Бид цацраг идэвхит бодисоор амьсгалж байгаа гэж үү

Хуучирсан мэдээ: 2012.09.25-нд нийтлэгдсэн

Бид цацраг идэвхит бодисоор амьсгалж байгаа гэж үү

“Хавар хаврын хавсарга шуурганд цацраг идэвхит бодистой шороо тоос, үнс
агаарт дэгдэж, Улаанбаатарынхан түүгээр нь амьсгалж яваа" гэж нэгэн
эрдэмтэн ярилцлагадаа дурьджээ. Алс холын Япон, Чернобылийн атомын
цахилгаан станцаар төсөөлдөг цацраг идэвхит бодисын аюулыг бид
өөрсдөөсөө дэндүү холд тооцож яваа. Гэтэл амьсгалж буй агаар,
гудамжиндаа гаргаад асгадаг үнсэнд цацраг идэвхит бодис агуулагддаг
бөгөөд бид түүгээр нь амьсгалж яваа гэхээр аймшигтай. Үр дүнд нь мэдээж
ирээдүй хойч маань хорт хавдраар өвчилж, удмын санд нөлөөлөх аймшигт
эрсдэл дагаж буй.

Монголчууд уран олборлож, улмаар 2020 он гэхэд цөмийн энерги үйлдвэрлэх
талаар ярих болсоор багагүй хугацааг өнгөрүүллээ. Тиймээс ч саяхныг
хүртэл бид АЦС барьснаар хямд өртгөөр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж
болох нь гэж хөөрцөглөж байв. Мэдээж эрчим хүчний хомсдолд орсон манай
улсын хувьд хямд өртгөөр цахилгаан үйлдвэрлэх нь сайхан боломж. Гэхдээ
ураны цаана аюул, эрсдэл байгааг бас мартаж боломгүй. Японд болсон
Фүкүшимагийн АЦС-ын ослын дараа дэлхий даяар энэ нь аюултай зүйл юм
гэдгийг ойлгож, хууль, тогтоомжоо эргэж харахад хүрсэн билээ. Харин
Монголчууд уранаас татгалзсангүй, айсангүй. Яагаад гэж үү? Хэзээнээсээ
эр зоригтой байсандаа уранаас айгаагүй юм биш. Зөвхөн эрх баригчдын
шунаг сэтгэл. Монгол төрийн харалган бодлого уранаас болгоомжилсонгүй.
Тиймээс ч Монгол Улсын Засгийн газар Монголд цөмийн хог хаягдал булшлах
нууц уулзалтыг АНУ, Япон, АНЭУ-ын холбогдох албаны хүмүүстэй хийсэн
талаар ОХУ, БНХАУ, АНУ-ийн томоохон хэвлэлүүд 2010 оноос хойш шуугьж
байсныг одоо ч санаж байгаа болов уу. Улмаар 2011 оны есдүгээр сарын
21-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулган дээр Монгол Улсын
ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн хог хаягдлыг
байршуулах асуудал байхгүй” гэж мэдэгдсэнээр дээрх асуудал намжсан.

Гэтэл өнгөрсөн хоёрдугаар сарын 20-нд “Засгийн газрын гишүүд дунд
Монголд цөмийн хаягдал булшлах хэлэлцээр хийсэн хүмүүс байгаа” гэж
Цөмийн Энергийн Газрын дарга асан С.Энхбат нэгэн ярилцлагадаа дурьдсан
байв. Улмаар Японы Майничи сонины өнгөрөгч хоёрдугаар сарын дугаарт
“Ерөнхий сайд С.Батболд АЦС барих гэрээ хийх зорилгоор Япон улсад
айлчилж байна” гэсэн утгатай мэдээ нийтлэгдсэн юм. Харин ерөнхий сайдын
айлчлалын үеэр буюу гуравдугаар сарын 13-нд “Майничи” сонинд нийтлэгдсэн
өгүүлэлд “Цөмийн хаягдал булшлах байгууламж барьсных нь шанд
Америк,Япончууд цөмийн эрчим хүчний технологио Монголчуудад өгөхөөр
болжээ”. “Монгол Улс ураны уурхайгаа дөнгөж хөгжүүлж эхэлсэн бөгөөд
иргэдээс нууцаар цацраг идэвхит цөмийн хаягдлыг Монголд булшилна гэдэг
арай л дэндүү санагдаж байна” гэж бичсэн байжээ.

Булаад, булаад хор хөнөөлийг нь устгаж чадахгүй

Монгол хүн гэхээрээ хогийн сав, төмөр биет биш. Хүний үсээр хийсэн жан,
химийн аргаар гаргаж авсан өндөг, амьтны ясаар хийсэн амттанг зөвхөн
Монголчууд идэж чадна. Монгол хүний ходоод хар тамхи зөөвөрлөхөд хамгийн
тохиромжтой нь гэсэн. Монгол хүн баргийн өвдөлт, бэрхшээл, байгаль, цаг
уурын өөрчлөлтийг даван туулах чадвартай юм гэнэ билээ. Гэхдээ Монгол
хүн хорт хавдраар өвчилдөг. Монгол хүн уранд, газар шороо цацраг идэвхт
бодист хорддог. Харамсалтай нь үүнийг эрх баригчид тоосонгүй. Тоогоогүйн
жишээ бол 2009 онд баталсан “Цөмийн энергийн тухай” хууль юм. 33 хуудас
хуулийг ганцхан өдрийн дотор баталж, түүнд уран ашиглах, цөмийн хог
хаягдал булшлах, АЦС байгуулах зэрэг бүх асуудлыг зөвшөөрсөн байдаг. АЦС
барихаар хямд өртгөөр эрчим хүч үйлдвэрлэх юм шиг ойлгож байна. Тэгвэл
ингэх боломжгүй гэдгийг салбарын эрдэмтэд анхааруулсаар буй. Тухайлбал,
нүүрснээс гаргаж авч байгаа эрчим хүчний үнэ кВт т 100 төгрөг гэж
бодоход цөмийн энергиэс гаргаж авч байгаа нь 120 төгрөг байдаг юм байна.
Дэлхий дээр 35 оронд АЦС байдаг хэрнээ нийт эрчим хүчний хэрэглээний
дөнгөж 14 хувийг хангадаг.

Тиймээс АЦС гэдэг зүйл та бидний төсөөлж байгаа шиг тийм мундаг эд биш
байх. Хамгийн аюултай нь өнөөдрийн байдлаар IV цахилгаан станцын үнс
зайлуулах байгууламжийг тойрсон цацраг идэвхит бодисын хэмжээ маш их
байгаа. Түүнчлэн гэр хорооллынхон Багануурын нүүрсийг авчирч түлээд
үнсээ гудамжиндаа асгадаг. Хамгийн гол нь үнснээс цацрагийг ялгаад
зайлуулчихна гэсэн ойлголт байдаггүй юм байна. Булаад, булаад хор
хөнөөлийг нь устгаж чадахгүй. Харин Налайхын уурхайн нүүрсийг түлэхэд
ямар ч цацрагийн илрэл байдаггүй. Үүнээс гадна Адуунчулууны нүүрсний
уур­хайн өгөршсөн давхарга тэр чигтээ уран гэж байгаа. Эдгээр уурхайн
нүүрснээс уран ялгаж авдаггүй юмаа гэхэд нүүрсийг тусад нь хамгаалах,
хадгалах шаардлагатай юм.

Тиймээс цацрагийн өндөр агууламжтай нүүрсийг ахуйн хэрэглээнд ашиглаж,
цахилгаан станцууд түлээд, үнсэндээ оруулаад хаяна гэдэг нь орчныг
ихээхэн бохирдуулж буй аюултай үйлдэл юм. Дэлхий дахинд уранаас
татгалзаагүй, олборлох сонирхолтой хэвээр байгааг зарим хүмүүс онцолдог.
Гэхдээ алт, зэс олборлосон талбайгаа нөхөн сэргээчихэж чаддаггүй салан
задгай Монголчуудын хувьд уран олборлох нь галаар тоглосонтой ялгаагүй.

Америкчууд ногоон хувьсгал гэж хэсэг шуугьж, АЦС шиг хэрэггүй зүйл
байхгүй гэж байсан билээ. Улмаар ураны үнэ дэлхийн зах зээл дээр унаж
байсан юм. Төд удалгүй ураныг олборлож, АЦС барих нь эдийн засгийн хувьд
маш их ашигтай юм байна гэсэн даруйд ураны үнэ өссөн. Гэхдээ том
гүрнүүдийн ашиг сонирхол, тоглоом тусдаа. Үүнд Монгол Улс ямар байр
суурьтай оролцохоо нарийн төлөвлөх шаардлагатай. Мэдээж уран огт
олборлож болохгүй гэж хориглох нь ташаарал. Гагцхүү хатуу, чанд
хяналтад, нарийн мэргэшсэн боловсон хүчинтэй болсон тохиолдолд уран
олборлож, АЦС барьж болох юм. Гэхдээ элсэн доторх алтыг олборлох гэж
хэдэн жилийн турш Монголыг орвонгоор нь эргүүлсэн яг одоогийн нөхцөл
байдалд бол уран олборлох нь дэндүү эрсдэлтэй алхам юм. Учир нь хууль,
эрхзүйн орчин, хариуцлагын тогтолцоо, боловсон хүчин, аюулгүйн байдал
гээд шийдвэрлэх асуудал бий. Энэ бүхнийг шийдвэрлэсний дараа уран
олборлох талаар ярьж болох юм. Учир нь цэг тавиагүй байж дараагийн
өгүүлбэрийг эхэлдэггүй шүү дээ.


Х.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж