НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий шүүмжлэл эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.09.26-нд нийтлэгдсэн

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий шүүмжлэл эхэллээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний төр засгийн тэргүүн нарыг угтах ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж болон Монголын талын албаны хүмүүс оролцов. Дараа нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы Ерөнхий шүүмжлэлийн нээлтийн ажиллагаа эхэлсэн юм.

Өмнөх өдрийнх нь орой АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганд оролцож буй төр засгийн тэргүүн нарт зориулсан дайллагад Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож Ерөнхийлөгч Барак Обама болон Тэргүүн хатагтай Мишел Обама нартай уулзав.
 
 Мөн энэ үеэр Австри Улсын Ерөнхий сайд Жулиа Гералд, Египетийн Ерөнхийлөгч Мухамед Морси, Унгарын Ерөнхийлөгч Жанос Адер, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жакоб Зума, Өмнөд Суданы Ерөнхийлөгч Салва Кийр Маярдит, Болгарын Ерөнхийлөгч Росен Плевнельев, Финландын Ерөнхийлөгч Таржа Халонен, Сербийн Ерөнхийлөгч Томислав Николик, Катарын эмир Шейх Хамад вин Калифа Ал-Тани нартай уулзаж “Хуулийн засаглал” сэдэвт өндөр түвшний уулзалтын талаар санал солилцсон байна.
 
Харин өнөөдөр буюу 9 дүгээр сарын 25-ны өдөр НҮБ-ын чуулганд оролцож буй төр засгийн тэргүүдийг хүндэтгэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний барьсан зоогийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы Ерөнхийлөгч Вүк Жеремик, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фогх Расмуссен, Олон улсын парламентын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс В.Жонсон,  Европарламентын Ерөнхийлөгч Мартин Шульц,  Люксенбургийн угсаа залгамжлагч хун тайж Хенри, Тайландын Ерөнхий сайд Енглук Шинаватра нартай тус тус уулзаж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганыг тойрсон онцлох сэдвүүдээр санал солилцов.  
 
Чуулганд 100 гаруй орны төр засгийн тэргүүн, өндөр хэмжээний зочид оролцож байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама сонгуулийн сурталчилгааныхаа дундуур чуулганд оролцож байна. Мөн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд БНН-аас нэр дэвшигч Митт Ромни НҮБ-ын чуулганы үеэр зохион байгуулагдаж буй Клинтоны дэлхийн санаачилгад оролцож байна.

Эх сурвалж: http://www.president.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж