А.Бакей: Ачаалалтай, цаг наргүй ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2012.09.21-нд нийтлэгдсэн

А.Бакей: Ачаалалтай, цаг наргүй ажиллалаа

УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөсний дараа байнгын хороод болон УИХ дахь намын бүлгүүд чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнадаг уламжлалтай. Үүний дагуу өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлаа танилцуулсан юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей болон тус байнгын хорооны дэд хорооны дарга Б.Батцогт нар мэдээлэл хийсэн.

УИХ-ын анхдугаар хуралдаан, ээлжит бус чуулганаар тус байнгын хороо нийт есөн хууль баталж, зургаан УИХ-ын тогтоолын төсөл баталсан байна. Мөн 15 санал дүгнэлт гаргажээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Бакей, Р.Бурмаа нарын гишүүдийн өргөн барсан Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг баталсан байна. Орон нутгийн сонгуулийг ирэх арванэгдүгээр сарын 21-нд зохион байгуулах бөгөөд уг хуультай холбогдуулан Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, хууль хүчингүйд тооцох тухай УИХ-ын тогтоол зэрэг төслүүийг хэлэлцсэн байна. Орон нутгийн сонгуулийн хуультай холбоотой 80 гаруй зарчмын зөрүүтэй саналыг тус байнгын хороо хэлэлцсэн байна.  Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл хэлэлцүүлгийн үед багагүй шүүмжлэл дагуулсан. Тухайлбал, иргэдийг үүрэгжүүлэх зорилгоор сонгуульд оролцуулах заалтыг тусгасан заатыг УИХ-дахь “Шударга ёс” эвсэл, МАН-ын гишүүд эсэргүүцэж байсан. Энэ нь Үндсэн хуулийг зөрчиж, сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байгааг сануулсан. Төслийн санаачлагчид хэлэхдээ “Иргэн хүн үүрэг хүлээж, эрхээ эдлэх эрхтэй. Орон нутгийн сонгуульд иргэд идэвхигүй оролцдог учраас үүрэгжүүлэх заалтыг оруулсан” гэсэн тайлбарийг өгч байсан юм. Хэлэлцүүлгийг явцад үүрэгжүүлэх заалтыг хассан юм. Мөн Орон нутгийн сонгуулийг арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт зохион байгуулахаар байсан ч арваннэгдүгээр сарын 21-нд гэж заасан нь багагүй шүүмжлэл хүртсэн. МАН-ын гишүүд цаг хугацааг нь оройтуулах тусам ирц хүрэхгүй, дахин санал хураалт явуулж магадгүй гэж үзэж байсан бол хуулийн төсөл санаачагчид “Энэ үед ихэнхи айл өрхүүд өвөөлжөөндөө буусан, өвөлжилтийн бэлтгэлээ хангасан байна. Мөн нэр дэвшигчид тодорсноос хойш сар гаруйн хугацаанд саналын хуудас хэвлэх шаардлагатай байгаа” гэсэн тайлбарийг өгч байсан. Орон нутгийн сонгуулийн хуулийн төсөл өмнөх орон нутгийн сонгуулийн санал хураалтаас ялгаатай нь цахим үнэмлэхээр санал өгч, автомат систем ашиглахаараа онцлог юм. Аймаг, сум дүүргийн хүн амын тоонд зохицуулан нэр дэвшигч, намын жагсаалтаар нэр дэвшигчдийг тодруулж байснаараа онцлогтой гэдгийг хуулийн төсөл санаачлагчид хэлж байгаа. Өмнө нь буюу 1996 оны сонгуулиар мөн ийм системээр буюу холимог системээр сонгуулийг явуулж байсан аж.

Мөн тус байнгын хороогоор хэлэлцсэн чухал асуудал нь Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсны дагуу баталсан байна. 2012 оны Улсын Их Хурлын  ээлжит сонгуулийн дүнгээр шинээр байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар Үндэсний эрх ашгийг дээдлэн, хувь хүн, өрх гэрийн хөгжлийг эрхэмлэж, баялгийг бүтээгч, эрх чөлөөт, дундаж орлоготой иргэд зонхилсон хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэх эрхэм зорилгоо нотлон, Хүний жам ёсны заяагдмал эрх, хувийн өмч, төрийн хязгаарлагдмал оролцоо, төрийн нээлттэй, иргэдэд хянагдах тогтолцоо, иргэний нээлттэй нийгэм, жендерийн тэгш байдал зэрэг тулгуур үнэт зүйлсийг шалгуур болгон, Монгол төрийн бодлогын залгамж чанарыг эрхэмлэн, Иргэд, олон нийтийн санал, санаачилгад тулгуурлан,  Эдийн засгийн аюулгүй байдал, ардчилсан засгийн шударга тогтолцоог хангах, баялгийн шударга хуваарилалтад түлхүү анхаарах цаг ирснийг тунхаглаж Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг боловсруулжээ.  Засгийн газрын мөрийн хөтөлбөр УИХ-д өргөн барьсан өдрөөсөө сөрөг хүчний шүүмжлэлд өртсөн. УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед МАН-ын гишүүд бүлэг байгуулах хүсэлтээ ирц хүрэхгүй байгаа шалтгаанаар дөрөөлж байсан ч амжилгүй болсон. Засгийн газрын мөрийн хөтөлбөр нь санал дэвшүүлсэн, томъёолсон, хэрэгжүүлэгчтэй байх ёстой байтал улстөрийн уриа лоозонгийн шинжтэй байна гэсэн. Засгийн газрын мөрийн хөтөлбөр дээр УИХ-дахь намын бүлгүүд өөр өөрсдийн зарчмын зөрүүтэй саналыг оруулж, хэлэлцүүлгийн үеэр өөрчлөлт хийсэн. Энэхүү мөрийн хөтөлбөр нь намуудын 2012 оны УИХ-ын сонгуулийн амлалтуудаас бүрдсэн байх учиртай.

Мөн Олон нийтийн радио телевизийн  Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох, Монголбанкны Ерөнхийлөгчийг ажлаас чөлөөлөх, томилох зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосны дагуу Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам УИХ-ын гишүүдийн 93.3, Төрийн шагналт зохиолч Б.Цэнддоо 98.3-ийн санал тус бүр авч Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдсон. Харин Засгийн газраас санал болгосны дагуу “Ирээдүйгээ аврах” хөдөлгөөний тэргүүн А.Арман гишүүдийн 93.5 хувийн саналаар, Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат 90 хувийн санал авч дээрх албанд, УИХ-аас санал болгосны дагуу Д.Гоошоохүү гишүүдийн 83.6 хувиар, С.Мягмар 96.6 хувь, Л.Пүрэвдорж 93.3 -ын саналыг тус бүр авч Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр тус тус томилогдсон юм. 

 Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Ээлжит бус чуулганы үед хамгийн олон хуралдсан, ачаалалтай ажилласан нь манай байнгын хороо байлаа. УИХ-ын бүтэц, Засгийн газрын бүтцийг батлах, хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхийн тулд цаг наргүй ажилласан. УИХ-аас баталсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нь учир дутагдалтай байгаагийн гол шалтгаан нь хуулийг сурталчлах ажил дутмаг явагдаж байгаатай холбоотой. Одоо Төрийн байгуулалтын байнгын хороо Орон нутгийн сонгуулийн хуулийг олон нийтэд танилцуулах ажлыг Сонгуулийн ерөнхий хороотой хамтран хийхээр ажиллаж байна ” гэв.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж