Германы супер хамтлаг “Tokio Hotel”

Хуучирсан мэдээ: 2012.09.13-нд нийтлэгдсэн

Германы супер хамтлаг “Tokio Hotel”

“Tokio Hotel” хамтлаг нь 2001 онд Германы Магдебург хотноо ихэр ах дүү дуучин Билл Каулитц, гитарчин Том Каулитц болон бөмбөрчин Густав Шафер, басс гитарчин Георг Листинг зэрэг бүрэлдэхүүнтэй "Devilish" гэх нэрээр байгуулагдсан бөгөөд поп-рок, алтернатив-рок, глам-рок, электроник-рок эмо-рок, повер-рок зэрэг урсгалуудаар бүтээлээ туурвидаг. Тэд анхны демо CD-гээ “Sony BMG Germany” дуу бичлэгийн компанитай хамтран гаргасан бөгөөд улсдаа дөрвөн number one сингл, гурван number one цомог гаргаж, таван сая гаруй хувь CD, DVD борлуулжээ.

Дараа нь тус хамтлаг нэрээ “Tokio Hotel”  хэмээн өөрчилж, Герман болон Англи хэл дээр бүтээлээ туурвих болсон бөгөөд Герман хэл дээрх анхны цомог “Schrei” нь 2005 оны “Universal Music Germany” дуу бичлэгийн компанитай хамтран гаргасан байна.

Энэхүү цомог нь дэлхий дахинд хагас сая хувь борлогдсон бөгөөд үүгээрээ “MTV Europe Music Awards”-ын “Best InterAct” номинацийн эзэн болжээ.

Дараа нь “Zimmer 483” цомог гаргасан ба Германд шилдэг тавд жагсах гурван сингл гаргасан  байна. Харин тэдний Англи хэл дээр гаргасан “Scream” цомгоос Франц, Португал, Испани, Итали зэрэг улсуудад эхний хорид жагсах хоёр сингл төрөн гарчээ.

2008 оны есдүгээр сард “Tokio Hotel” хамтлаг АНУ-ын “MTV Video Music Awards”-д “Best New Artist” номинацид анх удаа нэр дэвшин ялалт байгуулсан байна.  Харин дараа сар нь Мексикт зохион байгуулагдсан “MTV Latin America Awards” наадмаас “Best International Artist”, “Song of the year” зэрэг шагналуудыг гарджээ. Tokio Hotel нь “MTV VMA” болон “MTV Latin America Awards”-аас шагнал авсан анхны Герман хамтлаг болсон юм.

Мөн 2008 оны арван нэгдүгээр сарын зургаанд Ливерпүүлд зохион байгуулагдсан “MTV Europe Music Awards 2008”-аас “Headliner” шагналыг, 2009 оны арван нэгдгээр сарын 5-нд Берлинд болсон “MTV Europe Music Awards 2009” наадмаас “Best Group” шагналуудыг авсан.

 2010 оны арван нэгдүгээр сарын  7-нд Мадрид хотод болсон  “MTV Europe Music Awards”-аас “Best World Stage Performance” шагналыг өвөртөлсөн байна. Мөн 2011 онд “MTV Video Music Awards Japan” наадмаас мөн шагнал авч, тус наадмаас шагнал авсан анхны Герман хамтлаг болжээ.

Хамгийн сүүлд “Tokio Hotel” хамтлаг “MTV”-ийн 2012 оны “Musical March Madness” болон “MTV O Music Awards” наадмын "Fan Army FTW" шагналуудыг хүртсэн байна. Өдгөө тус хамтлаг Schrei (2005) Zimmer 483 (2007) Scream (2007) Humanoid (2009) зэрэг цомгууд гаргаад байгаа бөгөөд дэлхийд танигдсан супер хамтлаг болжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж