Өнөөдөр МҮОНТ иргэдийг хүлээн авна

Хуучирсан мэдээ: 2012.09.22-нд нийтлэгдсэн

Өнөөдөр МҮОНТ иргэдийг хүлээн авна

Монголын зурагт радиогийн түүх бичигдэж эхэлсэн он жилүүдээс хойш телевизийн урлагийн түүх монгол гэх Азийн цээжин дэх нүүдэлчдийн соёл иргэншил, сэтгэхүйн цар хүрээгээр  хуудсаа зузаатгаж, дуу дүрсний гайхамшиг, мэдээ мэдээллийн хязгааргүй их орчилд нэвтрэн орсон 45 жилийн түүх өдгөө Монголын телевизийн урлагийн хөгжлийн түүх болсон юм. Энэ сарын 27-нд 45 жилийнхээ ойтой золгож байгаа МҮОНТ ойн ажлынхаа хүрээнд өнөөдөр 12.00 цагт  үзэгч олонд үүдээ нээж бүтэн өдрийн турш нээлттэй ажиллах гэж байна.

МҮОНТ-ийн нийт уран бүтээлчид, инженер техникийн ажилтнууд, захиргаа аж ахуйн нэгж гээд хамт олноороо бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах болно. Энэ өдөр үзэгч олон ер нь хүссэн хэн бүхэн тус телевизэд зочилж үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ монголд телевизийн урлаг хөгжсөн он жилүүдэд техник технологийн тухай түүхэн музейг үзэж сонирхохын зэрэгцээ үзэгч олны өмнө нээлттэй ажиллах микрофоноор дамжуулан өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, цэнхэр дэлгэцийн танил хөтлөгч, редакторуудтай зургаа татуулах, шууд нэвтрүүлэгт оролцох мөн олон нийтийн статустай телевизийн санхүүгийн зарцуулалт тайлантай танилцах гээд олон сонирхолтой хөтөлбөрийг бэлджээ.

Хэдийгээр МҮОНТ нь улсын онцгой хамгаалалттай бүс ч гэлээ зөвхөн энэ өдөр татвар төлөгч, хураамж төлөгч иргэн хувь хүн албан байгууллага, олон нийтийн байгууллага гээд өдөрлөгт оролцож, МҮОНТ-ээр аялах хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй ажиллах юм байна.

МҮОНТ-ийн 45 жилийн ой угтаж зохион байгуулж байгаа “Нээлттэй өдөрлөг”-т оролцохыг хүсвэл үзэгч та иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримттайгаа ирэх шаардлагатай юм байна. Учир нь МҮОНТ бол улсын онцгой хамгаалалттай обьект учир таны бичиг баримтыг шалгаж байж дотогш нэвтрүүлэх нь ээ.

Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж олон нийтэд мэдээ мэдээллийг түргэн шуурхай шударга хүргэх үүрэгтэй МҮОНТ ийнхүү нээлттэй ажилласнаар зөвхөн өөрсдийн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулаад зогсохгүй монгол улсын хөгжлийн түүхийн 45 жилийг дүрс дуутай нь хадгалан авч үлдсэн баялаг сан бүхий өөрийн Алтан фондноосоо үзэгчдэд нээлттэй үзүүлэхээр бэлтгэж байна. Монгол улсын 45 жилийн түүхийг агаарын цэнхэр долгионоор дамжуулан ард түмэндээ хүргэж ирсэн МҮОНТ өнөөдөр 200 гаруй мэргэжлийн уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэйгээр өдрийн 17 цагийн тогтмол нэвтрүүлгийг үзэгчдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан бэлтгэн хүргэж байна. Цэнхэр дэлгэцийн ард өрнөх амьдралтай танилцаж, манай телевизийн нэвтрүүлгийн талаарх санал хүсэлтээ нээлттэй хэлэх боломжийг эдлэх,  олны танил хөтлөгч, нэвтрүүлэгч, редакторуудтай биечлэн уулзах, хүсвэл нэвтрүүлэг хөтлөх, нэвтрүүлэгт оролцох бүх боломжийг бүрэн нээж өгсөн “Нээлттэй өдөрлөг”-т үзэгч та зочлоорой.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж