О.Баасанхүү бухимдуу явна

Хуучирсан мэдээ: 2012.09.19-нд нийтлэгдсэн

О.Баасанхүү бухимдуу явна

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Засгийн газрын сайд нарт хандан “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах ёстой, энэ асуудлыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгах ёстой” гэх шаардлага тавьсныхаа төлөө өчигдөр нэлээд том банга хүртсэн юм. Юу вэ гэвэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг түүнд хандан “Наад чуулганы танхимд хэн дуртай нь хашгирдаг юм биш, миний дүү, мэдэж ав” гэх үгийг хаягласан бол УИХ-ын дэд дарга С.Баярцогт “О.Баасанхүү чи юу ч мэдэхгүй байна, би чамд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хүргүүлнэ, түүнийг судлаарай” гэж хэлсэн нь улам ч нэрмээс болж, хатуухан буусан бололтой. Өнөө хэр нь гомдол нь тайлагдаагүй бухимдуу явна. Ямарсайндаа л хэвлэлийн хурлын үеэр  “Хэдий би Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар хэлэлцэхэд гишүүн болоогүй ч гэлээ олон улсын гэрээ, контракт ямар байдаг, юун дээр Монгол Улс алдав, онов гэдгийг уншаад мэдчих дайны боловсрол эзэмшсэн хүн. Гэтэл хүнийг юу ч мэдэхгүй байна” хэмээн дорд үзлээ хэмээн гомдол мэдүүллээ.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй МУИС-ийн Хууль зүйн ангид хамтдаа суралцаж байлаа хэмээн дурсамж сөхдөг тэрбээр сонинд өгсөн ярилцлагадаа “2016 оны УИХ-ын сонгууль болоход одоогийн парламентын гишүүд намайг бүгд хүлээн зөвшөөрдөг болно. Одоохондоо шоолж л байга” хэмээн онцолсон удаатай. Тэгэхээр ирэх жилүүдэд эрхэм гишүүн УИХ-ын дэд дарга С.Баярцогт, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нарын энд хүрэхийн төлөө их л мачийх болох нь дээ, ядаж л “Миний дүү” гэж хэлүүлэхгүйн тулд…

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж