Хуучирсан мэдээ: 2012.10.03-нд нийтлэгдсэн

МОНЦАМЭ хаачив

Монгол Улсын мэдээллийн ууган байгууллага, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэсэн том гуншинтай МОНЦАМЭ уг нь эх орноо гадаадад сурталчилдаг том газар. Өдөр бүр радио, телевизээр эдний мэдээг хүмүүс чих тавин сонсдог байлаа. Сүүлийн үед өдөр тутмын сонин гаргаж хүртэл үзсэн, гэтэл саяхнаас бүр таг болов.

Шинэчлэлийн Засгийн газар саяхан агентлагуудаа бүртгэж байтал нэг нь алга болсныг мэдсэн гэнэ. Гэтэл МОНЦАМЭ агентлагийг менежментийн хувьчлалаар хэн нэгэн хувьчилж авсан гэх хачирхалтай мэдээ сонсогдсон юм байх. Зүгээр ч үгүй Ерөнхий сайд асан С.Батболдын төрсөн эгч С.Алтанцэцэг гэх эмэгтэй хувьчилж авсан гэсэн яриа Төрийн ордноор нэг байна. Тус агентлагийн захирлаар ажиллаж байсан Т.Баасансүрэн гуай Ерөнхий сайд С.Батболдыг хэвлэлээр хатуу шүүмжилж, удалгүй ажлаа өгсөн гэдэг. 90 жилийн түүхтэй, Монгол Улсыг гадаадад таниулах зорилготой энэхүү томоохон агентлаг юуны учир менежментийн хувьчлалын хууль бус “шуурганд” өртсөнийг эздээс нь өөр хэн ч мэдээгүй байгаа гэх.

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдах гэж бужигнаж байх зуур “сэмхэн” хувьчилчихсан бололтой гэж хардах хүн ч байна. 1921 оны долдугаар сарын 19-ний өдөр Монта буюу Монголын цахилгаан мэдээ нэртэйгээр байгуулагдаж байсан Монгол Улсын ууган мэдээллийн байгууллага хэн нэгний гараар ороод ингээд дуусч байгаа хэрэг үү. Анх монгол, орос хэлээр мэдээллээ цацаж эхэлсэн МОНЦАМЭ Ази Номхон далайн орнуудын мэдээллийн агентлагуудтай байнга мэдээлэл солилцож, дэлхий нийтэд эх орноо сурталчлах ажлыг өргөн хүрээнд хийдэг байсан гэх түүх л үлдэж байх шиг. ОХУ-ын Итар Тасс, Риа Новости, Их Британийн Ройтерс, БНХАУ-ын Синьхуа, Энэтхэгийн ПТИ, Японы Киодо Цушин, БНСУ-ын Ёнап, Монголын МОНЦАМЭ гэж байсан даа. Энэ мэдээлэл үнэн эсэхийг хэлэх хүн олдсонгүй. Арай төрийн нэгэн агентлагийг хувь хүн хувьчлаад суучихаагүй байлгүй дээ.

Э.ТУУЛ
Эх зурвалж: Монголын мэдээ сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж