МХБ үнэт цаасны бүртгэлийн хураамжийг бууруулжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.25-нд нийтлэгдсэн

МХБ үнэт цаасны бүртгэлийн хураамжийг бууруулжээ

Монгол Улсын
хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй 330 компани байдаг бөгөөд эдгээр нь үнэт
цаасаа гаргадаг юм. Үүнийг зуучлах брокер, дилерийн үйл ажиллагаа
явуулдаг компани 44 болсон байна. Тэгвэл Монголын хөрөнгийн биржээс
хөрөнгийн зах зээлд нэвтрүүлж буй эрс шинэчлэлийн хүрээнд арилжааны шинэ
систем нэвтрүүлэх, энэ салбар дахь мэдлэг, мэдээллийг хүртээмжтэй
болгох, зах зээлийн хөгжлийг болон үнэт цаас гаргагч компаниудыг дэмжих
зорилгоор бодлогын болон бодит ажлуудыг хийж байгаа талаар албаныхан
мэдээлж байна. Үүнтэй холбоотойгоор 2011 оны дөрөвдүгээр сарын 7-нд
Лондонгийн хөрөнгийн биржтэй ажлыг мастер гэрээ байгуулж, уг шинэчлэлийн
ажлыг эхлүүлжээ. Ийнхүү шинэчлэлийн ажлыг цаашид үргэлжлүүлэхийн тулд
есдүгээр сарын 13-нд Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийг хуралдуулж, үнэт
цаас бүртгүүлэх хураамжийг шатлалтайгаар бууруулсан ажээ. Энэ талаар
Монголын хөрөнгийн биржийн Анхдагч зах зээл хариуцсан менежер
Д.Энхзулаас тодрууллаа.

-ТУЗ-ийн шийдвэрээр үнэт цаасны бүртгэлийн хураамжийг хөнгөрүүлсэн гэж байна. Хэрхэн хөнгөрүүлсэн юм бэ?

– Монголын хөрөнгийн биржийн зүгээс компаниудын бүртгэлийг идэвхжүүлж,
шинээр бүртгүүлэхээр төлөвлөж буй компаниудаа дэмжих зорилгоор
хураамжийн төлбөрөө ийнхүү бууруулж байгаа юм. Ингэхдээ 2013 оны 9
дүгээр сарын 13-наас өмнө үнэт цаасаа олон нийтэд анх удаа санал болгож
буй компанийн үнэт цаасны бүртгэлийн хураамжийг 30 хувь, урьд нь
бүртгэлтэй байсан компани нэмж үнэт цаас бүртгүүлж байгаа бол 50 хувьтай
тэнцэх үнийн дүнгээр тус тус хөнгөлөхөөр болсон.

-Тухайн компанийн зах зээлийн үнэлгээнээс хамаарч бүртгэлийн хураамжаас чөлөөлөх тухайд?


Дэлхийн бусад орнуудад иймэрхүү жишээ их байдаг. Хэрвээ компани ногдол
ашгаа хувьцаа хэлбэрээр тараах, компанийнхаа ажиллагсаддаа хувьцаа олгох
зорилгоор нэмж  үнэт цаас гаргах компанийн зах зээлийн үнэлгээ нь 50
саяас доош дүнтэй байгаа тохиолдолд бүртгэлийн хураамжаас 100 хувь
чөлөөлөх юм.

– Компанийн зах зээлийн үнэлгээг хэрхэн тооцдог юм бэ?

Эхлээд
компанийн зах зээлийн үнэлгээг гаргаж ирнэ. Тухайн компани хэдэн ширхэг
хувьцаатай болох, нэгж хувьцааг хэдэн төгрөгөөр  зарах гэж байгааг
тодорхойлно. Энэ хоёрыг үржүүлж тооцдог.

 -Үнэт цаас бүртгүүлэх тутамд гурван сая төгрөг гэж тусад нь заасан хураамж ямар учиртай юм бэ?

-Үнэт
цаас бүртгүүлж байгаа тохиолдолд хөрөнгийн биржээс тухайн компанийн
үнэт цаасны  өргөдөл, холбоотой бүхий л материалыг шалгахын тулд
судалгаа, шинжилгээний ажлыг хийдэг. Энэ ажлын зардал гэж үндсэндээ
ойлгож болно. Ийм жишиг дэлхийн хөрөнгийн биржүүд дээр ч байдаг. Манайх
урьд нь энэ төлбөр дээр дурдсанчлан 30, 50 хувиар хөнгөрүүлсэн
хураамжинд дотор нь багтааж байсан юм. Одоо бол чанарын ялгаагүйгээр
салгаж өгсөн юм.

-Урд нь үнэт цаасны шалгуурыг хангаагүй, материал
нь буцаагдсан компани дахин хүсэлт гаргах тохиолдолд бичиг баримттай
холбоотой гурван сая төгрөгийн хураамжийг ахин авах уу?

 -Үнэт
цаасны шалгалтыг ахин хийж байгаа учраас энэ төлбөрийг авна. Учир нь
тухайн компани ямар шалтгааны улмаас компанийг бүртгэж аваагүйг
тодорхойлох хэрэгтэй. Үнэт цаасаа бүртгүүлээд шаардлага хангаагүй
бол дараа дахин бүртгүүлэхээр өргөдлөө гаргасан цаг үеийн нөхцөл байдал
өөр болсон байна. Жишээ нь, хэсэг хугацааны дараа зах зээлийн үнэлгээ,
татан төвлөрүүлсэн хөрөнгө, үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдсөн байж
болох учир хуучин мэдээлэл дээрээ суурилах боломжгүй юм.

    У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж