Н.Батцэрэг: Эвсэл АН-ын туслах биш хамтрагч нь

Хуучирсан мэдээ: 2012.09.21-нд нийтлэгдсэн

Н.Батцэрэг: Эвсэл АН-ын туслах биш хамтрагч нь

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгтэй ярилцлаа.

-УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2012 оны төсөвт тодотгол хийлээ. Зарлагаа бууруулж, алдагдлаа таван хувьд барьж чадсан уу?

-Дэлхийн эдийн засаг хямралтай, бидний төсөөлснөөс ч муу нөхцөл байдал энэ өвөл, хаварт гарч болзошгүй байна. Европын эдийн засаг хурдтай муудаж, үүний нөлөө Хятадад үсэрхийлж эдийн засгийн өсөлт нь саарч байна. Түүнийг нь дагаад манай улсын уул уурхайн гол бүтээгдэхүүн болох нүүрсний экспортын хэмжээ буурч, үнэ уналаа.  Нүүрсний экспорт буурч, үнэ унаснаас болж Монгол Улсын төсвийн алдагдал миллиард орчим долларт хүрлээ. Тийм болохоор нөхцөл байдлаа нэлээд тооцсоны эцэст зардлаа танаж, тухайлбал, зураг төсөл нь хийгдээгүй, тендэр нь зарлагдаагүй хөрөнгө оруулалтыг цуцлах, танах зарчим барьж төсвөө тодотгосон. Төсвийн алдагдлыг ДНБ-ийн 4.8-иар хувиар баталлаа. Цаашдаа төсвийн алдагдлыг ДНБ-ийн 2 хувь руу буулгах  ёстой гэж бид үзэж байгаа.

-2013 оноос Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хэрэгжээд эхлэхээр алдагдлыг хоёр хувиас хэтрүүлж болохгүй. Ирэх оны төсвийг хэлэлцэх үед УИХ үүнийг хэрэгжүүлж чадах болов уу, нөхцөл байдал ч бас амаргүй байдаг?

-УИХ-ын намрын чуулган эхлэхэд 2013 оны төсвийн хууль орж ирнэ, тэр үед нухацтай хандах ёстой. Яагаад гэвэл одоо төсвийн алдагдал 4.8 хувьтай байна, нэг амьсгаагаар шууд 2 хувь руу буулгах боломжгүй. Гэхдээ аль болох бууруулахын төлөө ажиллах ёстой л доо. Өөр нэг зүйл нь өнөөг хүртэл хэрэгжүүлж ирсэн гал унтраах маягийн улс төр, эдийн засгийн шийдвэрүүдээ орхиод, болж өгвөл бүс нутаг, дэлхийтэй сайн холбож асуудлаа авч үзэх ёстой. Жишээлбэл, одоогийн эдийн засгийн хямралыг яаж хохирол багатай давж гарах вэ гэдгийг зөв тодорхойлох, ингэж чадвал хямралаас хожих бололцоо ч бий. Дээр нь ямар байдлаар ажиллавал илүү мөнгө босгож чадах вэ гэдгийг маш зөв тооцох.  Дэлхийн хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж мөнгө босгох тухай ярьж байна, мөн Засгийн газар гадаад бонд гаргах тухай ч ярьж байна, өөр ямар бололцоо байж болох вэ гэвэл Монгол геополитикийнхоо хувьд хэр сонирхол татах орон бэ гэх мэтчлэн асуудлыг маш өргөн агуулгаар харах хэрэгтэй. “Эрдэнэт” үйлдвэр одоо ч төсвийн орлогыг бүрдүүлсэн хэвээр байна. “Эрдэнэт” үйлдвэрийг тийм ч мундаг төлөвлөж байгуулаагүй юм шүү дээ, геополитикийн л үр дүн.

-Энэ юу гэсэн үг билээ?

-Тухайн үед Чилид төрийн эргэлт гарч, ЗХУ-тай харилцаа эрс муудсан. Энэ үед хойд хөрш өөрийнхөө импортоор авдаг уул уурхайн бүтээгдэхүүн болох зэсийнхээ эх үүсвэрийг хаанаас олох вэ гэдгийг эрэлхийлж, Орос, Монголын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулсан түүхтэй. Тэгэхээр “Эрдэнэт” геополитикийн үр дүнд л үүссэн байхгүй юу. Тийм учраас одоо Монгол Улс геополитикийн хувьд хэр сонирхол татах орон бэ гэдгийг манай улстөрчид сайн бодох ёстой.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах ёстой гэсэн заалт тусаагүйгээс болж улстөрчдийн дунд нэлээд тэмцэл өрнөж байна. “Шударга ёс” эвсэл УИХ-д орж ирэнгүүтээ өмнө ярьснаа мартчих шиг, Засгийн газарт хамтарсан болохоор дуугаа хурааж байр сууринаасаа ухраад эхэлсэн үү?

-Бодит байдлыг хэлэхэд Засгийн газрын хөтөлбөрт Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой гэсэн саналыг тусгах хүрээнд санал хураахад 27:26 болж, ганцхан гишүүний саналаар санал дутсан. “Шударга ёс” эвслийн бүлэг яг нэг зорилготой кнопоо дарцгаасан. Ямар томъёоллоор санал хураасан бэ гэхээр Оюутолгой гэдэг үгийг авчихъя, нэг компани, нэг ордын нэр дурдагдсан байх нь гадна талдаа зохисгүй гэдэг тайлбарыг сайд нар хийж байсан, үгүйсгэх аргагүй л дээ.  Гэхдээ Оюутолгойг тойрсон асуудлыг сүүлийн гурван жил ярилаа, ашгийнх нь тооцоо судалгааг гаргасан судалгаа ч бий, УИХ-ын 57 дугаар тогтоол гэж ч бий. УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор өнгөрсөн жилийн өдийд 20 гаруй гишүүн Ерөнхий сайдад асуудал тавьж байсан. Тийм болохоор энэ асуудал цаашдаа ч яригдана.

-Эцэс, төгсгөлгүй үргэлжлэх маргааныг таслахын тулд яах ёстой вэ. Сүүлдээ хэн нь үнэн, хэн нь худал яриад байгаа нь ойлгогдохоо болилоо?

-Гол нь улстөрийн төвшинд ч олон нийтийн дунд ч ойлголтоо нэгтгэх ёстой, тийм болохоор УИХ-ын гишүүдэд Оюутолгойн ордтой холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ, хувьцааны ногдол ашгийн гэрээ гэсэн дөрвөн гэрээний эхийг англи, монгол орчуулгатай нь тарааж өгөөсэй гэж бодож байна. Хоёрт, хэлэлцүүлэг өрнүүлэх ёстой, иргэний нийгмийн байгуулал, судлаачдын төлөөллийг оролцуулаад мөн гэрээнд гарын үсэг зурсан сайд, одоо асуудлыг хариуцаж байгаа хүмүүс нь одоогийн хөрөнгө оруулалтын орчин ямар байгаа талаар мэдээлэл өгөх ёстой. Дээр нь “Рио тинто” компанийн ТУЗ-ийн гишүүдийг хэлэлцүүлэгт уриасай гэж бодож байна. Бүхэлдээ ойлголт, мэдээлэл жигдрэх ёстой, тэгэхгүй бол эргэлзээ байна, хардалт байна. Монголын талд ашигтай байж чадав уу, үгүй юу гээд…

-Ер нь Оюутолгой Монголын талд ашгаа өгөх гэрээ мөн үү, та хувь гишүүнийхээ хувьд юу гэж бодож байна?

-Нүдэнд шууд тусч байгааг хэлэхэд 30 жилийн дараа Монголын талын хувь эзэмшлийг 15 хувиар нэмэгдүүлнэ гэж заасан нь дэндүү урт хугацаа л даа. Техник технологи хөгжсөн өнөө үед өөр тоо гарч болно. Хөрөнгө оруулалтын зардлаа 4.7 жилийн хугацаанд нөхөх боломжтой гэсэн судлаачдын дүгнэлт ч бий. Тэгэхээр нийт ард түмэн ойлголтоо нэгтгэх ёстой. Ингэснээр энэ төсөл амжилттай явж, дараа дараагийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад их туршлага болно. Хөрөнгө оруулагч талынхаа эрх ашгийг ч бодох ёстой. Өөрөөр хэлбэл, харилцан ашигтай байх зарчим амьдралд биеллээ олох ёстой. Тэгж гэмээнэ хөрөнгө оруулалт татаж Монголын эдийн засаг хөгжиж, аятай таатай амьдрах бололцоо бүрдэнэ шүү дээ.

-“Шударга ёс” эвслийн бүлэг, Ардчилсан намын бүлэгтэй хамтраад ажиллаад байх бололцоотой байгаа юу. Ер нь МАХН, МҮАН хоёр өнгөрсөн жилүүдэд “МАНАН”-гийн Засгийн газрыг унагана, арчина гэж их ярьдаг байсан. Тэгсэн атлаа Ардчилсан намтай хамтраад Засгийн газар байгуулсан. Албан тушаалаас болоод хамтарчихсан уу, шалтгаан нь юу вэ?

-Сонгуулийн үр дүн хэнийг нь ч дангаараа Засгийн газар байгуулах хэмжээний олонхи болгоогүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, бид бүгдээрээ л цөөнх болсон учраас хамтрахаас өөр арга байгаагүй гэсэн үг. Арай олон суудалтай нь Ардчилсан нам болохоор МАН-ыг сонгох уу, манайхыг сонгох уу гэдэг сонголтын өмнө байсан. Тэгээд ард түмний сонголтоо хүндэтгэж хамтарсан Засгийн газар байгуулаад ажиллаж байна. Одоо Засгийн газрыг бүрдүүлж байгаа улстөрийн намуудын хувьд ардчиллыг агуулгаар нь бэхжүүлэх, эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангах, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тэр дундаа үндэсний шаналан болсон ажилгүйдэл ядуурлын асуудлыг шийдвэрлэхийн тулд том зорилтыг хэрэгжүүлэх ёстой. Бодлогоо хэрэгжүүлэхийн тулд “Шударга ёс” эвсэл Ардчилсан намын туслах биш, жинхэнэ хамтрагч, хамтарч хариуцлага хүлээдэг, хамтарч зохион байгуулдаг, хамтарч бодлогоо тодорхойлдог байх ёстой гэж үзэж байна.

-“Ардчилсан намын туслагч баймааргүй байна” гэдэг нь өнгөрсөн хугацаанд Ардчилсан намынхан “Шударга ёс” эвслийнхэнд дээрэнгүй хандаа юу гэж ойлгогдлоо?

-Би бол дээрэлхлээ гэж харахгүй байна. Гэхдээ нэг юмыг ойлгох ёстой, Ардчилсан нам дангаараа Засгийн газар байгуулаагүй шүү гэдгийг… Ийм учраас Ардчилсан нам эвссэн хамтрагчаа хүндэлдэг, үнэлдэг, үүрэг ролийг нь зөв авч үздэг байх шаардлагатай л гэж хэлнэ.

-“Шударга ёс” эвслийн бүлгийг Засгийн газарт хамтрах болоход албан тушаал авахын төлөө хамтарлаа гэж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл дэд сайдын томилгоо явсангүй. Мөн МҮАН талаас ганцхан сайдын суудал ногдлоо, тэгтэл МАХН гурван сайдтай. МҮАН МАХН-даа хэтэрхий дээрэлхүүлээд байна уу даа? 

-“Шударга ёс” эвсэл албан тушаалын төлөө Ардчилсан намтай Засгийн газар байгуулаагүй юм гэдгийг хатуу хэлье. Сонгууль гэдэг өөрөө Засгийн эрхийн төлөөх өрсөлдөөн. Бид мөрийн хөтөлбөрөө дэвшүүлээд өрсөлдсөн, Монголын гурван сонгогчийн нэг нь Ардчилсан намыг, нөгөө нь Ардын намыг, гурав дахь нь эвслийг сонгосон. Ерөнхий үр дүнг харах юм бол хоёр нь эвсэж байж л Засаг төрөө эмхлэхээс аргагүй тийм сонголт. Засаг барих нь албан тушаалд очино гэхээс илүүтэй мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж гэж харах ёстой. Боломжийг алдаж болохгүй, орхиж болохгүй, ажил болгох ёстой, үр дүн болгох ёстой гэж бид үзсэн.

Сайдын асуудлын тухайд дараагийн сонгууль болоход сонгогчид хөтөлбөр нь хэрэгжсэн эсэхийг дүгнэж дүн тавихаас хэн нь хэдэн сайдтай байсан бэ гэж ярихгүй. Та нар анзаарсан бол МҮАН-д ганцхан  сайдын суудал өглөө гэдэг гомдлын үг хэнээс маань ч гараагүй. Яг үнэндээ “Шударга ёс” эвслийн сонгуулийг удирдаж амжилтад хүргэсэн, цаашлаад Ардчилсан намыг олуулаа болоход үүрэг гүйцэтгэсэн МҮАН-ын дарга өнөөдөр ямар нэг албан тушаалгүй сууж л байгаа шүү дээ.

-Энэ чинь МАХН-даа чадуулаад байгаагийн нэг хэлбэр биш үү?

-Бид яах вэ, МАХН-ынхныг дээрэлхэж байна гэж хэлэхгүй.  Хэлмээр зүйл бол “Шударга ёс” эвсэл олон түмний өмнө хариуцлага хүлээсэн улстөрийн хүчин гэдгийг онцлоё. УИХ-ын сонгуулиар нэгдсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн, мөн хүмүүсээ хамтдаа нэр дэвшүүлсэн. Энэ үүднээсээ эвслээ эв нэгдэлтэй авч явж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хоёр нам бие биенээ ойлгож их зөв харилцаатай явах ёстой. Ямар ч байсан манай зарим гишүүд орон нутгийн сонгуульд 50х50 хувиар хүмүүсээ нэр дэвшүүлбэл ямар вэ гэдэг санал гаргаж байгаа.

-МАХН хүлээн зөвшөөрөх үү, саналаа хэлсэн байгаа юу?

-Одоогоор албан ёсоор тавиагүй байна. Бид бас ойрын үед нам дээрээ цугларалт хийнэ. Түүгээр орон нутгийн сонгуульд ямар бодлого барьж орох вэ, МАХН-тайгаа эвсээд бүлэг байгуулчихсан тухайн шатандаа яаж оролцох вэ гэдэг талаар бодлогоо гаргана.

-УИХ-аас Засгийн газрын 2012-2016 онд баримтлах үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Түүнд “Шударга ёс” эвслийн Монголоо аврах таван хувьсгал хөтөлбөрөөс хэр туссан бэ. Тухайлбал, олигархи дэглэмийг устгана, баялгийнхаа эзэн болно гэсэн заалт орж чадсан уу?

-Сонгуулийн хөтөлбөрийн заалтуудыг үг үсгээр нь суулгана гэдэг амаргүй л дээ. Яагаад гэвэл Засгийн газрын хөтөлбөр бол үйл ажиллагааны хөтөлбөр. Өөрөөр хэлбэл, дээр сонгуулийн амлалтуудыг хэрэгжүүлэхийн тулд юу хийх вэ, ямар томъёололтой зорилт дэвшүүлэх вэ гээд хэлбэр нь өөр шүү дээ. Гэхдээ “Шударга ёс” эвслээс дэвшүүлж байсан сонгуулийн заалтуудаас 20 гаруй нь орсон гэж үзэж байгаа. Тухайлбал, нефтийн импортыг төр мэдэлдээ авах, нефтийн импортын зохицуулалтыг хэрхэн хийх. Зарим нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнийн зохицуулалтыг хийх. Орон сууцны зээлийн тогтолцооны шинэчлэл хийж, бага орлоготой иргэдийг орон сууцтай болоход нь төрөөс туслах ажлыг зохион байгуулах, тохилог зах бий болгох чиглэлээр тавьсан саналууд туссан. Мөн Тавантолгойн ордыг төрийн мэдэлд байлгана, уул уурхайн ордуудад хөрөнгө оруулалтын гэрээ, бүтээгдэхүүн хуваах гэрээ, тогтвортой байдлын гэрээнүүдэд өөрчлөлт хийж засч сайжруулах чиглэлээр ажиллах нь зүйтэй гэсэн Засгийн газарт чиглэл өгсөн заалт нь бидний зүгээс гаргасан санаачлагатайгаар туссан гэж хэлж болно.

Олгигархи дэглэмийг устгахын тухайд, намууд олигархижчихсан. Олигархижсан нам нь төрөө олигархижуулах аюултай, энэ үзэгдлийг халах ёстой. Энэ чиглэлээр нийгэм, эдийн засгийнхаа хүрээнд хийхээр зорьж байгаа зорилт, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлуудыг УИХ-д оруулж ирж байна гэж үзэж байгаа. УИХ-ын өөрийнх нь бүрэн эрхтэй холбоотой асуудал л даа. Жишээлбэл, энэ бүрэн эрхийн хүрээнд юу хийж амжих ёстой вэ гэхээр Үндсэн хуулийн өөрчлөлт хийх ёстой гэж үзэж байна. Тэгж байж, төр засгаа илүү сайн ажиллах боломжтой болгоно. Жишээлбэл, УИХ, Засгийн газар, Ерөнхий сайдтайгаа эрх мэдлийн баланс үүсгэх ёстой.  Орон нутагт эрх мэдлийг илүү өгөх ёстой. Үүн дотроо сумын Засаг даргыг ард нийтээрээ шууд сонгодог тогтолцоонд шилжих ёстой гэж харж байна.

Хот төлөвлөлтийн том бодлого явуулах бололцоотой болгохын тулд аймгийн төв, том хотуудаа сум гээд нэрлэчихсэн Үндсэн хуулийн заалтаа өөрчлөх ёстой. Хүн ам суурьшлын оновчтой бодлого хот төлөвлөлтөө дагаж явах ёстой, түүнийг дагасан том дэд бүтцийн стратеги төлөвлөгөө хэрэгжих ёстой. Энэ дэд бүтэц хэрэгжих мастер төлөвлөгөө, уул уурхайн салбарын маш оновчтой үндэсний бодлого дотроо байгаль экологио аль хэсэгт нь унаган төрхөөр нь авч үлдэх, аль хэсгээ бэлчээрийн аж ахуйгаа хөгжүүлэх, аль хэсэгт нь үйлдвэрээ барих вэ гэх мэтчлэн томоохон улс орны төлөвлөлт хийх ёстой. Ийм төлөвлөлт хийхэд Үндсэн хуульд үүргийг хариуцлагажуулаагүй, үүргийг тодорхой заагаагүй, эрх мэдэл тал руу нь илүү ач холбогдол өгөөд явчихсан нь заримдаа садаа болж байгаа тал бий. УИХ-ын гишүүнийхээ хувьд Үндсэн хуульдаа хүндэтгэлтэй ханддаг, тэгэхдээ практик амьдралаар шалгагдаж гарч ирээд байгаа согогыг засч боловсронгуй болгох чиглэлээр санаачлага гаргах ёстой гэж бодож байна.

-Ард түмний санал асуулгыг авч байж, Үндсэн хуульд гар хүрэх эсэхээ шийдье гэж зарим улс төрийн хүчин үздэг. Үүнтэй та санал нэгддэг үү?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг аль болох олон нийтийн санаа бодлыг авах талаас сайн ажил зохион байгуулах ёстой. Манай “Монголоо аврах таван хувьсгал” хөтөлбөрт, Үндсэн хуулийг шинэчлэх талаар ард нийтийн санал асуулга явуулна гэсэн зорилт бий. Үндсэн хуулийг өөрчлөх журмын тухай хууль гэж бий, бусад Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах процедурууд бий, тэр бүгдийг яв цав хангаж, хуульд нийцүүлэх байдлаар явах ёстой. Хэт яарч болохгүй л дээ. 

-Сүүлийн үед МАН-ын экс дарга С.Баяр, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар нар МАХН-ын дарга Н.Энхбаяр даргатай уулзах хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газарт гаргажээ гэсэн мэдээлэл цацагдах боллоо. Гэтэл эвслийн бүлгийнхэн таг чиг, УИХ-ын гишүүн болонгуутаа даргыгаа мартлаа ч гэж зарим нэг хэсэг нь шуугих юм. Та бүхэн Н.Энхбаяр даргыг эргэдэг үү?

-Эргэж байгаа, Ц.Цолмон гишүүн очсон, би очсон. Бусад гишүүд маань очих хүсэлтээ илэрхийлээд байгаа. Эргэлт оруулдаг хугацаа нь их нарийн, тэр дотроо хүмүүс нь багталцахгүй байгаа болохоос биш биеийн байдлыг нь асууя, УИХ дээр болж байгаа үйл явц, гаргаж байгаа шийдвэрүүдээ танилцуулъя, санаа оноог нь авъя гэж байгаа л даа.

-Бие нь ер нь ямар байгаа вэ, гадаадад эмчлүүлэх шаардлагатай гэх мэдээлэл ч яваад байгаа?

-Тийм сайнгүй харагдсан шүү. 

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж