8000 трактор нийлүүлэх ажлын албан ёсны нээлт болов

Хуучирсан мэдээ: 2012.09.11-нд нийтлэгдсэн

8000 трактор нийлүүлэх ажлын албан ёсны нээлт болов

БНХАУ-ын Засгийн газар 20 жилийн хугацаатай 200 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг олгохоор болсон билээ. Энэ хүрээнд эхний ээлжинд 40 сая ам.долларын өртөгтэй 8000 ширхэг трактор, хөдөө аж ахуйн машин механизмыг нийлүүлэх ажлын нээлтийн арга хэмжээ өнөөдөр албан ёсоор болов. Нээлтийн арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Ван Шяо Лун, Консул Жао Чинг Мао, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Ренчинсэнгээ, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал Л.Дүйнхэржав, Сангийн яамны газрын дарга Н.Доржханд болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Хятадаас Монгол Улсад трактор, хөдөө аж ахуйн машин механизм нийлүүлэгчээр “Фотон Ловол” компани шалгарсан бөгөөд нийт 27 сая ам.долларын өртгөөр эхний ээлжийн 8000 ширхэг тракторыг нийлүүлэх бөгөөд энэ механизм нь газар хагалах, өвс хадах ажлыг гүйцэтгэх юм байна. Өнөөдрийн байдлаар “Фотон Ловол” компани 4000 гаруй иж бүрдэл трактор болон ХАА-н машин механизмыг хэрэглэгчдийн гарт хүргэсэн бөгөөд есдүгээр сарын сүүлээр гүйцэд хүлээлгэж өгөхөөр төлөвлөж буй аж.

Энэ компани нь хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, барилгын машин механизм, авто машин зэргийг нийлүүлдэг бөгөөд одоогоор 15 мянган ажилтантай, нийт 16,7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, жилийн үйлдвэрлэл нь 100 мянга гаруй трактор болон комбайнтай талаар өнөөдрийн нээлтийн арга хэмжээний үеэр дурдаж байсан. Уг компани гэрээнийхээ дагуу Монгол Улсад сэлбэг, машин, механизм нийлүүлээд, борлуулалтын дараах үйлчилгээ болон сэлбэгийн ханган нийлүүлэлтийг бүрэн хариуцах ажээ. Цаашдаа Үйлдвэрлэл, Хөдөө аж ахуйн яамтай хамтран 3-5 үйлчилгээний төвийг байгуулж, мэргэжлийн үйлчилгээний таваас доошгүй ажилтанг Монгол Улсад суулган, сургалт, зөвлөгөө өгч байх гэнэ.
Түүнчлэн Хятадын Засгийн газраас олгож буй 200 сая ам.долларын хөнгөлттэй зээлийг хүртээмжтэй байлгахын тулд үнээний сүү боловсруулах, гурилын болон махны үйлдвэр байгуулахад зориулах гэнэ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж