Намрын чуулганыг нээлээ

Хуучирсан мэдээ: 2012.10.01-нд нийтлэгдсэн

Намрын чуулганыг нээлээ

УИХ-ын намрын чуулганы нээлтийг өнөөдөр 10.00 цагаас хийх байсан ч
гишүүдийн ирц хүрэхгүй байснаас арваад минут хоцорч эхэллээ. Чуулганы
нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Монгол Улсад суугаа
дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд оролцов.

Чуулганы
нээлтэд нийт 71 гишүүнээс 54 нь ирж, 76,1 хувийн ирцтэй байлаа. Гишүүдээс
тав нь гадаадад, тав нь орон нутагт ажиллаж байгаа ажээ.  УИХ-ын намрын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга З.Энхболд товч үг хэлж, намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаар танилцууллаа. Хуулиараа Монгол Улсын Ерөнхийлөгч
тааллаараа үг хэлдэг учраас үг хэлэх хэлэхгүй нь Ерөнхийлөгчийн эрх
байдаг.  

Энэ намрын чуулганаар Монгол Улсын 2011 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлан, Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төсөл, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслүүд зэрэг 12 төслийг хэлэлцэхээр урьдчилан жагсаагаад байгаа юм. УИХ-ын дарга З.Энхболд товч үг хэлсний дараа Төрийн дуулал эгшиглүүлж, чуулганы нээлтийг өндөрлүүллээ. Чуулганы нээлтийн ажиллагаа 11 минутад багтав. Нээлт нь товчхон болоод шуурхай болсон ч энэ намрын чуулганаас иргэд, сонгогчид их зүйл хүлээж буй.

Шинэ гишүүдийн хамгийн том даалгавар нь
Монгол Улсын 2013 оны төсвийг хэлэлцэж батлах их ажил. Хуучин парламентаар Монгол Улсын
эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийг гаргачихсан болохоор
төсөв хийхэд бас ч суурь байгаа. Намрын чуулганаар улсын төсөв, мөнгөний бодлого батална гэдэг
гишүүдээс ихээхэн ур чадвар, ухаан шаардах нь мэдээж. Монгол Улсын 2013 оны төсвийн төслийг Засгийн газар өнгөрсөн бямба гаригийн хуралдаанаараа эцэслэн
хэлэлцээд, өдөртөө багтаан
УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан байгаа. Засгийн газрын боловсруулсан төсвийг шаардлага хангасан сайн төсөл болсон гэж үнэлэх хүн олон бий.

Бас энэ
чуулганаар УИХ дахь МАН-ын гишүүд бүлэгтэй болох нигуур бүрдэж байгаа.
Тэгвэл УИХ-д бас нэг дэд дарга нэмэгдэж түүхэндээ анх удаа гурван дэд
даргатай парламент гэгдэнэ. МАН-ын гишүүд байнгын хороодод хуваарилагдаж
бүрэн эрхээ бүрэн эдлэх боломж намрын чуулганаар нээгдэх биз ээ.

Ирэх намрын чуулганаар таван суудал нь эзгүй байгаа
УИХ элэг бүтэн болно гэдэгт найдаж байна. Өвөрхангайн тойргийн маргаан нэг тийш болж,
Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураалт явуулж, “Шударга
ёс” эвслийн эзнээ хүлээсэн нэг суудал дүүрч УИХ 76-уулаа болж ам бүл
бүрэн бүтэн болохын ерөөл тэгшрэх гэж байна. МАХН-ын дарга Н.Энхбаярт
дөрвөн жилийн хорих ял оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг давж
заалдах шатны шүүх хэвээр баталсан. Одоо хяналтын шатны шүүх байгаа ч
экс Ерөнхийлөгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл гадны, олон улсын шүүхэд
хандана гэдгээ мэдэгдээд буй. Олон улсын шүүх хэргийг хүлээж авч
шийдвэрлэхийг хүлээж “Шударга ёс” эвсэл нэг суудлаа хадгалсаар байх
аваас 76 дахь гишүүн тангаргаа өргөлгүй хэчнээн ч хугацаа өнгөрч мэдэх
нь гэдэг хаа хаанаа бодолцох биз.

Орон
нутгийн сонгууль намрын чуулганы хугацаанд болно. АН ялалтаа орон нутагт
бататгаж, хөл тулгуураа бэхлэх үү, өрсөлдөгчид нь өрсөх үү гэдгийг
арваннэгдүгээр сарын сүүл үе харуулах билээ.

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ НАМРЫН ЧУУЛГАНЫГ НЭЭЖ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ


Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
Монгол Улсын Ерөнхий сайд аа,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ.
Хатагтай, ноёд оо,

 
        Улсын Их Хурлын 6 дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан  Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулган эхэлж байна. Та бид анхдугаар болон ээлжит бус чуулганаар сонгуулийн үр дүнг баталгаажуулж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн. Мөн Засгийн газрыг эмхлэн байгуулах, мөрийн хөтөлбөрийг нь батлах, төсвийн тодотгол хийх зэрэг улс орны тулгамдсан асуудлууд, шаардлагатай хуулиудыг хэлэлцэн баталсан билээ.

Сүүлийн гурван жилд Монгол Улсын эдийн засаг эрчимтэй тэлсэн хэдий ч, дотоодын эдийн засгийн дархлааг сайжруулах, эрсдэлийг багасгах замаар эдийн засгийн урт хугацааны тэнцвэртэй бөгөөд хүртээмжтэй өсөлтийг хангах, гадаад зах зээлийн сөрөг нөлөөлөл, хямралыг зөөллөх хариуцлагатай цаг үе тулгарч байна. Бараа бүтээгдэхүүний болон үйлчилгээний үнийн өсөлт, инфляцийн түвшин хоёр оронтой тооноос давж, ард иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлөн ядуурал, амьдралын түвшний ялгааг улам нэмэгдүүлсээр байна. Иргэдийн орлого амьдралд нь хүрэлцэхгүй, үнийн өсөлт, авлига, хээл хахууль, хүнд сурталд дарамтлагдаж, өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн онгон байгаль маань сүйдэн бохирдож, монгол хүний аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна.  Цөөн тооны уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, тэдгээрийн дэлхийн зах зээл дэх үнийн төлөв байдлаас хамааралтай манай улсын эдийн засаг эмзэг, хараат байдалтай байсаар байна. Иймээс иргэдийнхээ санал санаачлагад суурилан тэдний оролцоотойгоор эдийн засаг, нийгмийн шинэчлэлийн бодлогыг эхлүүлэх, хэрэгжүүлэх зорилтыг биелүүлэхээр Улсын Их Хурал, Засгийн газраас дорвитой шийдэмгий алхмууд хийх шаардлагатай байна.

Энэ намрын ээлжит чуулганаар ирэх 2013 оны Улсын төсөв, төрөөс  мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл, Хүний хөгжил болон Нийгмийн даатгалын сангийн төсөв, 2011 оны улсын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгдсэн тайлан зэрэг хуулиар тогтоогдсон асуудлуудыг хэлэлцэн батлах болно. 2013 оны төсөв нь шинээр батлагдсан Төсвийн тухай хуулийн дагуу Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоогдсон шаардлагад нийцүүлэгдэн батлагдах ёстой. Төсвийн бодлогыг оновчтой тодорхойлон хэрэгжүүлэх үүднээс эдийн засгийн хямрал, экспортын гол нэрийн бараа, бүтээгдэхүүн болсон зэс, бүх төрлийн нүүрсний эрэлт багасч,  үнэ буурснаас төсвийн орлого төлөвлөж байснаас багасч байгаа нь төсвийн орлогыг нэмэгдүүлэх, бусад боломжит эх үүсвэрүүдийг дайчлах, зардлыг хэмнэх шаардлага үүсч байна.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу 2013 онд “Төсвийн тогтворжуулалтын сан”-д нэлээд их хэмжээний хөрөнгө төвлөрүүлэхээр тооцоолж байгаа нь зөвхөн төсөвт өөрт нь  үүсч болзошгүй эрсдэл төдийгүй  төсвөөс шалтгаалан эдийн засаг, нийгэмд үүсч болзошгүй эрсдлээс хамгаалах чухал баталгаа болно. Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, “Орон нутгийн хөгжлийн сан”-д олгох хөрөнгийг ихээхэн нэмэгдүүлэх замаар орон нутгийн хөгжлийг дэмжих, төсвийн ил тод байдал, иргэдэд төсвийн төлөвлөлтөнд оролцох, гүйцэтгэлд хяналт тавих боломжийг олгох зэрэг шууд ардчиллын зарчмууд Төсвийн тухай шинэ хуулиар хэрэгжиж эхлэх болно.

Дэд бүтэц болон бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг санхүүжүүлэхдээ зөвхөн төсвийн хөрөнгө болон Засгийн газрын бондыг зарсан хөрөнгөөр хязгаарлагдахгүйгээр эдийн засгийн болон мөнгөний бодлогын хүрээнд бусад арга механизмыг эрэлхийлэн олж, ашиглах шаардлагатай.

Монгол Улсын эдийн засгийн голлох хүч болсон уул уурхайн салбарт байгалийн баялагийг түүхийгээр нь зөөвөрлөж, богино хугацаанд шавхах биш,  харин нэгдсэн, цэгцтэй бодлогын үндсэн дээр эдийн засгийн тогтвортой өсөлтөд чиглэгдсэн, байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжлийн загварт суурилсан боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ.

Халамжийн бодлогын хүрээнд хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг олгох, Хүний хөгжлийн сангийн тухай хуулийн дагуу 2010-2012 онд хувь, хишгээ аваагүй иргэдийн мөнгийг 2013 онд нөхөж олгохоор төлөвлөж байна.

Санхүүгийн тогтвортой байдлыг хадгалсан, эрэлтийн гарал үүсэл, нийлүүлэлтийн хомсдолоос үүдэлтэй инфляцийг хязгаарласан, бараа бүтээгдэхүүний үнийг бүхэлд нь тогтворжуулахад чиглэсэн, шинэлэг бөгөөд идэвхитэй мөнгөний бодлогыг баримтална. Макро эдийн засгийн түвшинд  хөгжлийн урт хугацааны зорилт тавьж, ирээдүйгээ харсан, хэтийн өсөлтийг баталгаажуулсан, харилцан уялдаатай төсөв, мөнгөний бодлого хэрэгжүүлж эхлэх шаардлагатай байна.

Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг эргэн харах, боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор гарч байна. Үүний тулд 2016 он хүртэл хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг энэ удаагийн чуулганаар хэлэлцэж батална. Энэхүү үндсэн чиглэлийг баталснаар ирэх дөрвөн жилд нийгмийн харилцааг зохицуулах хууль тогтоомжийн эрэмблэлийг тогтоох, хууль тогтоох үйл ажиллагааг системтэй, төлөвлөгөөтэй явуулах, нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг зохицуулах хуулиудыг батлах өргөн утгаараа эрх зүйн шинэчлэлийн дараачийн үе шатыг эхлүүлэх чухал ач холбогдолтой юм.

Өнгөрсөн жилүүдэд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч болон хууль сахиулах байгууллагуудтай холбоотой шүүмжлэл тасралтгүй гарч, эдгээр шүүмжлэлүүдийн цаана иргэн хүний хамгийн үнэт баялаг болох эрх, эрх чөлөө хөсөр хаягдаж ирлээ. Мөнгөтэй хөрөнгөтэйд нь үйлчилдэггүй атлаа эгэл борчуудыг олон жилээр торны цаана суулгадаг манай эрүүгийн хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэгчдийн үйл ажиллагаа бизнес эрхлэгчдэд хүртэл дарамт саад учруулж, эдийн засгийн хөгжилд чөдөр тушаа болж байгааг бид харсаар, мэдсээр байсан хэрнээ олон жилийн туршид энэ байдлыг засах, шинэчлэх талаар ямар нэг алхам хийгээгүйгээс болж, хөрөнгө мөнгө, эрх мэдэл, албан тушаалтнууд хуулийг үл хүндэтгэх хандлага газар авч байна. Иргэдийн хууль, хууль хяналтын байгууллагад итгэх итгэл суларч байгаа нь нууц биш. Иймээс шүүх болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудал зүй ёсоор тавигдаж байна.

Монгол Улс залгамж чанараа хадгалсан, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлнэ. Дэлхийн улс орнуудтай эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, найрсаг харилцаагаа бэхжүүлнэ. Бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэхэд Улсын Их Хурал анхааран ажиллана. Хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдийн эрх ашгийг тууштай хамгаалж, иргэдээ гадаадад зорчих визийн нөхцлийг  хөнгөвчлүүлэхэд санаачлагатай ажиллах, Монгол эх орноо гадаад улс оронд  сурталчлан таниулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Эрдэс баялагийн болон бусад салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох замаар гадаадын хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай байх зарчмыг баримтлан ажиллах ёстой. Стратегийн болон иж бүрэн түншлэлийн харилцаагаа хоёр хөрш болон гуравдагч хөрш улс холбоодтой бататган бэхжүүлж, тэнцвэртэй, нэгдмэл гадаад бодлого, гадаад харилцааны зарчмыг баримтална.

“Хадгаламжийн даатгалын тухай”, “Үнэт цаасны зах зээлийн тухай”, “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай”, “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэн батлахаар төлөвлөөд байна. Мөн түүнчлэн Улсын Их Хурал үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг боловсронгуй болгох үүднээс Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Улсын Их Хурлын Тамгын газраас Улсын Их Хурал, Байнгын хороо, Улсын Их Хурлын гишүүдэд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд үзүүлж буй мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэгийг үр дүнтэй, оновчтой, шуурхай болгох зорилгоор Тамгын газрын бүтэц, үйл ажиллагааны зохион байгуулалтыг боловсронгуй болгох саналыг боловсруулж байна. Удахгүй улс орон даяар Орон нутгийн Хурлын сонгууль болно. Сонгуулийг цаг хугацаанд нь сонгогч иргэдийн оролцоог бүрэн хангасан, элдэв зөрчил, хууль бус үйлдлийг гаргахгүй, шударга зохион байгуулах нь Сонгуулийн Ерөнхий Хороо болон бүх шатны сонгуулийн байгууллагуудын үүрэг юм.

Эрхэм Улсын Их Хурлын гишүүд ээ,

Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж