Хятад эзэнтэй компани Сэлэнгэ аймагт эзэн суужээ

Хуучирсан мэдээ: 2012.09.19-нд нийтлэгдсэн

Хятад эзэнтэй компани Сэлэнгэ аймагт эзэн суужээ

Хятад эзэнтэй “Болд Төмөр Ерөө гол” ХХК Сэлэнгэ аймагт эзэн суужээ (Цуврал №1)

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн харьяа Төмөртэйн ордыг төрийн өмчит болгосноос хойш даруй нэг жил өнгөрчээ. Энэ хугацаанд дотоодын хэмжээний бүтээн байгуулалт хийж, монгол залуусаа ажлын байраар хангах төсөл амжилттай хэрэгжиж байгаа аж. Харин сайны хажуугаар саар гэгчээр Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай, Монголын хуулийг уландаа гишгэсэн нэгэн компани бүхэл бүтэн орд гшазрыг эзэмшээд зогсохгүй өөрсдийн нутаг дээр байгаа мэт ааш авир гаргаж байгаа тухай мэдээ чихний хажуугаар шууд өнгөрчихсөнгүй. Нэгэнт үйл явдал өрнөөд байгаа газарт очсон болохоор тус компанийн талаар илүү ихийг мэдэхийг хүслээ.

Холоос харахад л Хятадын компани гэх үнэр шууд үнэртэж байсныг нуух юун. Угаасаа ч Монголд харагдаж байгаагүй хятад толгойтой вагонууд төмөр замын дайтай харагдах аж. Энгийн нүдээр харсан хүнд бол монголчуудын баялгийг зөөж байгаа уул уурхайн компани биш төмөр замын нэг өртөө маягийн зүйл харагдах аж. Гэвч энэ бүхний цаана олон учир шалтгаанууд бий гэдгийг хэлэх хүмүүс байсан юм. Уул нь бол Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр сумын нутагт байх төмрийн хүдрийн багц ордыг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн гол хангах бааз маягаар ашиглах БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 160-р тогтоол 1990 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр гарч байжээ. Гэвч тэр цагаас хойш нам, засаг солигдсоор ирээдүйд Хар төмөрлөгийн комбинат болгон зохион байгуулагдаж байсан ордууд Хятадын гарт орж сүүлийн 5 жил шүүхээр явсаны эцэст Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байх Төмөртэйн ордыг төрийн өмч болгож чадсан билээ.

Харин энэ баг ордын нэг хэсэг болох 110 сая тонноор нөөц нь тогтоогдсон Баянголын ордыг өдий хүртэл БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Болд Төмөр Ерөө гол” ХХК эзэмшиж, тэндээ вант улс байгуулчихсан байна. 2001 оны 10 дугаар сард байгуулагдсан тус компанийн захирлаар Дэлгэрсайхан гэгч ажилладаг боловч үндсэн эзэн нь хятад. Ли Шао Мин гэгч хятадад өдгөө Монголын хууль үйлчлэхгүй, тэрбээр бүхэл бүтэн сумыг өөрийн мэдлийнх юм шиг хандаж байгаа ажээ. Өөрсдийгөө бүтээн байгуулалт хийж, монголчуудыг тэжээж, ажлын байраар хангаж байна гэх боловч үнэн хэрэгтээ Монголын баялгийг зөөвөрлөж, олон улсын уул уурхайн зах зээл дээр хэдэн тэрбумын ашиг олж байгаа компани юм. Тэд өөрсдийн хөрөнгөөр төмөр зам тавьжээ.

Учир нь, бидний баялгийг хяналтгүй бас өдөр, шөнөгүй зөөхийн тулд ийнхүү төмөр зам барьсан байна. Тус төмөр замыг улсын комисс хүлээж аваагүй байхад 300 орчим вагон оруулаад ирчихсэн өдөрт 250 орчим вагон төмрийн хүдрийг урд хөрш рүү зөөдөг болжээ. Хятад толгойтой 300 орчим вагон Монголын төмөр замд байдаг бүх вагоноос олон ширхэгээр илүү. Гэтэл манай улсын төмөр замд ширхэгээр тооцож үзвэл 1800 орчим л вагон байдаг аж. Тус төмөр замыг далангүй баригдсан, төмөр замын стандартыг хангаагүй учир комисс хүлээж авахгүй, тус замаар ачаа тээвэрлэхийг хориглосон атал хятад эзэнтэй тус компанийнхан нэг бүр нь 60 тонны багтаамжтай вагонуудаар өдөр бүр ачаа тээвэрлэлт хийсээр л байгааг нь ойр орчимд нь амьдран суудаг нутгийн малч ардаас хүртэл мэдэх боломжтой юм.

Уул нь бол Төмөртэйн гэх эдгээр төмрийн хүдрийн ордууд нь МУ-ын стратегийн чухал ач холбогдол бүхий орд боловч Стратегийн ордын жагсаалтад оруулахгүйгээр үлдээж ийнхүү хятадуудын мэдэлд өгчихсөн байна. “Болд Төмөр Ерөө гол” ХХК Сэлэнгэ аймгийн тухайн бүс нутгийг хятад эзэн болох Ли Шао Мин гэгчийн зараалаар өөрсдийн юм шиг ашиглах бөгөөд монголчуудыг илүү үзэж, зодож дээрэлхэх асуудал хэвийн үзэгдэл болжээ. Тэр ч бүү хэл, өөрсдийн талаар бүх муу мэдээллийг хэвлэл мэдээллээр тас нууж, амыг нь барьдаг компанийг Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр сумынхнаас өөр иргэд төдийлөн сайн мэддэггүй аж.

Ли Шао Мины гар, хөл болж, өөрсдийн уурхайн оффисын барилга, төмөр замыг нэгэнт байгуулсан хятад эзэнтэй тус компанийн нийт ажилчдын бараг 70 орчим хувь нь хятадууд байдаг гэнэ. Тэд Монголын нутагт байгаа хэрнээ монголчуудыг дээрэлхэж, Монголын газар шороог Хятадынх юм шиг ухаж төнхөж, баялгийг маань зөөсөөр байна. Тэд 2006 оны нэгдүгээр сараас эхлэн БНХАУ руу төмрийн хүдэр экспортлох нэрийдлээр зөөвөрлөлт хийж байгаа гэнэ. Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээрх Баянголын орд болон Төмөртэйн ордыг түшиглэн үйл ажиллагаа явуулах юм бол ирээдүйд барилгын гол яс мод гэж хэлж болох арматурыг эх орондоо үйлдвэрлэх бүрэн боломжтой билээ. Дээрх хоёр орд нэг нэгнээ түшиглэн орших, ашиглагдах боломжтой бөгөөд хамтдаа 500 орчим сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй юм. Гэвч одоогийн байдлаар “Болд Төмөр Ерөө гол” стратегийн ач холбогдол бүхий 110 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй ордод эзэн суучихсан дураараа аашилсаар байна. Байгалийн цогцолбор бүхий Сэлэнгэ аймгийн Ерөө сум ийнхүү хятадуудын гараар орж, ирээдүйд сэндийчсэн хэдэн хар нүхнээс өөр зүйл үлдэнэ гэсэн баталгаа байхгүй нь эндээс харагдаж байгаа юм.

 
Үргэлжлэл бий…

Г.ТЭГШ (www.wikimon.mn)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж