Ц.Элбэгдорж Мьянмарын Ерөнхийлөгчтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2012.09.30-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж Мьянмарын Ерөнхийлөгчтэй уулзав

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы хүрээнд өрнөсөн Ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлснийхээ дараа Мьянмар Улсын Ерөнхийлөгч Тейн Сейнтэй уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмар Улс ардчиллын чиглэлээр анхны алхмууд хийж эхэлсэнд амжилт хүсээд “Мьянмар Улсын ардчилсан өөрчлөлтөд тус дэм үзүүлэх зорилгоор АОХН-ийн Ажлын түр хэсэг байгуулах саналыг АОХН-ийн дарга орны хувьд Монгол Улс гаргаад байгаагаа ” мэдэгдлээ.
 
Тус саналыг АОХН-ийн Удирдах Зөвлөл өнгөрсөн долдугаар сард Улаанбаатар хотноо болсон хурлаараа сайшаан дэмжсэн бөгөөд Ажлын түр хэсгийн анхны хуралдаан энэ есдүгээр сарын 26-нд Нью-Йорк хотноо хуралдаж, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэлээ хэлэлцэж, Монгол Улсыг Ажлын түр хэсгийн даргаар санал нэгтэй сонгосон юм.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Монгол Улс Мьянмар Улстай ардчиллын туршлага солилцох, хоёр орны харилцааг өргөжүүлж худалдаа, аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх зорилтыг тавьж байгаа. Танай Улс бол Буддын шашны соёлтой Монгол Улстай эрт үеэс харилцааны уламжлалтай орон. Бид танай улсын ардчиллын сорилт бэрхшээлийг даван туулж буй энэ үед бүхий л талаар дэмжиж ажиллах болно” гэв.
 
Мьянмар Улсын Ерөнхийлөгч Монгол Улс АОХН-ийг даргалж байх хугацаандаа олон чухал санаачилга гарган хэрэгжүүлж буйд талархал илэрхийлээд Мьянмарын асуудлаарх Монгол Улсын санаачилга, дэмжлэгт өндөр ач холбогдол өгч буйгаа хэллээ. Мөн тэрээр Ардчиллын сорилт бэрхшээлийг даван туулж Ази дахь ардчиллын үлгэр жишээ, хөтөч болж буй Монгол Улсын туршлагаас цаашид илүү ихийг суралцах болно гэлээ.

Эх сурвалж: http://www.president.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж