Н.Энхбаярын мөнгө угаасан хэрэг Азийг сандаргаж байна

Хуучирсан мэдээ: 2012.09.19-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярын мөнгө угаасан хэрэг Азийг сандаргаж байна

Эх орноосоо алсад олон оныг үдсэн хэдий ч цахимжсан ертөнцийн ачаар хавтгай болсон энэ дэлхийд монголдоо болж буй гунигтай бас баярлаж бахадмаар зүйлүүдийг цаг алдалгүй мэддэг болсон. Үүний ачаар магадгүй эх орондоо байгаа мэтээр өөрийгөө төсөөлөн сэтгэлээ тэжээсээр харьд суралцаж бас амьдарч явна. За энэ ч яахав миний хэрэг. Эх орноосоо сайхан мэдээ сонсвол баярлан хөөрч, таагүй мэдээ сонсвол гуниглах нь энүүхэнд. Харьд яваа монголчууд үнэн хэрэгтээ хамгийн их эх оронч сэтгэлгээтэй болдог. Тиймээс улс монголынхоо нэрийг унагахгүй юмсан гэдэг бодлыг уураг тархиндаа тээж явдаг юм.

Энэ удаад өөрийн эрхгүй сэтгэлээ уудлахаар шийдлээ. Миний бие экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчлагдах үеэс эхлэн монголчууд эв эеэ хичээлгүй өндөр алба хашиж явсан нэгнийгээ яахан ингэж дорд үзэж болно вэ хэмээн өмөөрөн мунхаглаж байсан билээ. Өлсгөлөн зарласан өдрүүдэд нь түүнтэй цуг өлсөж, ял сонсоход нь түүнтэй хамт сэтгэл зүрхээрээ шаналаж байлаа. Би Энхбаярт учиргүй хайртайдаа ингээгүй. Харьд яваа хүний сэтгэлээр бие биенийгээ өчүүхэн ч болов ойлгож ял зэмийг нь ганц ч болов удаа өршөөж үзээсэй хэмээн энэрэн бодож байсан билээ. Түүнээс биш Н.Энхбаярын үйлдсэн хэргийг бусдын л адил жигшдэг нэгэн.

Гэвч яг энэ цаг мөчөөс эхлэн би Н.Энхбаярыг харин ч бага ял сонсон, үйлдсэн хэргийнхээ ганцхан хувийг л эдэлж байгаа гэдэгт итгэж байна. Учир юун гэвээс гадны Thomson Reuters, trust.org/trustlaw зэрэг сайтуудаас экс ерөнхийлөгч Н.Энхбаяр Хонконг, Сингапурын банкуудад олон олон сая доллар угаасан тухай мэдээлэл олж үзээд сэтгэл сэрдхийв. Зарим нийтлэлээс нь монголын сайтууд орчуулж тавьсан байна лээ. Болж байнаа. Гадаадын хэвлэлүүд хэр барагтай дэгс зүйл нийтэлдэггүй. Эх сурвалжийн мэдээллийг маш сайн нягталж, баталсаны эцэст мэдээлдэг зарчимтай.

Тэгэхлээр нэн ялангуяа Thomson Reuters, trust.org/trustlaw зэрэг сайтууд шар мэдээллээр хэзээ ч хөөцөлдөггүй. Банк, санхүү болон улс төрийн талаар бараг 100%-ийн магадлалтай үнэн мэдээллийг цацдагаараа уншигчдын дунд нэр хүндийг олж аваад байгаа. Дээрх сайтууд болон бас бус мэдээллийг хэрэгслүүдээр гарч байгаагаас үзэхэд экс ерөнхийлөгч Н.Энхбаяр олон сая ам.доллар угаахдаа Хонконг, Сингапурын банкуудыг ашигласан нь ойлгомжтой болж байна. Үүнээс болоод эдгээр улсууд сандралд орж эхэлжээ. Учир нь мөнгө угаана гэдэг нь гэмт хэрэг.

Үүнээс болоод тус улсын нэр хүнд дэлхийн зах зээл дээр унаж банкуудынх нь зэрэглэл ганц А  руу унагахаар барахгүй сүйрлийн ирмэгт ч тулж очдог. Тухайлбал Хонконг дахь “Deloitte”-ийн түнш Кристофер Уильсон гэгч эрхэм “энэ бол эрүүл системтэй, эрх баригчдын сэжигтэй, ердийн бус шилжүүлгийн талаар мэдээлдэг процедуртай санхүүгийн институтуудад өгч буй цагаа олсон анхааруулга” гэснийг монголын сайтууд хүртэл мэдээлсэн байна.

Энэ эрхэм Thomson Reuters сайтад “энэ асуудал үнэн бол 2012 оноос хэрэгжиж эхэлсэн алан хядагчдын санхүүгийн гүйлгээ болон мөнгө угаах гэмт хэргийн тухай хууль, 1994 онд баталсан зохион байгуулалттай онц хүнд гэмт хэргийн тухай хуулийг зөрчсөн” гэж бичсэн байх юм. Түүгээр ч үл барам манай эксийг бохир мөнгө угаасан хэрэгтээ Хонконг Сингапурын банкуудыг ашигласан гэдэг мэдээлэл цацагдсаны дараа Зүүн Өмнөд Азийн “мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээ”-ний тэргүүн Найжель Моррис гадаад дахь салбаруудад данс эзэмшигчдын талаарх мэдээллийг шалгах үүргийг өгчээ. Хамгийн хөгийн нь Н.Энхбаяртай хамт хуучин Бирм буюу Мьянмар гэх хөгжил дорой улсын удирдлагууд мөнгө угаасан хэрэгт холбогджээ.

Н.Энхбаяр тус бүс нутагт мөнгө угаасан тухай мэдээлэл цацагдсаны дараагаар Хонконг мөнгө угаах гэмт хэргийн тухай хуулиа чангатгаж, цагдаагийн газар болон гааль, татварын албаны хамтарсан “санхүүгийн гэмт хэргийг эрэн сурвалжлах хэлтэс”-ээс нөлөө бүхий улс төрч, алан хядах үйл ажиллагаа болон хар тамхины наймаатай холбоотой мэдээлэл цуглуулахыг хүсчээ. Юу болж байнаа та минь ээ.
Н.Энхбаярын үйлдсэн балаг, хийсэн гэмт хэрэг Зүүн Өмнөд Азийн орнуудыг сандаргаж байна. Гэтэл Монголд түүнийг нурж буй байшин авсан, ганц зочид буудал идсэн, буддын шашинтнуудаас телевизийг нь булаасан гэх мэт жол зүйлсээр яллан дөрөвхөн жилийн ял өгч байдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээс харж байхад өвчтэй, зовлонтой гээд суллагдах магадлал өндөрссөн ч гэх шиг. Хамгийн харамсалтай нь Н.Энхбаярыг Хонконг, Сингапурын банкуудад олон сая доллар угаасан хэмээн бичиж, үүний дагуу Зүүн Өмнөд Азийн төр тэр аяараа үймэн сандралдаж байхад монголын зүгээс энэ талаар ямар ч мэдэгдэл очоогүйг тус сайтууд гайхан бичсэн байх юм.

Би Н.Энхбаярын мууг үзэж, улам олон жил шоронд суугаасай гэж үүнийг бичсэнгүй. Хамгийн гол нь улс монголын маань нэр хүнд дэлхий дахинд унаж, олон улсын банк, санхүүгийн байгууллага мөрөөрөө яваа бизнес эрхлэгчдийг маань хавчин гадуурхаж, үйл ажиллагаанд нь саад тотгор учруулж эхлэх вий л гэж эмээн болгоомжилсоны үндсэн дээр үүнийг бичлээ. Хэрэг дээрээ ганц Н.Энхбаярын асуудал мэт боловч үнэндээ монгол улсын нэр хүнд, банк санхүүгийн системд ноцтой хохирол учруулж буй үйлдэл гэдгийг цаг хугацаа харуулах бизээ.

Н.Энхбаяр гэдэг хүн өлсгөлөн зарлаж ахуйдаа монголын нэр хүндийг гадаад ертөнцөд чадах чинээгээрээ гүтгэж унагаж байсан. Харин сүүлийн үед гадны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Н.Энхбаярыг ялласан нь зүйн хэрэг болсныг үнэнээр нь цацаж байгаа. Гэтэл Н.Энхбаярын бохир мөнгө угаасан хэрэг гэнэт сөхөгдөн Зүүн Өмнөд Азийг цочроож байна. Энэ нь мэдээж бусад орнуудад ч нөлөөлөөд эхлэх биз. Харамсалтай нь миний эх орны хуулийн байгууллагууд л энэ талаар мэдсэн ч юмгүй таг чиг. Дэндүү эмгэнэлтэй.

ТӨӨГИЙ (ЛОНДОН)

Эх сурвалж: www.24tsag.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж