Д.Галсанбат агсныг эргэн дурслаа

Хуучирсан мэдээ: 2012.09.20-нд нийтлэгдсэн

Д.Галсанбат агсныг эргэн дурслаа

Монголын рок, попын тулгын чулууг тавьсан “Соёл-Эрдэнэ” хамтлагийг үүсгэн байгуулагч, тус хамтлагийн гурван үетэй хамтран уран бүтээлээ туурвиж явсан Монголын нэрт гитарчин, Гавьяат жүжигчин Д.Галсанбат агсныг урлаг, соёлын “акулууд”, найз нөхөд, гэр бүлийнхэн нь эргэн дурслаа. Энэ жил түүний мэндэлсний 60 жилийн ой тохиож буй. Энэ хүрээнд  түүний уран бүтээлийн ид оргил үедээ ажиллаж, амьдарч байсан Сансарын 56 дугаар байрны хананд Д.Галсанбат агсны дурсгалын самбар босгож, хүндэтгэл үзүүлэх ёслол өчигдөр болсон юм. Хүндэтгэлийн арга хэмжээнд түүний хань Д.Алимаа, түүний бага хүү Г.Дөлгөөн гэр бүлийнхээ хамт болон хөгжмийн зохиолч Б.Долгион,  том Жагаа, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа, “Соёл-Эрдэнэ” хамтлаг, “Өргөө” хамтлагийн дуучин С.Бархас, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, Гавьяат жүжигчин, гитарчин Ц.Энхманлай, Ц.Чулуунбат, Я.Одсүрэн, гитарчин Өөжгий, хөгжмийн зохиолч рок, поп урлагийн отгон Гавьяат жүжигчин “Хоовон” Г.Энхбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Ч.Насантогтох, түүний дотны найз нөхөд, гарын шавь нар нь хүрэлцэн ирж,  түүний уран бүтээлийг тоглон, дууг нь эгшиглүүллээ. Арга хэмжээний үеэр Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа “Өнөөдөр надад энд үг хэлэх завшаан олдсонд баярлаж байна. Олдох ч ёстой, ийм ч эрхтэй гэж бодож байна. Би энэ хүнтэй арван жил хамт дуучин, хөтлөгч, зарлагчаар, арван жил нь түүнийг даргалж явлаа. Галсанбатын амьдралыг сар, өдөр, хоногтой нь, тэр бүү хэл шагнуулж, донгодуулж, дэвшиж байсан гээд бүх зүйл нь надад байдаг. Өнөөдөр бас баярлууштай нэг зүйлийг хэлье гэж бодож байна. Өнөөдрийг хүртэл “Соёл-Эрдэнэ” хамтлагийн тулгын галыг түлээд, тооныг нь өргөөд, тугийг нь мандуулж яваа “Соёл-Эрдэнэ” хамтлагийнханд баяр хүргэх ёстой болов уу. 1973 оны долдугаар сарын 23-нд сайд нарын зөвлөлийн тогтоолоор Улсын ардын дуу, бүжгийн чуулгын дэргэд байсан “Соёл-Эрдэнэ” хамтлаг мэдээлэл радио, телевизийн дэргэд байсан цахилгаан хөгжмийн хамтлаг буюу одоогийн “Баян монгол” хамтлаг симфони найрал хөгжмийг нэгтгэн Монголын концертын төв буюу Улсын филармонийг байгуулахад Галсанбат улсын ардын дуу бүжгийн чуулгаас, би Болгараас төгсч ирээд хуваарилагдан, түүнийг бурхан болтол бид найз нөхөд, дарга, цэрэг явсан. Их сайхан, гандан бууршгүй хүн. Өнөөдөр ч “Соёл-Эрдэнэ” хамтлаг байгаа. Өнөөдөр түүнийг үгүйлж байгаа хүн бүр  Галсанбатыг  сэтгэлдээ бодож байна. Тэрээр ийм сайхан бүхнийг бидэнд үлдээсэн. Одоо ч уран бүтээлээрээ бидэнтэй хамт байна” хэмээн баярласан сэтгэгдлээ хуваалцсан юм.
Ёслолын арга хэмжээг нээж, “Соёл-Эрдэнэ” хамтлаг, дуучин Ч.Насантогтох, С.Бархас нар “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай” уран бүтээлийг нь дуулсан. Арга хэмжээг зохион байгуулагчдын нэг, Галсанбат агсны багын найз,  рок, попын тогоонд хамтдаа чанагдаж явсан,  Пентатоник академийн ерөнхийлөгч,  хөгжмийн зохиолч Б.Долгионтой уулзлаа.

-Гавьяат жүжигчин, Д.Галсанбат агсны 60 насны ойд зориулан олон ажил хийж байна. Өнөөдөр түүний амьдарч байсан байрны хананд хүндэтгэлийн самбар босголоо. Сэтгэгдлээ хуваалцахгүй юү?

-Галсанбат маань амьд сэрүүн байсан бол энэ жил 60 нас хүрэх байсан юм. Найз нөхөд, хань ижил, бид бүхэн түүний төрсөн өдрийг тэмдэглэж, цуврал арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь өнөөдөр тохиож байна. Энэ Сансарын 12 хорооллын 56 дугаар байрны хананд дурсгалын самбар, ханын хөшөө байрлуулах ёслол боллоо. Галсанбат маань энэ байранд 1972-1982 онд ид уран бүтээл нь цэцэглэж байсан үе, “Соёл-Эрдэнэ” хамтлаг байгуулагдаад рок, поп хүчээ авч байсан үе байсан учраас энэ байрыг сонгосон. Мөн өнгөрсөн долоо хоногт Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын соёлын төвийг түүний нэрэмжит болгосон чухал арга хэмжээ болсон. Түүнчлэн “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай” нэртэй түүний дурсгалд зориулсан цомгийг бид гаргалаа. Үүнийг Галсанбат маань гаргая гэж бодож байсан ч амжилгүй хорвоогоос хальсан юм. Тиймээс түүний найз нөхөд нь тэрхүү цомог болгохоор бэлдээд байсан эхийг нь олоод сая хэвлүүлж өнөөдөр гэр бүлийн хүнд нь гардуулан өглөө.

-Ойн хүрээнд цаашид ямар ажлуудыг хийхээр төлөвлөсөн бэ?

-Одоо Д.Галсанбатын зохиосон “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай” дууг хэн сайн дуулах вэ тэмцээн зохиохоор төлөвлөөд байж байна. Мөн түүний тухай дурсамж ном хэвлүүлнэ. Тэрээр мундаг хүн байсан учраас монголчууд их хайртай байж. Одоо ингээд цаг хцгацаа өнгрөхө тусам эргээд бодохоор Галсанбат маань рок, поп урлаг орчин цагийн хөгжилд асар том гавьяа байгуулсан нь харагдаж байна л даа. Үүнийг би хэдхэн жишээгээр ярьдаг юм. Нэгдүгээрт урд өмнө нь ахмад үеийнхнийхээ үлдээсэн тэр үндэс суурь дээр рок, поп урлагийг албан ёсны тайзан дээр гаргаж хүлээн зөвшөөрүүлсэн гавьяатай хүн. Төр засаг тухайн үед тодорхой шалтгаанаас болоод тэр бүр таашаадаггүй байсан ч үүнийг хүлээн зөвшөөрүүлж чадсан. Хоёрдугаарт Галсанбатыг төр засгаас үнэлж хамгийн анх “рок гитарчи”д Гавьяат цолыг өгсөн. Урьд нь Гавьяатууд зөндөө байсан бид тэрнийг ерөөсөө үгүйсгэж болдохгүй. Булган сүүлтэй түүний ураас түм буман Гавяьатууд гарч ирлээ. Хамгийн сүүлийн рок, попын Гавьяат гэвэл “Хоовон” Г.Энхбаяр, дуучин Ж.Алтанцэцэг хоёр байна. Гуравдугаарт бүтэл бүтэн гитарын школ бий болгосон. Галсанбатыг дагаж, түүний жишээгээр үе үеийн түм буман гитарчид бий болсон. Түүний төлөөлөл болон өнөөдөр энд Энхманлай, Болоож, Өөжгий нар ирсэн. Монголд өнөөдөр зуугаад хамтлаг байна. Тэр хамтлаг болгон гитарчинтьай гэж бодохоор тэр хүн монголын рок, поп урлагт ямар хувь нэмэр оруулж, гавьяа байгуулсан хүн бэ гэдэг нь ойлгомжтой болох болов уу гэж бодож байна.



-Найзыгаа цөөн үгээр илэрхийлэхгүй юу?

-Жижигхэн биетэй мөртлөө цар хүрээ хтэй, олон талын авьяас, билэгтэй. Талсттай хүн гэж ярьдаг шүү дээ. Алиа наргианч тийм өвөрмөц хүн байсан. Ер нь монголын рок, попынхон бүгд л түүнд хайртай байдаг. Яагаад гэвэл тэрээр дандаа хүний хайр татсан араншинтай, түүнийг тойрсон хүн болгон гэгээлэг орчинд байгаа юм шиг сэтгэгдэлтэй байдаг “нарлаг” хүн байсан юм.

Гитарчин Д.Галсанбат 1992 онд “Соёл-Эрдэнэ” хамтлагаас рок, поп урлагт хамгийн анхны Гавьяат цолтон болон тодорч түүхэнд нэрээ мөнхөлсөн. Тэрбээр олон ч зүйлийн анхдагч юм. Монголд гитарын школын үндэс суурийг тавьсан түүний олон шавь нар өнөөгийн рок, попыг өнгөлж яваа. Тиймдээ ч энэ л өдөр түүнд хүндэтгэл үзүүлэн найз дүү нь болсон гитарчин Я.Одсүрэн, гарынх нь шавь Ц.Энхманлай,  Өөжгий нар түүний уран бүтээлийг тоглон чуулсан олныг сэтгэлийн чавхдасыг хөндсөн юм. Өдгөө Монголын номер нэг гитарчин Өөжгий “Загалмайлсан эцэг” киноны дууг гоцлон тоглож, “Д.Галсанбат багш маань монголын рок, поп урлагийн загалмайлсан эцэг байсан юм” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцсан юм.

Тиймдээ ч одоог хүртэл “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Ханийн дуу”, “Миний аз жаргалын дуу” зэрэг хит дуу нь одоо ч бидний сонсох дуртай дуу хэвээр эгшиглэсээр байдаг.  Мөн “Соёл-Эрдэнэ”-ийнхэн “Дангийн даавуу майхан”, “Хүүш, Дамдин”, “Тоохуу нэгэн хос” гэхчилэн маш олон ардын дууг эстрад хөгжимтэй хослуулж, дуулсанаараа өнөөдрийн Монголын рок, поп урлагийн үндэс суурийг тавьсан хэмээдэг юм.


Мөн ёслолын арга хэмжээний үеэр “Соёл-Эрдэнэ” хамтлагийн хөгжимчин, хөгжмийн зохиолч Том Жагаатай уулзлаа.


-Та “Соёл-Эрдэнэ” хамтлагт Галсанбат агсантай хамтран тоглож байсан шүү дээ. Өнөөдөр түүний дурсгалыг хүндэтгэн ханан хөшөө босголоо?

-Манай рок попыг анх үндэслэгчдийн нэг бол яар аргагүй Галсаа. Бид бол “Соёл-Эрдэнэ” хамтлагийн хоёдугаар үе шүү дээ. 1977-1980 оны үед Цоомоо бид нар хамтлагт орж уран бүтээлээ хийж байсан. Манай Галсаа бол бүүр эхнээс нь одоо хүртэл явж байгаа ганц хүн нь байхгүй юу. Соёл-Эрдэнэ хамтлагийн хоёр, гуравдугаар үе, өшөө шинэчлэгдээд залуучууд болох Өөжгий, Вовка нарыг сүүлд орж ирэхэд Галсаа тэр хүртэл байсан ганц хүн нь. Түүгээрээ онцлог.

-Түүний 60 насны ойд зориулан тоглолт хийх үү?

-Одоогоор Галсанбатын тухай ном гаргана гэж байгаа. Тоглолтыг бол яахав ээ, ирэх жилээс бид нар ярьж байгаад хйи хэд бол бүх юм бэлэн байгаа шүү дээ. Ер нь бол хийх байх. Бид нар Галсанбатын нэрэмжит гитарчдын тэмцээн, уралдаан хийхээр ярилцаж байгаа.

-Галсанбат агсны амьд сэрүүн ахуйдаа гаргаж амжаагүй цомгийг нь хэвлүүлсэн гэж дуулсан?

-“Бүсгүй минь чи иэнээмсэглэж яваарай” нэртэй цомогийг түүний дурсгалд зориулан гаргасан. Цомог бол яг түүний тэр үед тоглож байсан оригналь стилиэр нь цомог болгон гаргасан. Түүний найзууд  нь хамтран гаргаад манай Б.Долгион эмхэтгээд өчигдөрөөс худалдаанд гарсан. Цомогт “Тэмээн цуваа”, “Бүсгүй минь яи инээмсэглэж яваарай”, “Миний аз жаргалын дуу”, “Гучин усны говь минь”, “Нартай боро”, “Ханийн дуу”, “Үйлчин бүсгүй”  зэрэг 14 дуу багтсан.

-Д.Галсанбат агсны гарын шавь нарын нэг “Харанга” хамтлагийн гитарчин Ц.ЭНхманлайтай уулзлаа.

-Та Д.Галсанбат агсныг гитар хөгжмийг урлагийнх нь хувьд юу гэж тодорхойлох вэ?

-Аливаа улсад анхдагч гэж байдаг шүү дээ. Галсанбат бол Монголдоо нэг хэсэг хүмүүсийг сэтгэлийг татсан, бишрэмээр монголчуудын тэр дундаа бид нарын үеийнхний жинхэнэ од байсан.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж