.

Эх сурвалж: "Өглөөний сонин"
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж