Чингэлтэй дүүргийн томилгоог хүчингүй гэж үзлээ

Хуучирсан мэдээ: 2012.09.11-нд нийтлэгдсэн

Чингэлтэй дүүргийн томилгоог хүчингүй гэж үзлээ

Чингэлтэй дүүргийн Засаг дарга буюу дүүргийн МАН-ын дарга Д.Ганболдыг огцруулах шийдвэрийг намынх нь нөхдүүд дүүргийн иргэдийн хурлаас гаргасан. Энэхүү шийдвэрийг хуулийн дагуу нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл захирамж гарган батламжилсны дараа Чингэлтэй дүүргийн шинэ Засаг даргыг томилох асуудал яригдах юм. Гэтэл хотын дарга Э.Бат-Үүлийн захирамж ирээгүй байхад өөрсдөө дур мэдэн Чингэлтэй дүүргийн шинэ Засаг даргаар Иргэдийн хурлын төлөөлөгчдийн нэг болох Т.Аюурсайханыг томилж дахин хууль зөрчжээ. Д.Ганболдыг энэ сарын 3-нд огцруулсан бол хууль бусаар шинэ Засаг даргаар Аюурсайханыг энэ сарын 7-нд томилсон байна. 

Гэтэл есдүгээр сарын 10-ны өдөр огцруулсан, томилсон шийдвэрээ Засаг дарга Э.Бат-Үүлд нэгэн зэрэг хүргэжээ.

Энэхүү хууль бус шийдвэртэй холбогдуулан хотын дарга Э.Бат-Үүл хариу мэдэгдэхдээ Чингэлтэй дүүргийн Засаг даргыг огцруулах албан ёсны бичиг ирээгүй, батламжлагдаагүй учир гэж дараагийн томилгоог мөн батламжлах боломжгүй гэж үзэж, үүнийгээ албан бичгээр илэрхийлсэн байна. Өөрөөр хэлбэл аль аль албан бичгийг нь хүчингүй гэж үзжээ.

Шинэ Засаг даргыг дур мэдэн томилсон гол хүмүүс бол дүүргийн ИТХ-ын дарга, МАН-ын гишүүн Ч.Батбилэг болон түүний ард УИХ-ын гишүүн асан Д.Очирбат байна гэх мэдээллийг дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчид хэлж байна. Д.Очирбат УИХ-ын сонгуульд Чингэлтэй дүүргээс нэр дэвшээд бүдэрсэн бол одоо дүүргийн МАН-ын дарга болохоор илтэд улайран тэмцэж нам дотроо хөлөө жийлцэж Чингэлтэй дүүргийн Засаг дарга буюу дүүргийн МАН-ын дарга Д.Ганболдыгоо огцруулах “хор”-ыг хийсэн гэх мэдээлэл ч дуулдаж эхэллээ.

Л.ХАЛИУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж