Шинэ цагийн ”илгээлтийн эзэд”

Хуучирсан мэдээ: 2012.09.20-нд нийтлэгдсэн

Шинэ цагийн ”илгээлтийн эзэд”

Дээх нь үед оюутнуудыг “илгээлтийн эзэд” хэмээн ургац хураалтанд дайчилдаг байсны адилаар шинэ цагт оюутнуудыг тариа хураалтад татах хөдөлгөөн өрнөөд бараг дуусах дөхжээ. Энэ ажилд 5000 гаруй оюутныг хамруулсан гэнэ.

Оюутнуудаа урагшаа…

Одоогоос сар гаруйн өмнө оюутнуудыг ургац хураалтад дайчлах шийдвэр гарчээ. Гэхдээ оюутнуудад ажилласан цагийнх нь дагуу цалин олгож, байр унааных нь мөнгөөр хангахаар болсон байна. Харин ажиллах компаниудад санал тавих ажлыг Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яам хариуцаж, оюутнуудыг зуучлах ажлыг Монголын оюутны холбоо хариуцжээ. “Энэ жилийн тухайд 100 гаруй байгууллага оюутнуудыг ажиллуулах хүсэлтээ ирсэн. Яг одоогийн байдлаар 5000 гаруй оюутан ногоо хураалтын ажилд хамрагдаж байгаа. Зарим нь ажлын хугацаагаа дуусгаад буцаж ирэх гээд бэлтгэж байгаа аж. Хамгийн гол нь тухайн оюутан өөрийн биеэр хүсэлтээ ирүүлэх ёстой. Тэгж байж хэдэн төгрөгийн цалинтай ажил хийх эрхээр хангагдах байжээ.

Заавал явах ёстой юу…

Зарим сургуулийн оюутнууд энэ тухай хомс мэдээлэлтэй байгааг хэлж байсан юм. “Би Отгонтэнгэр сургуульд сурдаг оюутны зөвлөлийн хэдэн гишүүн нь мэдсэн юм байгаа биз. Бидэнд харин энэ тухай мэдээлэл байгаагүй эртхэн мэдсэн бол очих байлаа” гэж Отгонтэнгэр их сургуулийн оюутан Б.Цацрал ярьсан юм. Ингэж ярих хувийн сургуулиуд үүгээр дуусахгүй. Уг нь МОХ-ноос бүх сургуулийн анхан шатны нэгж рүү мэдээлэл хүргэсэн аж. Мөн олон нийтийн сүлжээг ашиглан зар тараасан тухай ч мэдээлэл байна.

Улсын сургуулиудаас хамгийн олон оюутан хамруулсан нь Монгол Улсын боловсролын их сургууль бөгөөд 1000 гаруй оюутныг хамруулжээ. “МОХ-нд тухайн оюутан ажиллах хүсэлт болон цалингийн хэмжээгээ бичиж ирүүлэх ёстой. Түүний үндсэн дээр манай байгууллага ажилд зуучилна. Энэ ажлыг МУБИС дэмжиж хамгийн их хүүхдээ оролцуулсаны дээр Дархан-Уул аймгийн оюутан, залуус ч идэвхтэй хамрагдаж.

Зарим сургуулийн оюутнууд албадан тариа хураалтад явуулж байгаа боловч үүнийг батлах хүн хараахан байхгүй л сууна. “Заавал яв гэж хэлээгүй ч энэ ажилд хамрагдсан хүүхдүүдэд илүү дүн тавина гэсэн юм ярьсан” гэж Их Засаг сургуулийн нэрээ хэлэхийг хүсээгүй оюутан ярьсан юм. Харин ийм асуудал огт болоогүй гэдгийг оюутны байгууллага нь ярьсан юм.

Оюутныг ажиллах боломжоор хангая…

Ямартаа ч энэ жилийн ургац хураах ажилд оролцсон оюутнуудад тухайн компаниуд ам сайтай байгаа бөгөөд цаашид жил болгон ийм ажил зохион байгуулж байхаар тохиролцжээ. Ер нь ийм хэлбэрийн цагийн ажлаар оюутныг хангах талаар бодох цаг нь болсон ч юм шиг. Монгол Улсын хэмжээнд ажил идэвхтэй хайгчдын дийлэнхийг оюутан залуус эзэлдэг гэсэн судалгаа бий. Гэхдээ оюутан залуусыг ажиллуулах сонирхол тухайн байгууллагуудад тэр бүр байдаггүй. Үүнийг зохицуулсан хууль ч одоогоор алга. Харин олон арван сая төгрөгийн тэтгэмжийг оюутанд олгохоос илүү ажиллах боломжоор нь хангаад өгвөл төсвөөс тодорхой хэмжээний мөнгийг хэмнэх боломж байгаа ч юм бил үү.
“Монголын оюутнуудад цагийн ажил хийх эрх чөлөө байдаггүй. Уг нь төгсөөд ажил амьдралаа шийдэх гэж байгаа хүмүүст ажил хийж байх нь чухал. Мөн эдийн засгийнх нь асуудлыг бага ч атугай шийдэх боломж болж хувирна” гэж Хүний нөөцийн мэргэжилтэн Д.Түмэнжаргал ярьсан юм.

Оюутныг ургац хураалтад дайчилсан нь арга хэлбэр, мэдээ, мэдээллийн хувьд энэ жилийнх тааруу болсон гэдгийг олон оюутан ярьж байна. Гэхдээ ажил зохиохоор хамрагддагүй гэсэн томоохон гэм оюутнуудад бий. Магадгүй цагийн ажил хийж болох боломж нөхцөлөөр хангавал “оюутан” гэх асуудлын шийдэл бага ч атугай тайлагдаж болох юм.

Б.БОЛОРСҮХ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж