iPhone 5-ын захиалга дээд амжилт тогтоов

Хуучирсан мэдээ: 2012.09.18-нд нийтлэгдсэн

iPhone 5-ын захиалга дээд амжилт тогтоов

Өнгөрсөн долоо хоногт “Apple” корпорациас удаан хүлээлгэсэн “iPhone 5” смартфоноо танилцуулж, хэрэглэгчдээс захиалгаа авч эхэлсэн билээ. Тэгвэл “iPhone 5” смартфоны захиалгыг авч эхлээд 24 цагийн дотор хоёр сая “iPhone 5” смартфоны захиалга хүлээн авч дээд амжилт тогтоожээ.

“Apple” корпораци өнгөрөгч баасан гаригийн 03:00 цагаас эхлэн өөрийн вебсайтаараа дамжуулан хоёр жилийн гэрээний үнэ болох 16 GB-ын санах ойтой нь 199 ам доллар, 32 GB нь  299 ам.доллар, 64 GB нь 399 ам.долларын үнэтэйгээр “iPhone 5” смартфоны захиалгыг авч эхэлсэн байна.

Мөн тус корпорациас өнгөрсөн баасан гаригт хэрэглэгчдээс ирсэн “iPhone 5” смартфоны захиалгын ихэнхийг өчигдөр эзэнд нь хүлээлгэн өгчээ. “Apple”  корпорацийн шинжээчдын тооцоолж буйгаар “iPhone 5” смартфоны захиалга энэ эрчээрээ явбал ирэх долоо хоногийн баасан гариг гэхэд тус корпораци зургаан сая ширхэг “iPhone 5” худалдаж чадах гэнэ. Түүнчлэн тэд “iPhone 5”-ын захиалга бүр ес юмуу арван саяд ч хүрэх боломжтой хэмээн үзэж байгаа аж. Өмнө нь“Apple”  корпорацийн өнгөрсөн жилийн аравдугаар сарын 14-нд танилцуулсан “iPhone 4S” загвар нь гурван өдрийн дотор дөрвөн сая захиалга авч байжээ. Гэвч уг смартфоны захиалга хоёр долоо хоногийн дараагаас буурч эхэлсэн байна. “Apple” корпорацийн шинээр бүтээсэн “iPhone 5” смартфон нь 2007 онд танилцуулж байсан анхны загвараас хурд, хүчний хувьд хавгүй илүү бөгөөд илүү нимгэн, том дэлгэцтэй болжээ. “Apple”  корпорацийн “iPhone 5” смартфон ирэх 28-ны өдрөөс эхлэн дэлхийн 22 гаруй оронд худалдаанд гарах гэнэ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж