Төсвийн алдагдал 5 хувиас хэтэрч болзошгүй байна

Хуучирсан мэдээ: 2012.09.06-нд нийтлэгдсэн

Төсвийн алдагдал 5 хувиас хэтэрч болзошгүй байна

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан болж байна. Уг хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулахтай холбоотой төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж буй юм.

Төсвийн татварын орлого энэ оны долдугаар сарын байдлаар 1.2 их наяд төгрөгөөр тасарсан, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх шаардлагатай авто зам, барилгын ажлууд хөрөнггүйгээс зогсонги байдалд орсон гээд олон бэрхшээлтэй асуудлыг хуулийн төслийг хэлэлцэх шатанд гишүүд хөндлөө. Улмаар гишүүдийн гаргасан саналын томъёоллоор санал хураалгасан юм. Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль 2013 оноос хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор санг бүрдүүлэх шаардлагатай болж буй аж. Санд гурван тэрбум төгрөг шаардлагатай ч эхний ээлжинд 1.5 тэрбум төгрөг тусгая гэсэн саналыг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар гаргасан байлаа. Харин гишүүд эл хөрөнгийг одоо төсвийн тодотголд тусгах зайлшгүй шаардлага харагдахгүй байна. Ирэх жилийн төсвийг хэлэлцэх үед хөрөнгө нь суугаад явахад боломжтой хэмээн үзсэнээр санал дэмжлэг хүлээсэнгүй уналаа. Мөн Увс аймгийн Малчин сумын цахилгаан дамжуулах дэд станцад 750 сая төгрөг тусгах тухай Эрчим хүчний сайд М.Сономпил санал гаргасан ч дэмжлэг хүлээж чадсангүй.

Харин төсөлд 2012 оны төсвийн алдагдлыг таван хувиас хэтрүүлэхгүй байхаар заасан ч түүнээс давж болзошгүй байгаа тул урсгал зардлыг дахин авч үзэх шаардлагатай байна гэсэн саналыг Л.Энх-Амгалан нарын гишүүд гаргасныг санал нэгтэй дэмжлээ. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэх шатанд дээрх санал гаргахад мөн дэмжлэг хүлээсэн юм байна. Мөн УИХ-ын төсвийг хасахгүй хэвээр үлдээх саналыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар гаргасныг олонхи гар өргөн дэмжсэн бол зам, барилгын ажлыг гүйцэтгэх зорилгоор 91.1 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкаар санхүүжүүлэхийг эргэж харж тооцоог нягтлах гэснийг дэмжсэнгүй унагалаа. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 7-19 дүгээр хорооны өрхүүдэд утаагүй зуух үнэ төлбөргүй олгохоор улсын төсөвт 397 сая төгрөг тусгах саналыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар гаргасан нь дэмжигдсэнгүй. УИХ-ын Төсвийн байнгын хорооны хурал үргэлжилж байна.

Г.Дарь  
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж